Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонирхогчдын парламент

Ардчилсан хувьсгалаар нийгмийн бүхий л харилцаа үндсээрээ өөрчлөгдөж, тэдгээрийг зөвхөн хуулиар зохицуулдаг байх сонголтыг монголчууд 1990 онд хийсэн. Тиймээс ч 22 жилийн өмнө төрийн эрх барих дээд эрхийг зөвхөн УИХ буюу хууль тогтоогчдод олгосон билээ. Монголчууд төлөөлөл болгон 76 гишүүнийг сонгож, тэдний баталсан хуульд үг дуугүй захирагдахаа хүлээн зөвшөөрсөн хэрэг. Харамсалтай нь хууль ноёрхсон ардчилсан нийгмийг бүтээх үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулах ёстойгоо хууль тогтоогчдын олонх нь төдийлэн ухамсарлахгүй байх шиг. Хатуухан хэлэхэд, санаатай болон санамсаргүйгээр УИХ-ын гишүүний нэр төрийг дэндүү өөрөөр төсөөлж, тэс өөр бодол, зорилго өвөртөлж очсон хүмүүс тэнд цөөнгүй байна. Тиймээс ч тэднийг “сонирхогчдын парламент” гэж цоллов. Хууль баталдаг, баталснаа хоёр хоноод өөрчилдөг, хорь хоносны дараа дахин барьж авч “хутгаа билүүдэг” үзэгдэл Монголын парламентын үндсэн төрх болов. Алдаатай, “асуудалтай” хууль байгаа бол засаж, залруулах нь зүйн хэрэг. Гэхдээ манай хууль тогтоогчид баталсан хуульдаа хэтэрхий ойр ойрхон гар хүрч байна. Энэ бол өндөг шиг өөгүй хуультай улс болохын тулд хуулийнхаа “бөөсийг нь түүж” байна гэж ойлгохоос илүүтэй Монголын парламент муу ажиллаж байгаагийн тод илрэл.

Ээлжит бус чуулганаас оруулж ирсэн таван хууль хамгийн ойрын жишээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль нэртэйгээр анх удаа батлагдсан ч 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2012 онд “мэндэлсэн” Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хөрөнгө оруулалтын орчныг зохицуулж байсан юм. Ниргэсэн хойно нь хашгирахын үлгэрээр “Айвенхоу майнз”-ын охин компани “Саус гоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа 60 хувийг хятадуудад 889 сая ам.доллараар зарахын даваан дээр стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг эргэж харсан нь тэр. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль мөн л дээрхтэй адил. 2010 онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуультай болж, Ашигт малтмалын тухай хуулийг шинээр баталж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Энэ нь 2010 оноос хойш буюу бараг гурван жил гаруйн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй гэсэн үг. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон учраас дээрх хуулийг оруулж ирсэн хэрэг. Харин алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэхийг зорьж буй хуулийн төсөл илүү сонирхолтой түүх дагуулж буй. 2006 онд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай буюу 68 хувийн татварын хууль баталж, 2009 онд хүчингүй болгосонтой энэ бүхэн холбоотой.

Ийнхүү татварын дарамт, дээрээс нь “Урт нэртэй” хуулиас болж алтны худалдаа үндсэндээ далд хэлбэрт шилжсэн учраас Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль санаачилжээ. 2011 оны “бүтээл” “Урт нэртэй” хууль батлагдсанаасаа хойш дуулиан дагуулсаар өнөөдөр “гар хүрэхдээ” тулчихаад буй. Энэ мэт жишээг өнгөрснөөс ч, ирээдүйгээс ч харж болохоор. Ядахнаа л Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль нь Ерөнхий сайд солигдох бүрт “хөдөлдөг”. Амьдрал баян нь үнэн. Асуудал ар араасаа урган гарах нь жам. Гэвч хууль батлахад хэнэггүй хандаж хэрхэвч болохгүй. Олонхиороо шийдвэр гаргадаг парламентын олонх нь “сонирхогч” байж, сонирхогчдын түвшинд ажиллаж байгаа болохоор ийн онцлов. Юуны түрүүнд “сонирхогчдын” парламентын бүрэлдэхүүн нь сонирхол татахуйц байгаа юм. Учир нь парламент судлалд хууль тогтоох байгууллагын мэргэшсэн, мэргэжлийн байдлыг илэрхийлэгч гол түлхүүр нь таслал, цэгээ хаана тавихаа мэддэг мэргэжлийн хуульч, төсөв мөнгөө гадарладаг биш доторлодог эдийн засагч нар байдаг аж. Өөрөөр хэлбэл, тамирчин, бизнесмен, сайн дурынхан УИХ-д үгүйлэгддэггүй гэсэн үг.

Улсын Бага Хурлын гишүүдийн 50 хувь нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй байсан нь хамгийн өндөр үзүүлэлт бол энэ удаагийн парламентад эдгээр мэргэжилтэй хүмүүс 30 гаруйхан байна. Намын жагсаалтаар орж ирэх парламентчдад өндөр шалгуур тавьж яагаад болохгүй гэж. Мөн парламент мэргэжлийн бус байхад жендерийн асуудал нөлөөлж байгаа бол түүнийг ч бас яагаад “буцааж” болохгүй гэж. Гэхдээ өдгөө гурвантаа сонгогдоод буй Б.Бат-Эрдэнэ аваргыг туршлагатай парламентч гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Р.Гончигдорж, С.Баярцогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гээд мэргэшсэн парламентчдын үгийг сонсох л хэрэгтэй. “Нэмэгдэхүүний байр өөрчлөгдөхөд нийл бэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэсэн дүрэм ганц математикийн шинжлэх ухаанд хамаардаггүй бололтой. Учир нь манай парламентчид хуулийг зангидах зүйлгүйгээр, шууд л баталдаг нь чанаргүй олон хууль төрүүлж байна. Өөрөөр хэлбэл аливаа хуулийг хэлэлцэхдээ тухайн салбар, чиглэлд баримтлах тулгуур бодлого, үзэл баримтлал, үндсэн чиглэлд үнэндээ ач холбогдол өгдөггүй. Тиймээс ч бодлогын баримт бичиг гэхээр зүйл тун цөөн. Байгаа хэдийгээ ч хайхрах нь бараг үгүй. Тэгэхээр цагийн шалгуур даахгүй хууль төрүүлдгийн шалтгаан “сонирхогч” илүү жин дарсан парламентын чадамжтай холбоотой гэж хэлж болно.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.