Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАЙР СУУРЬ

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.

М.Сономпил: Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байж чадна

-Угаасаа энэ хуулиар хөрөнгө оруулалтын орчныг үндсээр нь өөрчлөх биш, тогтвортой болгохыг зорьж байгаа. Засгийн газар, УИХ солигдох тоолонд татвар өөрчлөгддөг. Энэ нь эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс ч энд дөрвөн татварын асуудал хөндөгдсөн. Салбар салбарт нь хөрөнгө оруулалт хийх хугацааг зааж өгөх замаар орчныг нь тогтворжуулъя гэж байгаа юм.

Энэ хуулийн төслийг дагалдаж орж ирсэн хуулиудад зөрчилтэй агуулга бий. Гэсэн хэдий ч энэ хуулийг баталж чадвал хөрөнгө оруулалтын орчинд урт хугацаанд, стратегийн бодлогын түвшинд тогтвортой байж чадна.

Л.Энх-Амгалан: Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжинэ

Өмнөх хуулиар дандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмждэг байсан. Харин энэ хуулиар дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжинэ. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдвал гаднын болон дотоодын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хөрөнгө оруулах итгэл үнэмшил сэргэж, орчин нь тогтворжино. Гэхдээ уг хуулийн амин сүнс болсон бодлого, зарчим бүтнээрээ хадгалагдах ёстой. Ингэснээр нэгдүгээрт, татварын тогтворжуулалт бий болно. Энэ хөнгөлөлт биш шүү. Хоёрдугаарт, татварын бус дэмжлэг гарч ирэх юм.

Энэ төрлийн хууль бусад орнуудад ямар жишигтэй байдаг вэ гэвэл нэгдүгээрт, татвар нь тогтворждог, хоёрдугаарт татварын бус хөнгөлөлт, дэмжлэг л байдаг. Энэ хоёр зүйлийг хийж чадвал хуулиар Монголын хөрөнгө оруулалтын орчныг өөрчилж чадна. Засгийн газраас зөвхөн дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар оруулж ирсэн. Түүнээс гадна Засгийн газрын оруулж ирсэн төсөл Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх нэртэй боловч Хөрөнгө оруулалтын тухай хууль биш. Тэнд хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих талаар тусгаагүй байсан.

О.Баасанхүү: Батлах гэж яараад байгааг нь ойлгохгүй байна

-Уг хуулийг маш нухацтай  хэлэлцэх шаардлагатай. Яагаад батлах гэж ингэж шуурхайлаад байгааг нь ойлгохгүй байна. Учир нь "Оюутолгой", "Эрдэнэт" зэрэг үндэсний хэмжээний том компаниуд дээрээс нь олигархиуд энэ хуулиар далимдуулж хуулийн гадна үлдэх магадлал  байгаа юм. Тиймээс хэд хэдэн зарчмын шийдэл гаргах ёстой. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын хууль гэж хэрлэх үү, Татварын тогтворжилтын хууль гэж нэрлэх үү гэдгийг шийдмээр байна. Хөрөнгө оруулалтын хууль гэвэл ямар салбарт хөрөнгө оруулж байгааг нь тодорхойлох ёстой. Гэтэл уул уурхай л яриад байх юм.

Ажлын хэсэг гаргаж, ард түмний саналыг авах ёстой. УИХ дээр одоо ажиллаж байгаа Ажлын хэсэг биш мэдлэгт суурилсан Ажлын хэсэг байх ёстой. Мөн "хөрөнгө оруулалтын тогтворжилтын гэрчилгээ" гэдэг зүйлийг бодох хэрэгтэй.  Тогтворжилтын гэрчилгээ гээчийг авснаар хөрөнгө тогтвортой боллоо гэж үзэх үү. 15 тэрбум төгрөг үнэндээ нэг л байшингийн мөнгө шүү дээ. Тэр гэрчилгээг нь авсан байлаа гэхэд ямар тохиолдолд хүчингүй болгох вэ гэдгийг тусгаагүй. Гэрчилгээний ард хууль бус хөрөнгө хууль ёсны болж харагдах вий гэж болгоомжилж байгаа юм. 

М.Батчимэг: Том татвар гэнэт гарч ирэхгүй байх баталгаа чухал

-Хуулийн төсөлд тогтворжуулахаар оруулж ирсэн дөрвөн төрлийн татвар нь нийт бизнес эрхлэгчдийн тушааж байгаа нийт татварын 60 шахам хувийг эзэлдэг. Тэгэхээр эдгээрийг тогтворжуулна гэдэг нь бизнесийн ерөнхий орчин тогтворжино гэсэн үг. Гэхдээ цаашид бизнест нөл өөлөх хэмжээний томоохон татвар гэнэт гарч ирэхгүй байх баталгааг уг хуулиар бий болгох нь чухал. Энэ талаар Ажлын хэсгийн түвшинд янз бүрийн шийдэл ярьж байгаа. Ерөнхийдөө тогтворжилт бий болгоход нааштай нөлөө үзүүлэх хууль гарахаар байгаа.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.