Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2013 оныг Надалийн шилдэг улирал гэж үзэх 7 шалтгаан

Энэ жил испани теннисчин Рафэаль Надалийн хувьд шилдэг нь байлаа гэж дүгнэх мэргэжилтэн олон байна. Нэг улиралд Их дуулгын гурван түрүү авсан шигээ амжилтыг тэр үзүүлээгүй л дээ. Гэхдээ өөр бусад зүйлээрээ ингэж үнэлэгдсэн юм. Яагаад ингэх болсныг одоо тайлбарлая.

ТОП 10-ын эсрэг хийсэн тоглолт

Рафаэль чансааны дээгүүр бичигдсэн тамирчидтай сайн тоглодог уламжлалтай. Гэхдээ энэ жилийнх бүр онцгой байлаа. Тодруулбал, чансааны эхний 10-т жагссан теннисчидтэй 18 удаа тулж, 17-д нь (94.1 хувь) ялалт байгуулсан байна. Өнгөрсөн жил 11-2 үзүүлэлттэй байсан нь түүний шилдэг амжилт аж.

Чансаа

Надаль шинэ улирлыг сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн бага рейтингтэйгээр эхэлсэн. Тэрбээр 2005 оноос хойш анх удаа ТОП 4-өөс хойш бичигдсэн юм. Гэвч улирлын төгсгөлд тэр Жоковичийг гүйцэн дэлхийн чансааг өнгөлж эхэллээ. Өнгөрс өн долоон сарын хугацаанд тэр 11.010 оноо цуглуулжээ. Австралийн Их дуулга, Майамигийн нээлттэй тэмцээнийг өнжиж, “Уимблдон”-ы эхний тойргоос хасагдсан хэрнээ ийм оноо авна гэдэг үнэхээр гайхалтай. Хэрвээ эдгээр тэмцээнд сайн тоглосон бол 5000 оноо авах боломжтой байсан гээд бод доо. Гурван Их дуулга хүртсэн 2010 онд тэрбээр 12450 оноотойгоор улирлыг дуусгаж байв. Гэхдээ тухайн үед испани залуу бүх тэмцээнд алгасалгүй оролцсон билээ.

Надаль VS Жокович

2011 онд Жокович Надалийн “шүдний өвчин” болж байлаа. Тэр жил хоёр теннисчин хоорондоо зургаан удаа тоглоход серб залуу бүгдэд нь хожсон. Үүний дараа Рафаэль түүний эсрэг тоглох арга барилаа өөрчлөхөөр шийдсэн гэдэг. Ингээд өнгөрсөн жил шинэ арга барилаараа түүнийг гурав ялж, ганцхан удаа дийлдсэн юм. Өнөө жил ч бас хоорондын дуэльд 3:1-ээр тэр илүүрхэж байна. Эхлээд Монте Карлогийн тэмцээнд ялагдсан ч дараа нь “Ролан Гаррос”, “US Open” гэсэн хоёр гол тэмцээнд хожиж чадсан. Одоо тэрбээр хатуу хучилттай талбайд ч гол өрсөлдөгчөө ялж чаддаг болжээ.

Хатуу хучилттай талбай

Надаль теннисний түүхэнд үлдэх агуу тамирчдын нэг хэдий ч хатуу хучилттай талбайд тааруухан тоглодгийг бид мэднэ. Тэгвэл испани эр уйгагүй бэлтгэлийн үр дүнд энэ сул талаа засч чаджээ. Энэ жил Монреаль, Цинциннати, “US Open” гэсэн хатуу талбайд болдог гурван тэмцээнд дараалан түрүүлснээс нь үүнийг харж болно. Хамгийн сүүлд 2003 онд Э.Роддик ийм амжилт үзүүлсэн бөгөөд “US Open”-д таван удаа өнгөлсөн агуу Федерер хүртэл ийм гурвалсан түрүү хүртэж байгаагүй юм. Одоогоор Надалийн хатуу хучилтат талбайд байгуулсан ялалтын цуврал 22-д хүрээд байна.

Цом

Тэрбээр гэмтлээ эдгээн тоглож эхэлснээс хойших долоон сарын хугацаанд 10 цом хүртжээ. 10-аас дээш цом авсан улирал түүнд ганцхан байдаг нь 2005 он (11 түрүү) юм. Энэхүү 10 түрүүнээс хамгийн чухал нь мэдээж Франц, Америкийн Их дуулгынх.

Шагналын мөнгө

Тэрбээр энэ жил шагналд авсан мөнгөнийхөө тоогоор өөрийн рекордыг эвджээ. 2010 онд испани эр 10.171.998 “ногоон” өвөртөлж байсан бол энэ улиралд 10.448.869-ыг шагналд авсан юм. Жоковичийн хувьд энэ жил 12 саяыг өөрийн болгосноор энэ үзүүлэлтийг тэргүүлж яваа. Гэхдээ улирал өндөрлөх хараахан болоогүй байна. Үлдсэн хугацаанд Надаль серб теннисчнийг гүйцэх ч юм билүү.

Тоглолтын чанар

Сайн тоглолтгүйгээр энэ бүх амжилт ирэхгүй нь тодорхой. Тэгвэл Надалийн тоглолтын чанар тун өндөр байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Тэрбээр ид гарч байсан үеийнх шигээ бөмбөг бүрийн төлөө улайран зүтгэж, өрсөлдөгчдөө нэг ч оноог хялбар алдахыг хүсэхгүй байгаа. Хамгийн гол нь түүний давуулалт эрс сайжирсан нь энэ бүх амжилтын үндэс болжээ.

Ийнхүү хүнд гэмтлийн улмаас теннисний кортноос түр хөндийрч, өрсөлдөөний гадна үлдээд байсан Рафаэль Надаль тун эрчтэйгээр эргэн ирлээ. Түүний супер амжилтууд ирэх жил ч үргэлжлэх биз ээ.

 

Г.Баярсайхан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.