Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрыг тойрсон “газар хөдлөлт”

УИХ-ын ээлжит бус чуулгантай зэрэгцэн шинэчлэлийн Засгийн газрын эргэн тойронд “газар хөдөлж” мэдэхээр нөхцөл үүсээд байна. Шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцох тухай шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд уржигдрын чуулган дээр уншиж танилцуулав. Ийм давалгаа зөвхөн МАН-аас биш, АН дотроос ч гарсаар багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл уг яриагаа МАН-ынхан ажил хэрэг болгохоор төлөвлөжээ. Энэ удаа тэд зөвхөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг биш, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөд өө аж ахуйн сайд Х.Баттулга нарыг “ханинд нь” огцруулах асуудал хөндөж магадгүй байна.

Хэлэлцэж буй төслүүд биш, огцруулах нь чухал

Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгалгүйгээр татах, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор шинэчлэлийн Засгийн газраас таван ч хуулийн төсөл өрг өн барьсан. Гэвч УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны явцыг харахад ажил хэрэгч байдал ажиглагдсангүй. Эдийн засгаа өөд татах гэхээсээ илүү Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах сонирхол, буруутныг олох гэсэн “эрэл хайгуул” л их байна. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд чуулганы хуралдаан дээр танилцуулсан дүгнэлтдээ “Монгол Улсын гадаад өр 15 тэрбум долларт хүрч, ДНБ-ий нэг жилийн хэмжээнээс хэтэрлээ. Гадаад валютын нөөц хоёр дахин багасч, төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарсан. Иргэдийн амьжиргааны түвшин эрс муудсан” гэх мэтээр тоон үзүүлэлт дурдав.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй байгаа, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна. Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд үнийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин буурсан. Валютын нөөц буураагүй” гэсэн огт өөр мэдээлэл өгсөн. Энэ мэтээр иргэдийн толгойг тоон үзүүлэлтийн зөрүүгээр эргүүлэхээс өөр ахиц ээлжит бус чуулган эхэлснээс хойш гарсангүй. МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр “Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар огцорчихвол Монголын эдийн засаг 20 хувь өсөж магадгүй” хэмээн ярина лээ. Үнэндээ энэ чуулганаар хэлэлцэж буй хуулийн төслийг сайжруулах, гарц хайх сонирхол эрхэм түшээдэд алга мэт сэтгэгдэл төрөөд байна. Тэгээд ч түрүүчийнх нь хэлэлцүүлгээс МАН завсарлага авав. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэтэрхий хурдан шийдээд байна хэмээн тэд үзжээ.

Ажлын хэсгийг өдөртөө байгуулж, тэр нь даруй хуралдаад дүгнэлтээ гаргасан учраас чухал асуудлыг нухацтай хэлэлцье гэсэн аж. Чуулганы завсарлагааны үеэр МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуус Ерөнхий сайд Н.Алтанхуягийг сайн дураараа огцрохыг шаардсан. Одоо УИХ дахь бүлэг уг санаачилгыг ажил хэрэг болгох аж. Үнэхээр Ж.Энхбаяр гишүүний хэлснээр Ерөнхий сайд хэдэн “цэрэг”-тэйгээ огцорсноор эдийн засаг сайжирчихдаг бол өөр хэрэг. Гэвч хэн нэг Ерөнхий сайд огцроод байдал дээрдэж байсан нь үгүй.

АН-ын “эсэргүү” нар азнаж байна

Ерөнхий сайдаа огцруулж, Засгийн газраа сольж “тоглодог” уламжлал манай улс төрд бараг тогтчихсон. Тиймээс зөвхөн сөрөг хүчин биш, эрх баригч нам дотроос ийм санаархал цухалзсаар удаж буй юм. МоАХ, “Кроун” зэрэг фракцаас сэм төлөвлөгөө зохиож, дараагийн Ерөнхий сайдыг хүртэл тодруулж буй тухай мэдээлэл байсан. Тэгвэл “хусагдах” сайд нарын жагсаалтад МоАХ фракцын тэргүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрөө багтсан учраас шийдэл арай өөрөөр эргэж буй бололтой. Сайдын суудлаа Ерөнхий сайдынх болгож сайжруулах хүсэл энэ эрхэмд бий. Гэвч салхи өөр тийш эргэсэн учраас одоохондоо дээрх санааг цухалзуулж байсан улстөрчид азнах байр суурин дээр очсон гэнэ.

Хэдийгээр эсэргүүцэгч фракцынхан түр азнаж амаа татаж буй ч АН-ыг шинэчлэх зорилготой жигүүр байгуулагдсан. УИХын гишүүн асан А.Мурат төлөөлөн дуугарч буй уг жигүүрт АН-ын тодорхой фракцын төлөөлөл багтсан гэх. Гэхдээ цор цор хийгээд буй жигүүр гарч ирсэнд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг их зовохгүй байна лээ. Тэрбээр “Манай намд сүүлийн таван жилд чөтгөрийн тоо харин ч цөөрсөн. Хагарал, талцал ч багассан. Тэгээд ч АН нээлттэй, бүх зүйл нь ил тод байдаг нам” гэсэн юм. Юутай ч МАН зорилгоо биелүүлэхээр зүтгэж, шинэчлэлийн Засгийн газраас хариуцлага нэхнэ. Харин тэдний санаачилга хэр газар авах нь тодорхойгүй байна.

Байр суурь

Г.БаЯрсайхан: Засгийн газарт хугацаа олгоё

-Засгийн газар алдаа гаргавал хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ эдийн засагт хараахан хямрал нүүрлээгүй байна. Хоёр хөршийн эдийн засаг өсөөд байхад манайх буурлаа гэж МАН-ынхан ярьж байгаа. Гэтэл ОХУ ч бас нефтиэс хамааралтай эдийн засагтай, тэнд ч бас зогсонги байдал үүссэн. Үнэхээр эдийн засаг хямраад, түүнээс сэргийлэх арга хэмжээ авч чадахг үй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай ярьж болно. Долларын ханш буцаад бууж эхэллээ. Тиймээс Засгийн газрын ажлыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл харах хэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ: Зөвхөн алт ухах л багц хуулийн төсөл оруулж ирсэн байна

-Парламентын засаглалын нэг гол шалгуур нь хариуцлагатай улс төр байх ёстой. Тиймээс аливаа ажлыг хариуцаж буй хүмүүсийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, шаардлагатай бол хариуцлага тооцно. Нийгэм, эдийн засгийн нөхцөл хүнд энэ үед бид дүгнэлтээ өгч, гарцаа хайх ёстой гэж бодож байсан. Гэвч харамсалтай нь ээлжит бус чуулганд Засгийн газраас зөвхөн алт ухах тухай хуулийн багц төслийг оруулж ирлээ. Хөрөнгө оруулалтын салбарын дийлэнхийг уул уурхайн салбар эзэлж байгаа. Оруулж ирсэн хуулиуд нь газрын гагнаас болох алтаа олборлохыг зорьжээ.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.