Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэлмэгдэгсдэд олгох нөхөн олговрыг 50 хүртэл сая төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина

 УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсэд болон тэдний ар гэрийнхнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн зарим заалтын үйлчлэлийг сунгахын хамт, тэдний амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн олговор олгох заалт бүхий хуулийн төсөл бэлдэж, УИХ-ын намрын чуулганаар өргөн барих гэж буй талаар дуулгав.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Цагаатгах өргөдлийг 2011 оноос хойш дахин хүлээн авахгүй гэсэн шийдвэрийг цуцалж, өргөдөл хүлээн авах хугацааг албан ёсоор сунгах, хэлмэгдэгсдэд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгож байгааг бага байна хэмээн үзэж байгаа тул үнийн дүнг нэмэх, ингэхдээ долдугаар сарын 1-нд болсон үйл явдлыг жишиг болгож, 50 сая төгрөгтэй дүйх хэмжээний нөхөн олговор өгөх ёстой. Тиймээс энэ бүх асуудлыг тусгасан хуулийн төсөл боловсруулсан. Ирэх сарын 1-нд эхлэх намрын чуулганаар төслөө албан ёсоор өргөн барьж, шийдвэрлүүлнэ” гэв.

Өнгөрсөн хугацаанд төрөөс нийт 17000 гаруй хүнд 16 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгчээ. Хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдийн төлөөлөл болох 16 хүнд мөнгөн тэтгэлэг олгосон юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэж буй. Энэ өдөр Сонгинохайрхан ууланд байх Хэлмэгдэгсдийн булш, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд тус тус цэцэг өргөнө. Мөн Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх бөгөөд хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөлтэй төрийн удирдлагууд уулзалт хийх аж. Түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Монголын залуучуудын холбоо, Оюунлиг буддист нийгэмлэгтэй хамтран Чингисийн нэрэмжит талбайд 1000 залуусыг хамруулсан зул өргөх үйл ажиллагаа зохион байгуулах аж.


 Б.Сүрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.