Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэргэжлийн спортын түүхэнд мөрөө үлдээсэн афро-америкчууд

Афро-америкчуудын түүх тэднийг анх “Хар тив”-ээс Америкт хөл тавьснаар эхэлдэг. Харин өдгөө тэд АНУ-ын нийт хүн амын ихэнх хувийг бүрдүүлж байна. Үүнд өнгөт арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцэж явсан зоригт эр Мартин Лютер Кингийн нөлөө их байлаа. Тэрбээр 1963 оны наймдугаар сарын 28-нд “Надад мөрөөдөл бий” хэмээх алдарт илтгэлээ тавьж байлаа. Уг илтгэл сая сая хар арьстнуудад дахин амьдрах итгэлийн гэрлийг авчирсан гэлцдэг. Алдарт илтгэлийн 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулсан дэлхийн болон Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэнд тод мөрөө үлдээсэн хар арьст анхдагч тамирчдын тухай өгүүлье.

6.Жек Жонсон (мэргэжлийн бокс) Тэрбээр 1878 онд Техас мужид мэндэлжээ. Төрөлхийн том биетэй түүнд зодолдох авьяасыг бурхнаас харамгүй заяажээ. Жек мэргэжлийн бокст 114 тулаан хийснээс 80-д нь ялалт байгуулсан бөгөөд 1908 онд мэргэжлийн боксийн хүнд жингийн аваргын төлөө Жо Гансыг ялж аваргалсан түүхтэй. Ингэж тэрбээр хүнд жингийн аварга болсон анхны хар арьст тамирчин болсон юм. Үүнээс хойш долоон жилийн турш аваргын бүсийг эзэмшиж байлаа.

5.Алтея Гибсон, Артур Эш (теннис) Артур теннисний “Их дуулга”-д түрүүлсэн анхны өнгөт арьст тоглогч. Мөн Дэвисийн цомын тэмцээнд Америкийн шигшээ багт орсон анхны хар тоглогч байлаа. Үүгээр түүний амжилт хязгаарлагдахгүй. 1968 онд “US Open”-д түрүүлж, түүхэнд нэрээ мөнхлөв. Үүнээс хоёр жилийн дараа Австралийн нээлттэй тэмцээнд тэргүүлжээ. Харин 1975 онд 32 насандаа Уимблдоны аварга болсон билээ. Мөн тэр эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж байсан юм. Харин хар арьст эмэгтэй теннисчдийн ялгуусан амжилт Алтея Гибсоноор эхэлдэг. Улсынхаа нэрийн өмнөөс Гибсон таван удаа “Их дуулга”-ын түрүү авсан юм. Анх 1956 онд “Ролан Гаррос”-т цом өргөж үзжээ. Дараагийн хоёр жилд “US Open” болон Уимблдонд дараалан тэргүүлж байсан билээ.

4. Уэйли О’Рий (хоккей) Мөсөн талбай дээрх хар залуусын эхлэлийг Уэйли тавьсан юм. 1935 онд Канадад төрсөн Уэйли 1957 онд NHLийн “Бостон Брюинз” багт хоёр тоглолт хийснээр түүхийн хуудас нээжээ. Гурван жилийн дараа Бостонд буцан ирж, 43 тоглолтоос 14 оноо авч байв. О’Рий NHL-д тоглохоосоо өмнө баруун нүдэндээ гэмтэл авсны улмаас 95 хувийн хараагүй болжээ. Түүний дараа бүр 1974 онд зүүн жигүүрийн тоглогч Майк Мэрсон “Вашингтон Капиталс” багт драфтлагдаж байв. Тэднээс хойш Үндэсний хоккейн лигт 17 өнгөт арьст тоглогч тоглож байлаа.

3. Чак Купер, Эрл Ллойд (сагсан бөмбөг) 1950 онд NBA-д гурван хар арьст тоглогч орж ирсэн гэдэг. Тэд бол Чак Купер, Эрл Ллойд болон Нэт Клифтон юм. Харин тэднээс онцгой нь Чак Купер байлаа. Тэрбээр драфтын хоёрдугаар бүсийн ¹12-оор “Бостон Селтикс”-т очиж байлаа. Түүний дараа Эрл Ллойд есдүгээр бүсийн ¹107-оор тухайн үеийн “Вашингтон Капиталс”-д сонгогдож байв. Харин Нэт Клифтон 27 насандаа анхны тоглолтоо хийж, 1957 онд 34 насандаа Бүх оддын тоглолтод нэрлэгдсэн. Энэхүү содон амжилтаараа Нэт хамгийн хөгшин од болж байлаа.

2. Жеки Робинсон, Ларри Доби (бейсбол) Анх 1947 оны “Бруклин Дожерс”-ын улирлын нээлтийн тоглолтонд Жеки Робинсон гараанд гарч байсан нь энэ спортод нэрээ дуурсгах харуудын эхлэлийг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй Жеки мэргэжлийн лигт тоглосон анхны афро-американ байлаа. Жекигээс ердөө гуравхан сарын дараа “Кливленд Индианс” Ларри Добиг багтаа элсүүлж байв. Чингэж тэрбээр “American League”-ийн анхны өнгөт арьст тоглогчоор нэрээ үлдээжээ.

1.Жон Тэйлор (хөнгөн атлетик) Анхны олимпийн аварга болсон афро-америк хүн. Тэрбээр 1908 оны Лондоны олимпийн 800 метрийн холимог буухиад АНУ-ын баг алтан медаль авахад хувь нэмрээ оруулалцаж байв. Харамсалтай нь тэр жилийнхээ өвөл 26 насандаа таалал төгсчээ.

Харин энэхүү түүхэн үйл явдлаас 40 жилийн дараа Лондонд дахин олимп болоход Алис Кочмэн өндрийн харайлтын төрл өөр алтан медаль хүртсэн нь өнгөт арьст эмэгтэйч үүдийн спортын анхны амжилт байлаа.

 

Э.ТЭМҮҮЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.