Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЯПОН УЛС “САМУРАЙ” БОНД ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгж үүлэхэд чиглэж байна. Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны гүйцэтгэх дэд захирал Ш.Яжима нар хоёр банкны хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр гарын үсэг зурсан юм. Санамж бичиг байгуулсан нь ямар ач холбогдолтой талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас тодруулахад “Хоёр улсын Засгийн газрын гадаад олон талт эдийн засаг, харилцаа хамтын ажиллагааны үр дүнд хийж байгаа энэ ажил нь Ерөнхий сайдын Япон улсад хийж буй айлчлалын үед болж буй чухал арга хэмжээ юм. Японы олон улсын хамтын ажиллагааны банк нь Хөгжлийн банк шиг Засгийн газрын удирдлага дор Засгийн газрынхаа бодлогыг ялангуяа, гадаад улсад хөрөнгө оруулах чиглэлээр хэрэгжүүлж ажилладаг маш хүчирхэг санхүүгийн байгууллага.

Санамж бичигт гарын үсэг зурснаар Хөгжлийн банк тус банкны санал болгож байгаа санхүүгийн бүхий л үйлчилгээг авах үүд хаалга нээгдлээ. Энэ ажил манай хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хамгийн түрүүнд дэмжлэг болох байх. Тухайлбал, Японоос ямар нэг тоног төхөөрөмж худалдаж авах, худалдаа арилжааны санхүүжилт хийхэд манай хоёр банк аль болох хямд өртөгтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр гаргах чиглэлээр хамтарч ажиллана” хэмээн тайлбарлав. Түүнчлэн тус банк Монголын хөрөнгийн зах зээлд “Самурай” бонд гаргахад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Манай улсын Засгийн газраас тавьж буй энэ саналыг Японы тал нааштайгаар хүлээж авсныг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат онцлов. Энэ талаар тэрбээр, “Японы тал 600 сая ам.долларын бонд гаргах боломжтой. “Самурай” бондыг ирэх арванхоёрдугаар сард багтаан гаргахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ ажил Японы талын хамтрагчдаас шалтгаална.

Бид 2012 онд “Чингис” бондыг хөрөнгийн зах зээлд гаргаж, үнэт цаас гаргах чиглэлээр ажиллаж тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Тиймээс энэ ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид улсдаа аль болох хямд зардалтай, сайн нөхцөлтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх зорилготой. Тэр утгаараа хоёр орны харилцаа дээд түвшинд хүрсэн энэ цаг үед иенийн зах зээл нааштай харагдаж байна” гэж ярилаа. “Самурай” бонд нь зөвхөн Япон улсад байдаг санхүүжилтийн хэлбэр юм. Гадаадын улс орнууд болон компаниуд Японд иенээр санхүүжилтийн эх үүсвэр босгодог. Иенийн эх үүсвэр босгоход манайх шиг хөгжиж буй орнуудад Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгаа гаргаж дэмжлэг үзүүлдэг байна. Тэгэхээр энэ тогтолцооны хүрээнд ажиллавал манай улсад гаргаж буй бондын хүү багасаж, хугацаа уртсах боломжтой. “Самурай” бондын баталгаа гаргахаар болсон Японы олон улсын хамтын ажиллагааны банк нь банк, санхүүгийн системд ААА зэрэглэлтэй, найдвартайд тооцогддог юм байна.

Япон хөрөнгийн хуримтлал өндөртэй маш том эдийн засагтай орон. Тус улсын хадгаламжид хуримтлагдсан хөрөнгө 15 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ-ын эдийн засгаас давсан үзүүлэлт. “Самурай” бондыг босгох нь Ерөнхий сайд Япон улсад хийж буй айлчлалын үеэр амжуулах чухал ажил хэмээн ач холбогдол өгч байна. Монголын хөрөнгийн зах зээлд хямд эх үүсвэртэй, урт хугацааны санхүүжилт орж ирснээр дотоодын санхүүгийн зардлыг буулгах хэм жээний бага хүүтэй зээл болох юм. Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсад айлчлахдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Тэр үед хэлэлцэж тохирсон бизнесийн төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг манай гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлалын үеэр ийн шийдвэрлэж эхэллээ.

 

Э.ЭНХМАА

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.