Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Урт нэртэй” хуулийн хүрээнд цуцалсан 1500 лицензээс 200-г нь сэргээнэ

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. “Урт нэртэй” хуулийн хүрээнд 1500 орчим лицензийг цуцлахад хүрсэн юм. Үүний нөхөн төлбөрт төрөөс 223 тэрбум төгрөг олгох тооцоо гарч, асуудал үүссэн. Дээрээс нь ой, усны сав газрын хилийг тогтоох явцад алдаа гарсан хэмээн Засгийн газар үзжээ. Тиймээс уг хууль батлахаас өмнө олгосон зөвхөн ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон. Энэ “өршөөл”-д 200 гаруй лиценз хамрагдаж байгаа юм. Эдгээрийг эзэмшигч аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ тодорхой хяналт дор хийж гүйцэтгэх үүрэгтэй. Ингэснээр нөхөн төлбөрт төрөөс төлөх мөнгөний хэмжээ ч багасна, эдийн засаг сэргэхэд нөлөөлнө, байгаль орчноо ч хамгаална гэж тооцжээ.

МАН-ын гишүүд хэлэлцүүлгийн явцад шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн “Эрх баригчид, Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн байдал сайн байгаа гэсэн. Гэтэл экспорт буурч, хоёр хөрштэйгээ таарамжгүй болж, хэрэглээний зээл гурав дахин өссөн гэх мэтээр сөрөг үзүүлэлт гараад байна. Оюутолгойн зэсийн баяжмал хил гаргаад л агуулахад хураагдаж байна. БНХАУ манайхаас баяжмал авахгүй гээд хориг тавьчихсан. Засгийн газар хөрштэйгээ ойлголцоогүйн гай энэ. Тиймээс л тэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа юм. Дэлхийн эдийн засаг өсөөд байхад Монголынх буураад байна. “Урт нэртэй” хуулийн дагуу шалгаад байгаль орчныг нөхөн сэргээхэд 54.7 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн юм байна. Гэтэл нөхөн төлбөрт үүнээсээ тав дахин их мөнгө төлөх болчихоод байдаг. Тэгээд одоо алтаа ухъя гэж байна. Үнэнээ хэлбэл бид бас ойлгоно. Хандлага чинь буруу байна. Үүний оронд 50.000-60.000-аар нэмэгдсэн төрийн албан хаагчаа цомхтгож, тансаг хэрэглээгээ багасга. Ухъя, заръя гэхээс бүтээе гэхгүй байна. Ер нь Засгийн газрын тэргүүн огцорчихвол манай эдийн засаг бараг 20 хувиар өснө шүү” гэлээ. Эдийн засаг сайхан байгаа юм бол ээлжит бус чуулган хийсний хэрэг байна уу хэмээн тэр бас асуусан юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Урт нэртэй хуулийг танай нам олонх байхдаа баталсан. Эдийн засгийн байдал муудахад гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлсөн. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дээрх үнэ 14-40 хувиар унасан, Оюутолгой, Тавантолгойгоос урьдчилгаа аваад идчихсэн. Тэгж ярих юм бол бас хэлэх юм бий шүү” гэлээ. Ж.Энхбаяр гишүүн “Но байгаа юм бол хэлээч. Гэмт хэргийг мэдэж байгаа атлаа нуух чинь бас гэмт хэрэг. Тэгээд ч Тавантолгойг хуваагаад авчихсан гэж байгаа бол танай Энэбиш ч хулгай хийсэн” гэх мэтээр маргав.

Хуучны БОЯ-наас ой, усны сав газарт үйл ажиллагаа явуулж байсан дээрх 1500 лицензийг эзэмшигчдийн буруугаас байгаль орчинд нэг их наяд төгрөгийн хохирол учирсан хэмээн тогтоосон аж. Одоо 200 орчим лицензийг нь хураахаа азнаж, өөрсдөөр нь нөхөн сэргээлт хийлгэхэд 54.7 тэрбум төгрөг болж буйг мэргэжилтнүүд тайлбарлалаа. Ц.Оюунгэрэл сайд “Өмнө нь хийсэн үйлийн үрийг одоо бид амсаж байна. “Урт нэртэй” хуулийг батлахдаа ямар ч болзол шалгуургүйгээр бүх компанид нөхөн төлбөр өгнө гээд заачихсан. Энэ бол иргэдэд эх орны хишиг болгож 1.5 сая төгрөг өгнө гэсэн амлалттай ижил зүйл. Тэр амлалтыг биелүүлэхийн тулд нэг ордоо ухсан. Одоо тэр компаниудад нөхөн төлбөр өгөхийн тулд ямар уурхайгаа ухах юм” гэлээ. Мөн хайгуулын лицензийг хуулийн төсөлд хамруулах эсэхийг лавлав. С.Оюун гиш үүн “Хайгуулын лицензтэй компаниудыг өөрсдөө эрсдэлээ даа гэсэн зарчмаар явсан. Уг хуулийн төсөлд зөвхөн ашиглалтын лиценз хамрагдаж байгаа. Бас нөхөн сэргээлтээ хийсэн компанид л нөхөн олговор өгнө гэж тусгасан” гэлээ.

Шинэчлэлийн Засгийн газрын сүүлийн нэг жилийн буруу бодлогоос эдийн засаг хүндэрсэн хэмээн МАНынхан мэтгэж, “Өмнөх Засгийн газрын тарьсан горыг бид амсаж байна” хэмээн АН-ынхан маргав. Эцэст нь чухал асуудал учраас олон нийтээр хэлэлц үүлж, нухацтай ярилцах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулъя гэсэн горимын саналыг А.Тлейхан, А.Бакей нар гаргаж, олонх дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг “ТҮҮХИЙ” хэмээн шүүмжлэв

Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо дангаар үргэлжлүүлэн хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийг баталснаар Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль хүчингүй болох юм. Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 42 хувиар буурсан, үүнд гадаад, дотоодын хүчин зүйл нөлөөлс өн учир үүссэн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор дээрх төслийг өргөн барьснаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр т танилцууллаа. Төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах талаар тусгажээ. Үүний тулд хэрэв хуульд өөрчлөлт оруулах бол нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдэхээр оруулсан байна. Мөн стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй гэнэ. Хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчид гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ 25 хувиас дээш гарах бол салбарын яамнаас зөвшөөрөл олгож байхаар тусгажээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төсөлд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тусгасан байна.

Хэдий тийм ч гишүүд төслийг “түүхий байна” хэмээн шүүмжилсэн. Чухал хууль учраас нухацтай хэлэлцэх саналтай байлаа. Энэ дундуур буруугаа нэг нэгэн рүү чихсэн маргаан ч өрнөөд авсан. Н.Батбаяр сайд гадаадын хөрөнгө оруулалт буурч, долларын ханш өссөнийг баталсан ч “Монгол Улс баялгаа дөнгөж ашиглаж эхэлж байна. Далайд гарцгүй хэдий ч манай улсын байршил давуу тал ихтэй. Манай улсаар дамжсан тээврийн том коридор бий болно. Тиймээс бид төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлэх, Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх хурдны зам барих, нефтийн болон хийн хоолой тавихаар ажиллаж байна” гэх мэтээр ярьсан. Ж.Энхбаяр гишүүн түүнийг “Та тойргийнхоо сонгогчдод ярьдаг юмаа бидэнд бүү хэлээд бай” хэмээн зэмлэв. Сайд “Эдийн засаг оны эхний зургаан сарын байдлаар 11.3 хувийн өсөлттэй байна. Бүтээн байгуулалалтын ажил эрчимжиж байгаа. Үнийн өсөлтийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлснээр өмнөх онтой харьцуулахад барааны үнэ хоёр дахин буурсан” хэмээн үргэлжлүүлэв. МАН-ынхан дургүйцэж, “Битгий тэгж худлаа яриарай” гэж байлаа. Мөн “Долларын ханш өссөн нь үнэн. Гэхдээ нөөцгүй болоогүй, 2.7 тэрбум долларын нөөц бий. Харин ч долларын ханшийг зохиомлоор өсгөх гадаад, дотоодын сонирхол байгааг хэлчихье” гэлээ.

Сайд нь ийм өөдрөг байгаа юм бол ээлжит бус чуулган хийхийн хэрэг байна уу хэмээн сөрөг хүчнийхэн дахин асуув. Д.Зоригт гишүүн “Та нарын хүсэлтээр л ээлжит бус чуулган зарласан шүү дээ” гэж хэлээд амжсан. 100 мянган ам доллар хэмээх тоог тойрсон асуудал бас хөндөв. Ж.Энхбаяр гишүүн “Энэ бол өнөөд өр хоёр өрөө байр л авах мөнгө. Үүнийг хөрөнгө оруулалт гэж үзэх үү. Манай улсын хөгжилд хэр их нэмэр оруулах бол” хэмээн асууна лээ. А.Тлейхан гишүүн “Бүх юм сайхан байна гэж бүү хэлээч, эвгүй юм байна шүү дээ. Үнэнээ хэлээд л гарцаа хайя. Та хамтарч ажиллая гэчихээд үнэндээ олонх асуудлаа тулгаад л явдаг” гэв. Ц.Нямдорж “Сүүлийн 10 гаруй жилийн ажлын үр дүнд л гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авсан юм шүү дээ. Нухацтай хэлэлцэх зүйл их байна. Геополитикийн шинж чанартай асуудлыг нь хаалттай хэлэлцэх хэрэгтэй. Ер нь шүүмжлээд байгаа Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг хязгаарлах хуулийг санаачилсан гол хүн нь Н.Батбаяр та шүү дээ. Таны яарсан алхам төрийн алдаа болдог шүү” гэлээ. Ц.Баярсайхан “Энэ хуулийг баталлаа гээд байдал өргөс авсан мэт болчихгүй нь мэдээж. Гэхдээ хөрөнгө оруулалтын орчин сүүлийн нэг жилд муудчихсан юм биш. Сүүлийн 20 жилийн бодлогын алдаа шүү дээ. УИХ-ын 76 гишүүний 50 хувь нь УИХын дарга, сайд байсан. Олон нийтийн санаа бодол гэж чухал зүйлийг бид мартчихаад байна. Олон нийтэд зөв мэдээлэл, ойлголт өгөх талаар ажиллах хэрэгтэй” гэлээ. Уг төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжсэн юм.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.