Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Япон хоёр улс хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтэд гарц нээлээ

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрийн ажлынхаа эхэнд Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Окуда, JBIC-ийн гүйцэтгэх дэд захирал Ш.Яжима, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү зэрэг албаныхан оролцлоо.   Японы Олон улсын хамтын ажиллагааны банк нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаа дэмжин гуравдагч орнуудад зуучилж, зээл олгодог томоохон байгууллага юм.

Өнгөрөгч зургадугаар сард манай улс тус банктай экспортын зээлийн шугам нээх хэлэлцээр байгуулж, Монголд тоног төхөөрөмж экспортлох хүсэлтэй компаниудад зээл олгохоор тохирсон билээ. Тэгвэл энэ айлчлалын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, JBIC-ийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Санамж бичигт Японы олон улсын хамтын ажиллагааны банк Монгол Улсад зээлжих эрх нээх, Монголын Засгийн газрын бондод баталгаа гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгасан юм.  

Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлдгээрээ ижил төстэй хоёр банк хамтран ажилласнаар Японоос тоног төхөөрөмж худалдаж авах, худалдаа арилжаа хийхэд аль болох хямд өртөгтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр гаргадаг болно. Дотоодоос санхүүжихээс хамаагүй бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох боломжтой болсон нь хөрөнгө оруулалтын салбарт томоохон гарц нээх ба үр ашгийг нь хувийн хэвшлийн хамгийн түрүүнд хүртэнэ гэж салбарынхан дүгнэж байна.   Хоёр банкны хамтын ажиллагааны өөр нэг чухал үр дүн бол Хөгжлийн банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд "Самурай" бонд гаргах явдал. 600 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний иенийн тус бондыг энэ онд багтаан гаргахаар төлөвлөж байна. “Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ гуравдугаар сард манай улсад айлчлах үеэр хоёр орны Засгийн газар томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Тэгвэл хоёр улсын төрийн мэдлийн банкууд хамтран ажилласнаар дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гарц нээгдэж байна” гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.