Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гялайх одгүй, “хулгайгаар” дүүрэн поп ертөнц

“Борооны дараах мөөг шиг олон хамтлагууд хаачив аа” гэх бодол зурсхийн толгойд буулаа. Саяхан л залуус “Камертон”, “Номин талст”, “Take off”, “Салхи”, “Сүнс”, “Нэгэн зүгт” гэсэн boyband-уудын дунд төөрч, хайрлаж, дурласан сэтгэлээ илэрхийлсэн харчуудын дууных нь нэрийг хольж сольж явлаа. Харин өнөөдөр тэр талбар эзнээ үгүйлэн, эзгүйрэн хоцорч.

Ойн тоглолтоо хийж, овоо хэдэн төгрөг халаасалсан “Камертон”-чууд энэ жил бас нэгэн тоглолтоор фэнүүддээ бэлэг барих гэж байна. Бэлэг барих ч гэж дээ. Үнэндээ таван жилийн хугацаанд ямар ч уран бүтээл туурвиагүй тэд шинэ дуу хөгжим үгүйлэгдсэн энэ талбарыг эзгүйчилж, ойн баяр нэртэйгээр олон үзэгч цуглуулан, “шоу хийх” гэж байгаа хэрэг.

Taylor swift -fifteen              Kiwi-i love you mom

Өнөөг хэр шинэ уран бүтээлийн сураг дуулгахаас цаашгүй суугаа тэднээс сонин, содон шоу үзүүлбэр хүлээнэ гэдэг юу л бол. Тэдний араас “Номин талст”-ынхан барууны хамтлагуудын жишгийг дагаж байгаагаа зарлан, бие даасан уран бүтээлд шамдахаар мөр мөрөө хөөсөн. Харамсалтай нь хамтлагийн ахлагч Д.Батсүх цуврал хэдэн клип, “Хотын хөгжим” нэртэй цомог гаргаад таг чиг. А.Хаянхярваа ч дуучин бүсгүйчүүдтэй хамтран хоёр гурван уран бүтээл гаргаснаас цаашгүй. Магадгүй энэ бас л барууны оддын жишиг байх.

Тэдэнтэй үе чацуу “Салхи”, “Сүнс”, залгамж халаа нь болон төрсөн “Take off”, “Нэгэн зүгт” зэрэг хамтлагууд байгаа, үгүй нь мэдэгдэхгүй явсаар сураг алдарсан тул тэдний тухай нэг бүрчлэн тайлагнах нь илүүц биз. Орон зайг нь эзлэхээр гарч ирсэн охидын хамтлаг ч хуруу дарам цөөн. Авууштай нь тэд шинэ уран бүтээл, клип, цомог, тоглолтын мэдээгээр үзэгч, уншигчдыг уйдаадаггүй. “Гурван охин” хамтлагийн шинэ клип өнгөрсөн долоо хоногт үзэгчдийн хүртээл болсон бол “Киви” хамтлагийнхны орон нутгаар хийж байгаа аялан тоглолт одоо ч үргэлжилсээр байна.

Харамсалтай нь тэдний шил шилээ даран гарч байгаа уран бүтээлүүд агуулгагүй, хэлбэр төдий байдаг нь үзэгч сонсогчдын дургүйцлийг төрүүлж, эгдүүг нь хүргээд байна. Үүний тод баримт гэвэл “Киви” хамтлагийн “I love you mom”, “Гурван охин” хамтлагийн “Тачих уу” дууны клип. Кантри дуучин Тэйлор Свифтийн дууны клипийг нэг бүрчлэн дууриалган хийсэн “Киви”-гийнхний шинэ бүтээлийн талаарх шүүмж интернэт хэрэглэгчдийн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байгаа бол түүний араас дуучин Бьонсийн клипүүдээс санаа авч, баяжуулан бүтээсэн “Тачих уу” хэл ам таталж эхэллээ.

Рокерууд ч тэднээс нэг их дээрдэхгүй. Дөрөвдүгээр сарын 9-нд ойн баяраа фэнүүдтэйгээ хамт тэмдэглэн, тоглолт хийдэг “Нисванис” хамтлагийнхан энэ удаад ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурсан. Энэ урсгалын шинэ давалгаа болсон “Lemons”, “A sound” ч сүүлийн үед нам жим. “Харанга”, “Хурд”, Б.Сарантуяа, Т.Ариунаа зэрэг рок попын акулуудад гавьяаных нь амралтыг өгч болох ч Э.Агиймаа, Т.Эгшиглэн, Б.Маралжингоо, ВХ, М.Нара нар юуны учир, хэнийг хүлээж ажлаа хойш тавина вэ. Үнэндээ үзье гэсэн ч тодорч онцгойрсон уран бүтээл гаргаад, тов хийсэн мэдээлэл өгч байгаа дуучин, хамтлагууд үгүй тул хөгжмийн нэвтрүүлгийн сэтгүүлчид хийх ажилгүй болох дөхөж байна. Монголын анхны хөгжмийн суваг хэмээгддэг “S music”-ийг нэг тогтоод үзээрэй.

Тэнд ёстой л сайн дурын уран сайханчдын санаа, ур хийц муутай бүтээлүүдээс өөр шинэ соргог зүйл харагдахгүй. Гялтайх сайхангүй, гялалзах одгүй Монголын рок попын ертөнц дэндүү бүүдгэр байна даа.

 

 

 

 

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.