Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол ба Япон

Эртний уламжлалтай Монгол, Япон орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд өргөжин тэлж, Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлалын үеэр харилцан ашигтай хамтарч ажиллах эдийн засгийн утга агуулгаар баяжлаа. Монгол, Япон хоёр Зүүн хойд Азийн бүсэд оршдог өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд юм. Японы бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж, биднээс эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна.

Монгол Улс Зүүн хойд Азидаа газар зүй, геополитикийн хувьд чухал байрлалтай. Ази, Европыг холбосон байрлалаа давуу тал болгож цаашдаа авто зам, төмөр зам, хийн болон цахилгаан дамжуулах хоолой байгуулах шаардлагатай. Мөн Орос, Хятад хэмээх дэлхийн хоёр ба зургаа дахь том эдийн засгийн дунд оршиж байна. Япон бол дэлхийн гурав дахь том зах зээл. Хуримтлагдсан хадгаламжийн хэмжээгээрээ хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч АНУ2ын өмнө нэгдүгээрт эрэмбэлэгдсэн орон.

Ерөнхий сайд Н.Алтанхуягт Японы эдийн засаг, худалдаа үйлдвэрийн дэд сайд, хатагтай Ю.Сато, Гадаад худалдааг дэмжих “Жетро” байгууллагын дэд ерөнхийлөгч Т.Нагашима нар бараалхлаа. Дэд сайд Ю.Сато “Манай Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн гуравдугаар сард Монголд айлчилснаас хойш хоёр орны харилцаа эрчимжлээ. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Японы Засгийн газар, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч Монголд айлчиллаа. Үүний үр дүнд Японы санхүүгийн байгууллагууд уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаар боллоо” гэж хэлэв. Монголд хөрөнгө оруулахыг сонирхож буй 200-гаад компанийн төлөөлөгчдөд Ерөнхий сайд “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр лекц уншсан. “Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөж байна. Манай орон байгалийн баялаг ихтэй, түүгээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа. Бид төсвийн алдагдлыг багасгахад онцгой анхаарч байна. Манай ДНБий өсөлт 11.3 хувьтай байна. Засгийн газраас инфляцыг бууруулах зорилт тавьсан бөгөөд 2013 оны долдугаар сарын байдлаар 8.3 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин буурсан үзүүлэлт” гэх мэтээр танилцууллаа. “Оюутолгой”-н уурхай өнгөрсөн долдугаар сард анхны алт, зэсийн баяжмалаа гаргаж эхэлсэн. Энэ жил 300 мянган тонныг гаргах төлөвлөгөөтэй. Оюутолгойн уурхайг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй харьцуулахад алт, зэс, мөнгөний баялаг үлэмж. Цаашид Оюутолгойд гүний уурхай барихад хөрөнгө оруулалт хэрэгтэй. “Таван толгой“-н уурхай 7.5 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй.

Монгол Улсын Засгийн газар төмөр зам, авто зам тавих, хил хүртэл 276 км төмөр зам тавихаас ажлын явц 12 хувьтай байна. Коксжих нүүрсээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх “Таван толгой”-н уурхайд 450 мегаВаттын хүчин чадалтай цахилгаан станц барихаар ажлаа эхэлж байгааг хөрөнгө оруулагчдад санал болгов. Монгол Улс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Манай улсын бүх шатны сонгууль явагдаж, Ардчилсан нам ялалт байгуулсан. Тиймээс бид тогтвортой байдлыг эрхэмлэж, улс орноо хөгж үүлэхийн төлөө ажиллахыг гол зорилго болгосон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы компаниудын төлөөлөгчдөд танилцууллаа. Японы хөрөнгө оруулагчид өөрийн ашиг сонирхлоос гадна бид ямар хэлэлцээр байгуулбал Монголд ашигтай байх вэ. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд юу шаардлагатай, Японы талаас юу хүсэж байна вэ хэмээн манай талын ашиг сонирхолд илүү анхаарал тавьж байв.

Эдийн засаг бизнесийн харилцаанаас гадна Монголд зүрх сэтгэлээ өгсөн япон хүн цөөнгүй байдаг аж. Тэдний нэг Номузава ингэж ярив. Ардчиллын замд орсон сүүлийн 20 жилд би Монголд найман удаа очлоо. Очих болгонд барааны үнэ өсс өөр байна. Үнийн өсөлт нь байдаг зүйл боловч Улаанбаатарт зарим бараа, үйлчилгээний үнэ дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг Токиотой ижил түвшинд хүрсэн байна. Үнийг буулгах ямар боломж байна гэсэн асуулт тавив. Хоёрдугаарт, би Монголын хөх тэнгэрт дуртай. Орой од гялалзсан цэлмэг тэнгэрт хиймэл дагуул яваа нь харагддаг байлаа. Өнгөрсөн жил би Монголд очоод цэлмэг хөх тэнгэрийг харж чадаагүй нь харамсалтай. Агаарын бохирдлыг багасгах боломжтой юу? Гуравдугаарт, Улаанбаатарт замын түгжрэл их байна. Давхар зам барих болон төвлөрлийг сааруулах ямар төлөвлөгөө байна вэ? гэж манай улсад тулгамдсан гурван том бэрхшээлийг монгол хүн шиг мэдэрч, сэтгэл зовинон асууж байна. Мөн төгрөгийн ханшны уналтад санаа зовж буйгаа нэг судлаач хэлэв. Энэ мэтээр япончууд Монголын нийгэм, эдийн засгийн талаар өргөн ойлголттой болжээ. Тиймээс эрх баригчид Монголын талаар ямар ч гоёл чимэггүйгээр үнэн байдлаа хэлэлцэж, дээрх асуудлуудыг шийдвэрлэх харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх гэж байна.

Энэ айлчлалын үр дүнгийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ дахь Монгол Японы Парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ийн ярилаа. “Бид хоёр орны ард түмний харилцааг өөрсдийнх нь уламжлал, соёлыг хүндэтгэх хэлбэрээр хүмүүс хоорондын харилцааны хэлбэрт шилжүүлж, илүү их ойр дотно болох талаар Японы Парламентын дарга нартай ойлголцсон. Хоёрдугаарт, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудлаар Монголын залуучуудыг сурч боловсруулах, тэр дундаа байгалийн баялгийг ашиглах шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрт нэвтрүүлэх тал дээр залуучуудыг түлхүү бэлтгэх тал дээр онцгой анхааръя гэж санал нэгдэж байна. Гуравдугаарт, 1964 онд манай улс анх удаа Токиогийн олимпод оролцож байлаа. 2020 оны олимпийг үзэхийн тулд монголчууд визийн хүндрэлгүй нэвтэрдэг болъё гэсэн саналыг манай тал тавьсан. Монголын 2020 оныг өнөөдрөөр төсөөлж болохгүй. Би нэг зүйлд итгэлтэй байгаа. Монголчууд 2020 онд илүү ухаалаг, хөдөлмөрч, үнэ цэнэтэй болсон байх болно” гэж ярилаа. “Тавхан цаг онгоцоор нисэх газарт манай хоёр орон оршиж байна. Бид ойрхон болжээ. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж монгол үг бий. Монгол, Япон улсууд цаашид ч амь нэгтэй, санаа нэгтэй байх болно” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ш.Абэгийн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр хэлсэн. Түүний энэ үгийг батлах мэт үйл явдал айлчлалын үеэр болсон.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Либерал ардчилсан намын байранд очиж лекц унших үед түүнд япончууд үйлдвэртээ бойжиж буй нэгэн шинэ технологийг танилцуулжээ. Японы төмөр зам өргөн, нарийн хоёр янзын царигтай аж. Хурдан галт тэрэг нь өргөн, орон нутгийн төмөр зам нь нарийн царигаар явдаг. Энэ хоёр царигийг нэгтгэж, галт тэрэг дугуйгаа солилгүйгээр нарийнаас өргөн рүү, өргөнөөс нарийн руу шилжүүлдэг технологи нэвтрүүлэх гэж буйгаа япончууд манайханд үзүүлжээ. Манай улс Оросын стандартын өргөн царигтай. Харин Хятад нарийн царигтай. Эдгээрийн аль нэгийг сонгоно гэж эрх баригчид талцан маргалддаг. Монголчууд төмөр замын өргөн, нарийн царигийн талаар нэгдсэн ойлголтгүй, “Өргөн нь зөв, нарийн нь дээр” гэж маргалдсаар байдгийг япончууд анзаарсан бололтой. Өргөн, нарийн царигийг шилжүүлэх шинэ технологийг удахгүй нэвтрүүлэх гэж буйгаа манайхантай харамгүй хуваалцаж, зураг төслийг нь үзүүлсэн байна. Зургаан сарын өмнө Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн Монголд хийсэн айлчлалын үеэр эрчээ авч, манай гүйцэтгэх засаглалын тэргүүний Наран улсад хийсэн айлчлалаар хоёр орны хамтын ажиллагаа хэрэгжиж эхэллээ.


Э.Энхмаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.