Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тони Блэйрийн Монголд ирэх гэж буйг нууцлаагүй гэв

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд нууцаар ирж, Оюутолгой тойрсон асуудлаар Засгийн газартай чухалчлан хэлэлцэх гэж байгаа тухай мэдээлэл саяхан гадаадын болон дотоодын цахим хуудсуудаар шуугисан. Тэгвэл энэ талаар хариулт өгөх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр улс төрийн карьерээ дуусгасны дараа өөрийн нэрээр сан байгуулж, олон жилийн туршид хуримтлуулсан туршлагадаа үндэслэн бусад орны Засгийн газарт зөвлөх үйлчилгээ явуулах болсон. Түүнтэй 20 гаруй орны Засгийн газар хамтран ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газарт тэрбээр жилийн өмнө хамтран ажиллах санал тавьжээ. Түүний дагуу Засгийн газраас хамгийн тулгамдаж буй таван чиглэлээр хамтрах хүсэлт илгээснээр Харилцан ойлголцлын санамж бичиг үйлдсэн байна. Үүнд боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөх, орон сууцны санхүүжилт гэсэн таван чиглэл багтжээ. Эдгээр чиглэлээр ноён Тони Блэйрээс бодлогын зөвлөгөө авсныхаа төлөө манай Засгийн газар нэг ч төгрөг төлөхгүй гэдгийг Ч.Сайханбилэг тэмдэглэн хэллээ. Учир нь тухайн үед төсвийн тодотгол хийж дууссан байсан тул зөвлөх үйлчилгээний хөлсийг төлөх боломжгүй гэдгийг ЗГХЭГ-аас мэдэгджээ.

Харин ноён Тони Блэйр хамтран ажилладаг Катар улсын холбогдох байгууллагууддаа хүсэлт гаргаснаар уг мөнгийг Катарын байгууллагууд гаргахаар болсон гэнэ. Засгийн газартай байгуулсан гэрээний хугацаанд Тони Блэйр гурван удаа манай улсад хүрэлцэн ирж, ажлын явцтай танилцахаар төлөвлөжээ. Үүний дагуу энэ сарын 7, 8-нд тэрбээр Монголд ажиллах юм байна. “Засгийн газар болон салбар яамд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Тони Блэйр” сангийн хамтын ажиллагаа нь дээрхийн л адил төсөл юм. Өөрөөр хэлбэл, ноён Тони Блэйр Ерөнхий сайд бус, жирийн нэг сангийн тэргүүн учраас Монголд ирэх гэж байгааг нь олон нийтэд заавал мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн. Түүнээс биш нууцлаагүй” хэмээн Ч.Сайханбилэг ярив.

Түүнчлэн ноён Тони Блэйр “Рио Тинто” компанитай ямар нэгэн холбоотой эсэх, Монголд зөвлөгөө өгөхөд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг гэрээ байгуулахаас өмнө шалгасны үндсэн дээр олон улсын хууль ёсны дагуу хамтран ажиллахаар болсон. Тиймээс “Оюутолгой”- н асуудлаар ямар нэгэн яриа хэлцэл хийнэ гэж хардах хэрэггүй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нэмж хэлсэн юм.


Р.Оюун

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.