Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засгийг улстөржүүлж, “хямрал”-аар мууг зөгнөх хэрэггүй

 – Ажилтай байхад долларт нам цохиулахгүй – 

Эдийн засаг хямарсан, хямраагүй хэмээх маргаан дунд олон нийт төөрч гүйцэв. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, долларын ханш өссөн гэдгийг мэдээж хэн ч үгүйсгээгүй, үгүйсгэхгүй. Барим тавин үнэн учир эрх баригчид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ “хямрал” гэдэг үг өөрөө Монгол Улсын жижиг эдийн засгийг хямраагаад хаячих эрсдэлтэй учир болгоомжтой хандах ёстой.

Эдийн засаг бол албан тушаалын томилгоо, “бялуу”-ны зүсэм биш. Үүгээр улстөржөөд хэн ч хожихгүй. Сөрөг хүчин “хямрал” гэдэг үгийг зоригтой ашиглаж, шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулж, байдлыг “сэргээх” санал дэвшүүлжээ. Харин олонх “Эдийн засаг эрсдэлтэй байгаа ч хямрал биш” хэмээн тайлбарлаж байгаа юм. Үүнд агуулгын ялгаа их.

Юуг хямрал гэх вэ

2009 онд дэлхийн санхүү, эдийн засаг хямрахын хэрээр манай улсад нөлөөлсөн. Нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 7000 доллараас хоёр дахин хямдарч огцом унасан нь түүнээс хамааралтай эдийн засгийг маань жинхэнэ утгаар нь хямрахад хүргэсэн. “Анод”, “Зоос” банк дампуурлаа зарлаж, бусад нь зээлээ хумьж, Монголбанк бодлогын хүүгээ өсгөн инфляцыг хазаарлах бодлого хэрэгжүүлэв. Эцэст нь бизнесийн салбарт хүндрэл учирч, 70 мянга орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн түүхтэй. Долларын ханш 1200 төгрөгөөс 1705 хүрч өсөн, амьдрал жинхэнэ утгаар хямарч байсныг уншигчид мартаагүй. Барилгын салбар бараг л дампуурлаа зарласан. Тухайн үед Монгол Улс ийм цохилтод бэлэн биш байлаа. Гэхдээ л эрвийхээрээ ажиллаж, хямралыг даван туулах төлөвлөгөө гаргаж, Банкин дахь хадгаламжид баталгаа гаргах хууль баталсан гэх мэтээр сөрж гарсан. Мөн цаашид үүсэж болох эрсдэлд бэлэн байх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын хууль баталж, олсон орлогоосоо тодорхой хувийг эрсдэлд зориулан хадгалах болсон билээ. Өөрөөр хэлбэл, одоо эрсдэл учрахад даван туулах туршлага бидэнд бий.

Шинээр 67 мянган ажлын байр бий болжээ

Тэгвэл өнөөдөр 2009 оных шиг хүнд байдал үүссэн үү. Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн үйл ажиллагаагаа зогсоосноор үндсэн 61 ажилтан, туслан гүйцэтгэгч компаниудын 898 хүн ажлаас халагдсан нь үнэн. Хэдийгээр уул уурхайн салбарт 900 гаруй хүн ажилгүй болсон ч шинэчлэлийн Засгийн газарт тэднийг өөр ажлын байранд шингээх чадал бий хэмээн бардам дуугарч байна. Учир нь шинэчлэлийн Засгийн газрын дэвш үүлсэн мөрийн хөтөлбөрийн таван гол зорилтын нэг нь “Ажилтай, орлоготой монгол хүн” бий болгох. Тиймээс тусгайлан Хөдөлмөрийн яам байгуулсан. Уг яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөт өлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх таван сарын хугацаанд 32052 иргэнийг ажилтай болгосон мэдээ байна. Өнгөрсөн жил яг ийм хугацаанд 16500 иргэн ажилтай болж байсан бол тоо нь хоёр дахин өссөн гэсэн үг.

Мөн иргэдэд мэргэжил олгох цалинтай сургалт явуулж байгаа юм. Энэ хүрээнд 6925 иргэнийг хоёр ээлжийн сургалтад хамруулна. Эхний ээлжинд 4837 иргэн сурч төгссөний 63 хувь нь ажлын байртай болжээ. Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих болон бусад хөтөлбөрийн хүрээнд шинээр 35 мянга гаруй ажлын байр нэмэгдсэн аж. Тэгэхээр нийт 67 мянга гаруй хүн ажилтай болжээ. Энэ бол сайхан мэдээ. Хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангаж, цалин хөлс нь амьдрал ахуйд хүрэлцдэг болгох нь хөтөлбөрийн зорилго. Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841 мянга 192 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар нэмэгдсэн байна.

Эх оронд нь бүтээн байгуулалтын ажил ид ундарч буй учраас харийг зорьсон залуус нутагтаа буцах нь нэмэгдсэн таатай мэдээ бий. Манайхан хамгийн олноор явж ажилладаг БНСУ-аас л гэхэд жилийн дотор 3200 гаруй залуу буцаж ирсэн байна. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалт буурч, долларын ханш өсөж буй ч эдийн засгийн бусад үзүүлэлт өөдрөг байгаа аж. Иргэд нь ажилтай байсан цагт хямрал нүүрлэхгүй, долларын ханшийн өсөлтөд нам цохиулахгүй байж чадна.

Эрсдэлийг даван туулах төлөвлөгөө

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулах зорилготой хуулийн хэд хэдэн төслийг үүгээр хэлэлцэх юм. Засгийн газраас “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан. Өмнөх Засгийн газрын үеэс эхлэн баталсан, эдүгээ гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах гол нөхцөл болсон хэмээн буруутгаж буй холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, алдааг засахаар шийджээ. Эдийн засагт жин дарах уул уурхайн салбараа төр дэмжинэ, хөрөнгө оруулагчдад гадаад, дотоод гэлтгүй тогтвортой, таатай орчин бүрдүүлнэ хэмээн эдгээр төсөлд тусгасан байна.

Хямралын тухай “мууг зөгнөж” эхлэхэд шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Инфляц түрүү оноос дөрвөн хувиар буурч, 8.6 хувь болсон. Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 11.3 хувь байна. Өмнөх онд энэ үзүүлэлт 12.3 хувь байсан учраас байдал муудаагүй. Ажлын байр нэмэгдсэн. Хоёр үзүүлэлт сөрөг байгаа ч гурван гол үзүүлэлт эерэг байна” хэмээн тайлбарлаж байсан юм. Эдийн засаг хэмээх эмзэг сэдвийг улстөржүүлж, сандал суудал хөөц өлдөх нь Монгол Улсад хожил авчрахгүй. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой, орон сууцтай болгож, бүтээн байгуулалт өрнүүлж буй Засгийн газрын ололт амжилтыг хоёр үзүүлэлтээр даран харлуулах учирг үй. Харин алдаагаа засаж, үүсээд буй хүндрэлийг хэрхэн давах гарцыг л хамтдаа ярих учиртай биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.