Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ

 Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн ирэх сарын 1-15-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдох билээ. Үүнтэй холбогдуулан “Таван цагариг” ДАШТ-ий үүх түүх, оролцогчдын тухай сонирхолтой баримтуудыг толилуулъя.

Анхдагч нь Ж.Гэрэлчулуун

Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын шигшээ тэмцээнд оролцох боломж манай бүсгүйчүүдэд XX зууны төгсгөлөөр олдсон. Тодруулбал 1999 онд Якутскт зохиогдсон ДАШТ-д спортын мастер Жавзангийн Гэрэлчулуун Ази тивийг төлөөлөн оролцож, тавин хувийн амжилт үзүүлсэн юм. Тэрбээр есөн өрөг тоглохдоо гурав хожиж, гурав тэнцэн, мөн гурвантаа хожигдсон амжилтаар 9 оноо авч, нийт 20 тамирчнаас 11-р байр эзлэн, Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны мастер цолны болзлыг биелүүлжээ.

Түүнээс зургаан жилийн дараа Италийн Латронико хотод болсон 20 дахь удаагийн ДАШТ-д улсын гурван удаагийн аварга, спортын мастер Мижгээгийн Хишигбаяр оролцож, 11 өргөөс 5 онооны амжилт үзүүлсэн байна. Улмаар 2007 онд Сахагийн Якутск хот тус тэмцээнийг хоёр дахь удаагаа хүлээн авахад ДДХМ Сандуйн Саранцэцэг оролцож, 15 өргөөс 10 оноо авчээ. Тэрбээр тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн хойд хөршийн Марта Даниловатай тэнцсэн ч 4-8-р байр эзэлсэн З.Голубева (Латви), И.Пашкевич (Беларусь), Е.Мильшина (ОХУ), М.Ноговицына (ОХУ) нартай тун хангалтгүй тоглосон юм.

Нийт шагналын сан 22 мянган евро

Тэмцээний нийт шагналын сан 22 мянган евро (үндсэн тэмцээн 20.000, түргэн тоглолт 2000) бөгөөд оролцсон бүх тамирчин үзүүлсэн амжилтаасаа шалтгаалж 400-5000-ыг “халааслах” аж. Тодруулбал түрүүлсэн тамирчин 5000, удаалсан нь 3500, хүрэл медалийн эзэн 2500, IV байрт 1500, V байрт 1000-г тус тус олгоно. Харин блиц болон рапид тоглолтын гурван байрт шалгарагсад 500, 300, 200 еврогийн шагнал хүртэх юм.

Түргэн тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ

ДАШТ-ий дүн мэдээ, дүрс бичлэг, зураг, эргэн тойрны мэдээллийг тэмцээний албан ёсны сайт www.http://ulaanbaatar2013.com, Дэлхийн даамын холбооны www.fmjd.org хуудаснаас авах боломжтой. Мөн Монголын Даамын Холбоо фэйсбүүк группт хандаж болно. Тэрчлэн аравдугаар сарын 3-нд болох блиц тоглолт (5 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус)- ын тэмцээнийг ETV телевизээр шууд дамжуулахаар болжээ.

Голубева чансааг тэргүүлсээр

Шигшээ тэмцээнд өрсөлдөх 16 тамирчныг төдийгүй дэлхийн чансааг манлайлж буй даамчин бол Латвийн Зоя Голубева. Энэ даамчин ДАШТ-ий 12 дахь түрүүгээ гурван жилийн өмнө хүртэж байсан ч бусад томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож буйнхаа ачаар дэлхийд ¹1 рейтингтэй хэвээр явна. Ингээд Монголд өрсөлдөх шилдгүүдийн чансааг толилуулъя.

Тоглогч                                              Чансаа

1.Зоя Голубева (Латви)                    2356

2.Дарья Ткаченко (Украин)              2332

3.Нина Хукман (Голланд)                 2318

4.Тамара Тансыккужина (ОХУ)       2314

5.Ольга Федорович (Беларусь)     2306

6.Матрена Ноговицына (ОХУ)        2284

7.Виктория Мотричко (Украин)       2252

8.Наталия Садовска (Польш)         2231

9.Лайма Адлайте (Литва)                2228

10.Аиына Собакина (ОХУ)              2227

11.Э.Мандахнаран (Монгол)           2193

12.Пирет Виирма (Эстони)              2145

13.Жао Ханчин (БНХАУ)                 2121

14.М.Нямжаргал (Монгол)              2079

15.Г.Алтанхуар (БНХАУ)                   –

16.М.Одгэрэл (Монгол)                     –

Хамгийн ахмад нь Н.Хукман

“Улаанбаатар 2013”-д оролцогчдоос хамгийн ахмад нь ДАШТ-ий таван мөнгөн медальт Голландын их мастер Нина Хукман. Украин гаралтай энэ даамчин энэ жил 49 насыг зооглож буй. Харин хамгийн залуу нь манай тамирчин, спортын дэд мастер Моломжамцын Одгэрэл. Өдгөө 15 настай тэрбээр өнгөрсөн хавар Узбекистаны Ташкент хотноо болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.

 

Р .Манлай

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.