Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шалгалтын шалгуурыг өндөрсгөсөн нь төрийн албыг чадавхижуулах зорилготой

 Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг шинэ журмаар авч эхэлжээ. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, Төрийн албаны зөвлөлийн (ТАЗ) ахлах референт, Төрийн албаны Мэргэшлийн шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга Т.Сосорбарам нартай ярилцлаа.

-Өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг шинэ агуулгаар авснаар олон хүн хангалтгүй дүн үзүүлсэн гэсэн яриа байна. Шалгалтын үйл явц, агуулгад ямар өөрчлөлт орсон бэ?

-Нэлээд өөрчлөлт орсон. Өмнө нь ямар ажлын байранд шалгуулахаас үл хамааран хуулийн 60 асуултаар шалгалт авдаг байсныг иргэд, төрийн байгууллага, судлаачид шүүмжилдэг байв. Тиймээс ТАЗ-ийн даргын тушаалаар шалгалтын журмыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулж, шинэ журмаа өнгөрсөн тавдугаар сард батлан, долдугаар сараас мөрдсөн. Төрийн албан хаагч иргэдэд үйлчилдэг учраас тодорхой хуулиудыг мэдэж байх ёстой. Тиймээс 60 асуултын 40 нь зайлшгүй мэдэх шаардлагатай гол 40 хуулиас орно. Үлдсэн 20 асуултын 10 нь Монгол Улсын төрийн байгуулалт, түүх, соёл, байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх ерөнхий мэдлэг шалгах тест. Үлдсэн 10 асуултаар логик сэтгэлгээг шалгаж байгаа. Энэ шалгалтын босго оноо нь 60 хувь буюу 36 оноо. Босго оноог давсан хүмүүс ур чадварын шалгалтад орно. Энэ нь албан хэрэг хөтлөлт, монгол хэлний болон мэдээлэл технологийн мэдлэг гэсэн хоёр хэсэгтэй. Төрийн албан хаагчид монгол хэлээ муу мэдэж байна, зөв бичих чадвар муу байна гэдэг асуудал суманд хүртэл яригддаг.

Их, дээд сургууль төгссөн, шалгалтад өндөр оноо авсан хүмүүс хүртэл ихээхэн алдаатай бичиж байгаа нь үнэн. Тиймээс Засгийн газрын тогтоол гарч, ажлын байрны шаардлагад монгол хэл бичгийн мэдлэг, чадварыг оруулахаар заасан. Хоёр дахь шалгалтад 15 асуултаас есөн оноо авч тэнцэх ёстой. Харин мэдээлэл технологийн шалгалтад босго оноо байх шаардлагагүй гэж үзсэн. Эцэст нь мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох ярилцлагын шалгалт өгн ө. Гурван гишүүнээс бүрдсэн Ажлын хэсэг тухайн хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, ажлын байр, төрийн албаны болон салбарын чиглэлийн мэдлэгийг шалгаад, тус бүртээ оноо тавих бөгөөд уг оноонуудын голчоор үнэлнэ. Нийт 15 оноотой. Шалгалтуудын нийлбэр оноо 60-аас дээш байх ёстой юм. Өөрөөр хэлбэл төрийн албаны мэргэшлийн шалгалтын босго өндөрссөн. Өмнө нь шалгалтад орж буй хүмүүс ТАЗ-өөс гаргасан тестийн номыг цээжлээд, заримыг нь таах аргаар тест бөглөөд тэнцчихдэг байсан бол дээрх өөрчлөлтүүд орсноор тэнцэж буй иргэдийн тоо 10 орчим хувь болж буурсан. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 4-нд болсон шалгалтад 940 хүн 58 албан тушаал, 77 сул орон тоон дээр өрсөлдсөнөөс ердөө 90 гаруй хүн тэнцсэн.

-Тэгвэл шаардлагатай орон тоог нөхөж чадахгүй байна гэсэн үг үү?

-Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг нөөц бүрдүүлэх гэж бус, сул орон тоог нөхөх зорилгоор авдаг. 2009 оноос өмнө жилд нэг удаа шалгалт авдаг байсан. Тэр үед шалгалт өгөөгүй хүнийг төрийн албанд авч болох хуулийн заалттай байсан учраас тэр. Харин 2008 онд уг заалтыг өөрчилж, сул орон тоонд заавал шалгалт өгсөн хүнийг авахаар зааснаар шалгалтыг тухай бүрт нь авах болсон. Есдүгээр сард зохион байгуулсан шалгалтаар зарласан ажлын байрны 30 хувь нь нөхөгдсөн. Энэ бол байдаг л үзүүлэлт. Хуучин журмаар авч байсан шалгалтаас үзүүлэлт нь буураагүй. Мөн шалгуулж буй иргэдийн тоо нэмэгдсэн. Шинэ журмаар авсан шалгалтад олон хүн орсон ч олноороо тэнцээгүй нь журам хэт хатуу чанга болсон юм шиг ойлголт төрүүлээд байх шиг байна. Нөхөгдөөгүй ажлын байран дээр дахиад шалгалт зарлана.

-Ямар ажлын байрууд нөхөгдөхгүй байна вэ?

-Нийслэлийн хувьд яг тийм ийм гэж хэлэх зүйл байхгүй. Шаардлага багатай буюу даргын туслах гэх мэт ажлын байран дээр олон хүн бүртгүүлсэн байхад нарийн мэргэжил шаардсан, ажлын туршлага заасан ажлын байрны 10-20 хувьд огт хүн бүртгүүлээгүй байх жишээтэй. Тухайлбал, Авто тээврийн газрын инженерийн орон тоон дээр хүн бүртгүүлээгүй. Тэгсэн хэрнээ эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр маш олон хүн бүртгүүлсэн байна. Хөдөө орон нутагт зарим ажлын байр огт нөхөгдөхгүй байгаа. Тухайлбал, аймгийн Эрүүл мэндийн газруудад хүний их эмч мэргэжилтэй хүн авъя гэж зарлаад ирдэггүй. Суманд дээд мэргэжлийн малын эмч, мал зүйчийн ажлын байр нөхөгдөхгүй байх жишээтэй. Тиймээс бид аймаг, сумдад ямар мэргэжлийн орон тоо нөхөгдөхгүй байгааг судалж, оны эцэст Засгийн газарт асуудал тавихаар төлөвлөж байгаа.

-Нийслэлээс орон нутагт ажиллах боломжийг шинэ журамд тусгасан гэсэн. Тэгэхээр орон нутаг дахь сул орон тоог нөхөх гарц гарч ирж байгаа юм биш үү?

-Хуучин журмаар тухайн хүнийг байнгын оршин суугаа газрынх нь хаягаар бүртгэдэг байсан. Тэгэхээр Улаанбаатар хотын хаягтай хүн хөдөө байгаа сул орон тоон дээр бүртгүүлэх боломжгүй. Энэ нь Үндсэн хууль, хүний эрхийг зөрчсөн асуудал байсан тул журамд өөрчлөлт оруулсан. Тухайн иргэн шалгалтад тэнцээд тийм аймгийн, ийм ажлын байранд очиж ажиллана гэсэн хүсэлтээ гаргасан тохиолдолд орон нутагт шалгалт өгөхөөр бүртгүүлж болох талаар шинэ журамд заасан.

-Шалгалтад шинээр орсон логик сэтгэхүй, монгол хэл, мэдээллийн технологийн асуултыг хэрхэн боловсруулсан бэ?

-ТАЗ-ийн даргын тушаалаар сорил боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүдэд тухайн салбарын эрдэмтэн докторууд, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс багтсан. Тэдэнтэй гэрээ байгуулахдаа тест нь төрийн жинхэнэ албан хаагч болох гэж байгаа иргэнд зориулсан байх, сорилын түлхүүр буюу эх сурвалж тодорхой үндэслэлтэй байх, боловсруулсан сорилыг өөрөө бүрэн хариуцах ёстой гэсэн шаардлага тавьсан. Шалгалт өгөх асуултыг цахимаар сонгоно. Он гараад тестээ нэмж, баяжуулна.

-Иргэдээс цахим шалгалтын талаар гомдол хэр ирж байна вэ?

-Энэ сарын 7-нд Хөвсгөл аймагт цахим шалгалт зохион байгуулснаар орон даяар цахим системд бүрэн шилжиж дуусна. Цахимаар шалгалт авах болсноор шалгалтын зар манай вэб хуудсанд тавигдсанаас эхлээд тухайн ажлын байранд хэн гэдэг, хэчнээн хүн бүртгүүлсэн, хэд нь тэнцэж, ямар оноо авсан гээд бүх мэдээлэл, үйл явцыг хөндлөнгөөс хянах боломжтой боллоо. Хоёрдугаарт, шалгалтын тестийг хэдэн өдөр, цагийн өмнө бус, шалгалт өгөх гэж буй хүмүүсийн нүдэн дээр, яг тухайн цагт дэлгэцэн дээр үүсгэж буй тул тест задарна гэсэн ойлголт алга болсон. Эцэст нь шалгалтын дүнг систем өөрөө тооцоолж, тухайн хүний компьютрийн дэлгэц болон манай вэб сайт руу мэдээлнэ. Мөн дараа нь цахим шалгалт өгсөн иргэдийн мэдээллийг хайж үзэх боломж бүрдсэн. Хүний оролцоог ингэж арилгасан учраас иргэдээс гомдол, зарга ирэхээ больсон. Харин сүүлийн шалгалтад орсон зарим хүн түүхийн асуулт асуулаа, эмхтгэлд оруулсан тестээсээ оруулсангүй гэж байсан. Түүхийн асуулт ердөө хоёр байгаа бөгөөд мэдвэл зохих наад захын асуулт л орсон.

Харин монгол хэлний шалгалт авлаа гэж нэг ч хүн эсэргүүцээгүй. Маргалдах зүйлгүй болохоор хүмүүс ярилцлагын шалгалтад анхаарч эхэлж байна. Тиймээс бид ярилцлагын шалгалтын асуултуудаа сайжруулах хэрэгтэй болж байгаа. Мэдлэг, зан үйл тодорхойлох асуултыг цахим хэлбэрт оруулсан. Удирдах ажилтны ярилцлагын шалгалтын асуултыг цахим хэлбэрт оруулан авч байгаа. Анх орох иргэдийн ярилцлагын шалгалтыг мөн ийм хэлбэрт оруулахаар туршиж үзсэн. Болох юм билээ. Ярилцлагын асуултыг цахим систем дэлгэцэн дээр гаргаж, тодорхой хугацаанд уг асуултуудад хариулах ёстой. Тухайн хүний ярилцлагыг дуу хураагуураар бичиж авдаг. Шалгуулагч ярилцлагын шалгалтын дүнгээ хүлээн зөвшөөр өхг үй бол бичлэгийг нь хөндлөнгийн шинжээчээр шинжүүлэх боломжтой. Гэхдээ ярилцлагын шалгалтын дүнгийн талаар гомдол гаргасан хүн гараагүй байна. Хөдөө орон нутагт техникийн боломжгүй учраас билет сугалуулах замаар асуулт тавьж байгаа.

-Өмнө нь ТАЗ-өөс гаргадаг байсан тестийн эмхтгэл номыг дахин хэвлэх үү. Хэвлэвэл монгол хэл, логик, түүхийн шинэ тестүүдийг оруулах уу?

-Эмхтгэлийг аравдугаар сард гаргана. Оруулах тестүүдийг ТАЗ-ийн удирдлагын хүрээнд ярилцаж шийдвэрлэнэ. Хуулийн тестүүд бүгд орно. Монгол хэлний мэдлэг, баримт бичиг хөтлөх, сэтгэхүйн чадварыг шалгах тестийг бүгдийг оруулахгүй болов уу. Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан зөв бичих 700 үг, баримт бичгийн стандарт зэргийг оруулах байх. Сэтгэхүйн тест үүд нэлээд боломжийн, V-VII ангийн хүүхэд ч хариулчих хэмжээнийх. Тиймээс ижил төстэй бодлогуудыг баримжаа болгож оруулах байх. Шалгалтын шалгуурыг өндөрсгөс өн нь төрийн албыг чадавхижуулах зорилготой юм. Нөгөө талаар төрийн алба хаших гэж буй хүмүүст “Би юм унших ёстой юм байна. Өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай болж” гэсэн сэдэл төрүүлэхийг хичээж байгаа.


Р.Оюунцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.