Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ЯВААД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ ӨРЛӨГ ЖАНЖИН

БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн сүүлчийн гэрэл зургийн нэгийг Та харж байна. Энэ зургийг 1952 оны нэгдүгээр сард жанжны гэрт авчээ. Түүний амьдралын сүүлчийн өдрүүдийн нэг агшныг гэрэл зурагт хэн гэдэг хүн мөнхөлсөн нь тодорхойгүй. Бид энэ зургийг ахмад дипломатч Л.Батцэнгэл гуайн хувийн архиваас авсан юм. Энэ зургийг тэрбээр нас барахынхаа өмнөхөн буюу ЗХУ-д эмчлүүлэхээр явахаасаа хэдхэн хоногийн өмнө татуулсан аж.

Уйгаржин монгол бичгээр хэвлэсэн ном уншиж суугаа өрлөг жанжин ядрангуй мэт харагдана. Монголд ажиллаж байсан орос эмч, мэргэжилтнүүд ялангуяа, тус улсаас манай оронд сууж асан Элчин сайдын яамны зөвлөх М.Приходов түүнийг ЗХУ-д очиж эмчлүүлэхийг ихэд ятгах болсон гэдэг. Энэ тухайгаа тэрбээр Гадаад явдлын яамны сайд, өөрийн итгэлт хүн Н.Лхамсүрэнд “Биед зовиур гэхээр юм алга. Гэтэл Зөвлөлтийн нөхөд заавал хойшоо явж эмчлүүл гээд байх боллоо. Энд хийх ажил их тул би явмааргүй байдаг. Нутагтаа эмчлүүлье гэхээр манайхныг чадахгүй гэх юм” хэмээн ярьжээ. Гэсэн ч Зөвлөлтийн Элчин сайд, эмч нарын ятгалгаар тэрбээр арга буюу Орос руу явж, ядаж шинжилгээ хийлгэхээр болсон аж.

Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэн түүнтэй хамт явжээ. Тухайн үед ЗХУ-д суралцаж байсан туслах П.Шагдарсүрэн дэргэд нь байсан гэдэг. ЗХУ-д очоод мэс засалд яаралтай орох болсон байна. Мэс засал хийхдээ оросууд манайхнаас нэг ч хүн байлцуулаагүй аж. Монгол Улсын тусгаар тогтнол, улс гэрээ бүтэн авч үлдэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж асан энэ хүн 1952 оны нэгдүгээр сарын 26-нд харийн нутагт мэс заслын ширээн дээр өөд болсон юм. Оросын эмч, мэргэжилтнүүд ар гэрийнхэнд нь болон манайханд нэг их том бөөр л үзүүлсэн гэдэг. Энэ тухай Гадаад явдлын яамны сайд асан Н.Лхамсүрэн “Орос эмч нарын бөөр гэж үзүүлсэн тэр зүйл маш том байсан. Хүний бөөр тийм том баймааргүй юм. Тэгээд ч Х.Чойбалсан гуай бөөр өвдлөө гэдэггүй байсан” хэмээн ярьсан нь бий.


 Д.ЗАЯАБАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.