Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сугарын сүүлчийн хорогдох газар нь ҮХЦ болоод байна

Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй халхавч дор толгой хорогдож байгаа Д.Сугарыг гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох боломжгүй болоод байгаа. Төрийн өмчийн компаниудын удирдлага, өмч хувьчлалтай холбоотой олон хэрэгт Дуламын Сугар гэх хүний нэр холбогддог ч түүнд ҮХЦ-ийн гишүүнээсээ түдгэлзэж, шалгуулах зориг дутан хуулийн халхавч дор сууна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн үг бий. Хэзээ нэгэн цагт түүний ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал дуусгавар болно. Тэр цагт хуулийнханд түүний холбогдсон хэрийг шалгах боломж олдох нь мэдээж.

Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, төрийн үнэ цэнэтэй объект, компани, байгууллагыг хувьчлахдаа нутаг, нуга, танил тал найз нөхдөд өө олгодог байсан тухай баримт хууль хяналтын байгууллагынханд хангалттай цуглаад буй гэх. Түүний холбогдсон хэргээс нэгийг нь шүүхээр шийдвэрлэж, гэм буруутай хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгээд буй нь МИАТ-ын удирдлагатай холбоотой мөнгө угаасан үйлдэл.

Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын Япон дахь зөвл өхөөр томилогдож, цалин авч байсан баримт байдаг. Ингэхдээ Япон, БНСУ-ын өндөр зиндааны хүмүүс амьдардаг хороололд хувийн орон сууц худалдан авсан, гэрээ хийж түлхүүрээ гардаж буй зураг нь нотлох баримт болж хэвлэлд гарсан билээ. Дээрх орон сууцыг худалдан авах мөнгийг МИАТ-ын экс удирдлага “угаасан” мөнгөнөөсөө шилжүүлж байсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа юм. Тэрбээр “Хуулийн байгууллагынхан намайг нэг ч удаа дуудаагүй, дуудвал дуртайяа очно” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Гэвч МИАТ-ын гэх хэрэгтэй холбоотойгоор нэг ч удаа тайлбар өгөөгүйгээр барахгүй, Цэцийн гишүүний халдашгүй байдал нь түүнд том хамгаалалт болоод байна. Сүүлийн үед олны анхаарлын төвд буй түүний холбогдсон нэг хэрэг нь “Хадгаламж” банкны хувьчлал, “Жаст” группийн удирдлагатай холбоотой явдал. Тэрбээр энэ хэрэгт хуулийн байгууллагад тайлбар өгөхийн зэрэгцээ өөрийнхөө холбогдсон өмнөх хэрэг юу болж буйг УМБГ-ын удирдлагаас тодруулаад амжсан гэх мэдээлэл бий. Гэвч тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “Жаст”-ын хэрэгт тайлбар өгсөн удаа байхгүй, би энэ хэрэгт хамаагүй” гэж ярьж буй нь үнэнд нийцэхгүй. Хэдийгээр “Хадгаламж” банкны хувьчлал “Жаст”-ын хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн ч төрийн өмчийн байгууллагын хуудуутай хувьчлалтай түүний нэр уяатай явдаг нь ёс мэт болсон. Тухайлбал, Улсын цирк, “Говь” компанийн хувьчлал, “Монголросцветмет”-ийн мэдэлд байсан Баян-Өлгий аймаг дахь Асгатын мөнгөний орд гээд хуудуутай хувьчлал бүхэнд Д.Сугарын нэр дуулддаг.

Харин тэрбээр өөрийгөө энэ бүгдэд огт хамаагүй тухай хэвлэлд ярилцлага өгөөд ҮХЦ-ийн гишүүн гэх зөөлөн суудалдаа шигдээд сууж буй. Улсын ерөнхий прокурорын зүгээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ҮХЦ-д тавьж байсан ч Цэцийн гишүүд хамгаалсаар үлдээсэн. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Миний хувьд баахан хэрэг тарьчихаад Цэцийн ард нуугдаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. Миний эрхийг баталгаатай хамгаална гэсэн итгэл үнэмшил бүрдэх юм бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзах эр зориг надад байна. Би зарим хүний бодоод байгаа шиг баахан хэрэг тарьчихаад, ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх, хамгаалалтын ард нуугдаж суугаа хулчгар, үл бүтэх амьтан биш. Ямар ч гэсэн нэрээ цэвэрлээд, энэ бүхнийг даваад гарна” гэжээ. ТӨХ-ны дарга асан, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар үнэхээр гэм зэмгүй юм бол бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг тагнуул, туршуул гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс хальж, хэвлэлээр цацагдсан.

Ц.Элбэгдорж тухайн үед иргэний зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад гэм буруугүй гэдгээ тогтоолгож байсан. Улмаар УИХ, Засгийн газарт олуулаа болоод ирнэ хэмээгээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ орхиж байсан удаатай. Д.Сугарт иргэний зориг байгаад, эрх мэдлийн халхавч хэрэггүй юм бол ингэж нэрээ цэвэрлэх боломж байгаа шүү дээ. Нэр хугарахаар яс хугар гэдэгсэн. Хуудуутай, хууль бус үйлдэл болгонд шахуу нэр холбогдоод байгаа Д.Сугар баяжаад сүйд болсон зүйл алга хэмээсэн удаа ч бий. Гэхдээ л чамгүй хөрөнгөжсөнийг, бага бус хэмжээний мөнгөөр нисдэг тэрэг хөлөглөн Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадамд очсоныг зураг хөрөгтэй нь хэвлэлээр нийтэлсэн удаатай.

Сүүлийн таван жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад өв залгамжилсан хөрөнгө гэх юм түүнд алга. Өөрийнх нь нэр дээрх хоёр ч компани дүрмийн сандаа ч хөрөнгөгүй, хувьцаа ч үгүй гэдгээ мэдүүлсэн байна лээ. Гэтэл нисдэг тэргээр наадам хэсэх мөнгө хаанаас олов гэдэг нь нэг хэсэгтээ л хэвлэлийнхний бай болсон. Д.Сугар үнэхээр цэвэр хүн юм бол сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байгаа мөнгөний хэргүүдээ шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихаж болмоор.


 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.