Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Одонтуяа С.Эрдэнэ сайдыг шүүхэд өгчээ

 -Ахмадын эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт өчигдрөөр дуусаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 183.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан байна. Тэдний 24 хувь нь тав хүртэл, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болсон аж. Тэдний 28 хувь нь 40 хүртэлх, 60 хувь нь 40-55, 12 хувь нь 55-аас дээш насныхан байсан гэсэн статистик мэдээ гарчээ. Энэ талаар сайд “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос олгоно. Гэхдээ хүсэлт гаргасан иргэдийн 12 хувь нь л 55-аас дээш насныхан байгаа учраас он гармагц тэтгэврээ нэмж тооцуулах хүн цөөн гэсэн үг. Огт тэтгэвэр тогтоолгоогүй иргэний хувьд нөхөн тооцуулсан хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дараа ажилласан хугацаанд нэмж тооцно” гэлээ. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа С.Эрдэнэ сайдыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна.

1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргаж байсан. Тэдний ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой хэмээн С.Одонтуяа гишүүн үзсэн аж. Хэрэв шүүхээс түүний зөв гэсэн шийдвэр гарвал хуульд хамруулах хүний тоо 583 мянга болж өсөх юм байна. Мөн Олон улсын ахмадын эр хийг хамгаалах өдөр тохиосонтой холбоотойгоор салбарын сайд Монголын нийт ахмаддаа баярын мэнд хүргээд Засгийн газраас Ахмадын эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж буй, энэ намрын чуулганы хугацаанд багтаан өргөн барина гэдгээ дуулгалаа. Тэрбээр “Бид хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн талаар их ярьдаг. Гэтэл гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд хамгийн их өртдөг нэг хэсэг нь ахмадууд байдгийг судалгаагаар тогтоосон. Тэтгэвэрт гарсан цагаас нь ахмадуудад үр хүүхэд болон бусдын хандах хандлага өөрчлөгддөг, тэд гэрийн асрагч, нэргүй зарц болж хувирдаг. Сэтгэл санааны асар их дарамтад амьдардаг. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин алга. Дээрх хуулиар ээж, ааваа асардаггүй үр хүүхэд, албан байгууллагад тооцох хариуцлагыг тусгана” гэлээ.

 

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.