Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Батцогт: Хоёр намын улстөржилт хэрээс хэтэрлээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогттой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг шийдэх зорилгоор Засгийн газраас таван ч хуулийн төсөл өргөн барьсныг хэлэлцэж байна. “Түүхий” төсөл өргөн барьсан гэсэн шүүмжлэл сөрөг хүчний зүгээс их гарч байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-Сөрөг хүчнийхэн өнөөдөр тулгамдаад буй валютын ханш, төсвийн тодотголоо ярья гэж байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй асуудал бол валютын ханшийг буулгах гэхээсээ илүү ирээдүйгээ харж, хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулах зорилготой. Гаднын хөрөнгө оруулалт 42 хувь буурсан, тэгвэл үүний шалтгаан юунд байв. Хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах вэ гэж байгаа нь зөв. Валютын ханшийн өсөлтийг хэрхэн буулгах, төсвийн алдагдлаа яаж нөхөх вэ гэдгээ шийдэх ёстой. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг томилоод Монголбанкинд шалгалт хийхээр болсон.

Манай “Шударга ёс” эвслийн бүлэг дээр Ерөнхий сайдыг урьж, мэдээлэл сонсох хүсэлт тавьсан, үүний дараа дүгнэлтээ хийнэ. Ер нь эдийн засаг сөрөг хүчний яриад байгаа шиг хямраагүй байна. Хоёр улирал дараалан ДНБ хасах үзүүлэлттэй гарсан бол “хямрал” гэж хэлнэ. Сөрөг шинж тэмдэг гарч байгаа нь үнэн. Гэхдээ асуудлыг улстөржүүлэлгүйгээр, ул суурьтай хандаж шийдэх хэрэгтэй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд 15 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулсан компаниудад 5-10 жилийн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Мөн 100 мянган долларын хөрөнгө оруулах босго тавьсныг гишүүд “Хоёр өрөө байр ч авч хүрэхгүй мөнгийг хөрөнгө оруулалт гэж үзэх үү” гэж шүүмжилж байна л даа.

-Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч гэж ялгахгүй, ижил нөхцөл олгохоор тусгасан гэж тайлбарлаж байгаа. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих хэцүү. БНХАУ гэхэд л гадаадын хөрөнгө оруулагчдад эхний хоёр жилд татваргүй, дараагийн таван жилд 50 хувь хөнгөлнө гэх мэт хөшүүрэг хэрэглэдэг. Хөрөнгө оруулагчид тухайн улсын нутагт үйлдвэрээ барьчихсан, тоног төхөөрөмжөө оруулчихсан бол үүрээд явчихгүй нь мэдээж. Манай улс ч бас хөрөнгө оруулагчдыг татахын тулд ийм зоригтой алхам хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд нийт 14 тэрбум долларын гадаад хөрөнгө оруулалт байсны 80 хувь нь зөвхөн эрдэс баялгийн салбарт зориулагдсан. Энэ бол ашгийн төлөөх салбар учраас хөрөнгө оруулах сонирхолтой гаднынхан олдоно. Гэхдээ ямар салбарт хөрөнгө оруулалт татах ёстойгоо Монголын төр бодох ёстой. Төмөр зам, цахилгаан станц, орон сууц олноор барих хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж, бусад орон руу явж биш, эх орондоо эмчлүүлдэг болох хэрэгтэй. Тиймээс эдгээр салбарт хөрөнгө оруулах компанид илүү тааламжтай нөхцөл олгох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Учир нь энэ салбарт оруулсан хөрөнгийг тийм амархан нөхчихдөггүй. Тиймээс 20-25 жилээр татварын таатай нөхцөл олгож болно. Энэ нь гааль, НӨАТ, өсөн нэмэгдэх роялти гэх мэт дөрвөн татвараа л одоо мөрдөж буй нөхцөлөөр нь байлгая гэсэн үг. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан хуулийг сайн цэгцэлж, зоригтой өөрчлөлт оруулах нь чухал. Ажлын хэсэг байгуулаад ажиллах байх.

-Цаг үеийн хувьд ээлжит бус чуулган хоцорсон, үгүй гэсэн маргаан бас байна. Засгийн газрын зүгээс эдийн засгийн нөхцөл, байдалд өөдрөгөөр хандаж, тайлбарлаж буй нь ээлжит бус чуулган хийх шаардлага байсан юм уу гэх эргэлзээ төрүүлсэн…

-Сөрөг хүчнийхэн бол “Эдийн засаг элгээрээ хэвтлээ” гэж буй бол эрх баригчид “Бүх зүйл сайхан байна” гээд байна. Байдал түвэгтэй байгаа нь үнэн. Хямралын шинж тэмдэг бий, гэхдээ энэ нь бидэнд харин ч давуу тал олгож байгаа. Алдаагаа засчихвал хурдан хөгжих боломж олдоно. Тиймээс нэгэндээ буруугаа чихэж, хэрэлдэхийн оронд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар ухаанаа уралдуулах учиртай. Гэтэл өнөөдрийн чуулган л гэхэд хэрүүлээс хэтэрсэнгүй. Ард түмэн энэ хоёр намын 20 гаруй жилийн хэрүүлээс залхаад байна. Одоо асуудалд ажил хэрэгчээр хандах цаг болсон. Улс орныхоо ирээдүйг боддог л юм бол ээлжит бус чуулганы 14 хоног ажил хэрэгчээр ажиллавал шийдэл олоход хангалттай хугацаа.

-Гэвч бодит байдал дээр ажил хэрэгч санал гэхээсээ илүү улстөржилт давамгайлж байна. МАН-ын бүлгээс “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон холбогдох 3-4 сайдад хариуцлага тооцох ёстой” гэсэн мэдэгдэл гаргасан байна лээ. Хэдэн сайд огцруулаад байдал дээрдэх үү?

-Засгийн газраа унагах тоглоомоор бид 20 гаруй жил наадлаа. Тэглээ гээд байдал дээрддэггүй. Тиймээс Ерөнхий сайд, эсвэл хэн нэг сайдыг сольсноор байдал дээрдэхгүй. Харин валютын ханш өссөн нь тэр албан тушаалтны, ийм буруу үйлдлээс болсон гэж тогтоох юм бол хариуцлага тооцох нь зөв. Засгийн газар алдаа гаргасан байж болно. Үүнийг нь шүүмжлээд засаад, ташуурдаад л ажиллуулна шүү дээ. УИХ өнөөдөр Засгийн газраа хүмүүжүүлэх ёстой. Гэтэл үнэндээ Засгийн газар нь УИХ дотроосоо бүрдсэн учраас парламентын гишүүдээ загнаад сууж байдаг хэдэн том толгойлсон сайдтай болсон. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан 2000 оноос хойш л ийм байдал үүслээ. Одоо бидэнд улстөржиж, хэрэлдэж суух цаг алга. Өнөөдрийн чуулган дээр 10 гаруйхан хүн үг хэлэхийн тулд л хэдэн цаг боллоо. “Улстөржихөө больё, хамтарч ажиллая” гэсэн малгай үг хэлээд л улс төр хийж байна. Ард түмэн тэнэг биш, үүнийг чинь мэднэ.

-Энэ УИХ-д гуравдагч хүчин түүхэндээ анх удаа Бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Гуравдагчдаа төлөөлж буй “Шударга ёс” эвслийнхэн талцаж хуваагдсан улстөржилтийг тэнцвэржүүлэх талаас нь яаж ажиллаж байна вэ?

-Бид аливаа асуудалд уян хатан хандахыг хүсэж байгаа. Гэвч хоёр намын авсан суудлын хэмжээ ойролцоо, МАНаас бусад нь хамтарч байж олонхийг бүрдүүлсэн шүү дээ. Тиймээс энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс хамаагүй донсолсон улс төрийн шийдвэр гаргахад хэцүү байна. Манай эвслийн гишүүд УИХ-аас байгуулсан Ажлын хэсгүүдэд багтаж, бүх асуудалд идэвхтэй оролцдог. Гэхдээ бид л гуравдагч хүчин гээд бүх ажлыг харлуулаад, шүүмжлээд байвал хоёр талын хэрүүлийг гурван талынх болгохоос хэтрэхгүй. Тэгвэл байдал бүр дордоно. Тиймээс хүлээцтэй хандаж байгаа. Үнэндээ хоёр том намын хэрүүл хэрээс хэтэрлээ.

-Улсын төсвийн алдагдал 1.5 их наяд, эсвэл нэг их наяд болох нь гээд л хоёр өөр тоо яриад байна. Танай Бүлэг Сангийн яамныхнаас бодит мэдээлэл авсан уу?

-Төсвийн гүйцэтгэл оны төгсгөлд гарна. Тиймээс төсөөллөөр л дээрх тооцоог хийж байгаа. МАН-ынхан 1.5 их наяд, АН-ынхан нэг их наяд төгрөгийн алдагдал гарах нь гэж буй. Бид бол 1.2 их наяд төгрөгөөр орлого тасрах болов уу гэж төсөөлж байна (инээв). Энэ нь ч бараг бодитой байх болов уу. Өнгөрсөн жилийн төсвийг боловсруулахдаа Засгийн газар дэлхийн эдийн засгийн байдлыг зөв тандаж чадаагүй, үнийн төсөөллөө буруу хийсэн тал бий. Ашигт малтмалын үнийг тухайн үеийн өндөр ханшаар тооцож, “мөрөөдлийн төсөв” хийсэн нь нөлөөлж байгаа. Нөгөө талаар сонгуулийн жил байсан учраас улстөрчид тойрогтоо очоод янз бүрийн барилгын шав тавьчихсан. Энэ ажлыг дуусгах ачааг төсөв үүрч байгааг бас бодох ёстой.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.