Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хаалгачийн асуудал Английг тойрсоор

Английн шигшээ баг үеийн үед хаалгачийн асуудалтай тулгарч ирсэн. Энэ улсад дэлхийн хэмжээний шилдэг хаалгач хэзээ ч төрж байсангүй. Тэгээд дундаж хэд нь том тэмцээнд дандаа бүдүүлэг алдаа гаргана. Харин сүүлийн үед Жо Харт хэмээх залуу “Манчестер Сити” болон Английн шигшээд тогтвортой сайн тоглож, хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан. Энэ үед Английн балиашгууд хаалгачийн асуудалд санаа зоволтгүй боллоо гэж баярлаж байлаа. Гэвч баярлах эрт байжээ. Найдвартай хэмээн үнэлэгдсэн өнөөх хаалгач нь сүүлийн жил гаруйхны хугацаанд бүдүүлэг алдаа удаа дараа гаргаж, багаа хөөдөх болов. Ингээд түүний алдаануудыг тоочъё.

2012.09.18-“Реал”-ын эсрэг тоглолт

Аваргуудын лигт хоёр дахь удаагаа шалгаран оролцсон “Манчестер Сити” уламжлал ёсоор “Үхлийн хэсэг”-т багтаад байлаа. Тэдний эхний учраа нь оддын цуглуулга “Реал” байв. Мадрид хотод болсон тэрхүү тоглолтод “Сити” 85 дахь минутад 2:1-ээр тэргүүлж явсан ч эцсийн дүндээ 3:2-оор хожигдсон. 87 дахь минутад Бенземагийн тийм ч хүчтэй биш бөмбөгийг алдахад хамгаалагч халхалсанаас харагдаагүй хэмээн уучилж болно. Гэтэл цаг дуусах мөчид Роналдугийн цохисон бөмбөг яг өөрийг нь чиглээд ирж явахад өмнөө ойлгоод алдсаныг нь яавч өршөөж боломгүй. Гараагаа ийнхүү бүтэлгүй эхэлсэн “Сити”-чүүд хэсэгтээ хамгийн сүүлийн байр эзэлсэн юм.

2012.10.17-Польшийн эсрэг тоглолт

ДАШТ-ий сорилгын эхний гурван тоглолтоос долоон оноо зулгаасан англичууд Польшид зочлон тоглолоо. 31 дэх минутад Руни гоол оруулж, “Гурван арслан” тэргүүлж эхлэв. Гэвч 70 дахь минутад Харт булангаас дамжуулсан бөмбөгийг таслах гээд зөрж, эцсийн дүндээ англичууд гурав биш, нэг оноотой гэртээ харьсан юм. Одоо Английн балиашгууд энэ алдсан хоёр оноо урьдчилсан шатны төгсгөлд битгий гай болоосой хэмээн залбирч буй.

2012.11.11-“Тоттенхэм”-ийн эсрэг тоглолт

“Тоттенхэм”-ийн эсрэг хийсэн уг тоглолтод Харт Куэлларын мөргөсөн бөмбөгийг хаасан ч барьж чадалгүй алдан хаалгандаа оруулчихсан. Гэхдээ “Сити” хариуд нь хоёрыг нөхөн хийж чадсан болохоор Хартын алдааг хүмүүс нэг их удалгүй мартчихсан юм.

2012.11.14-Шведийн эсрэг тоглолт

Тус тоглолтоос гуравхан хоногийн дараа Английн шигшээ Шведтэй нөхөрсөг тоглолт хийв. Энэ тоглолтод З.Ибрагимович покер хийж, англичуудыг 4:2-оор хожсоныг хүмүүс санаж буй байх. Ибра сүүлийн гоолоо 20 гаруй метрээс унаж татан хийж, бардам англичуудыг элэг доог болгосон билээ. Буруутан нь өнөөх Жо Харт. Учир нь тэр 16-гийн гадна гарч бөмбөгийг таслах гээд бүтэлгүйтэж, Златанд тэрхүү гайхамшигт гоол оруулах эхлэлийг тавьж өгсөн юм.

2012.12.26-“Сандерлэнд”-ийн эсрэг тоглолт

Зул сарын баярын маргааш болсон “Манчестер Сити”-“Сандерлэнд”-ийн тоглолт нэлээн ширүүхэн үргэлжилж байлаа. “Хар муурнууд” уг тоглолтод А.Жонсоны ганц гоолын ачаар лигийн аваргуудыг шороодуулж, бяцхан сенсаац дэгдээсэн юм. 16-гийн гаднаас цохисон түүний бөмбөгийг Харт хаах боломжтой байсан ч суган доогуураа алдчихсан.

2013.02.09-“Саутгемптон”-ы эсрэг тоглолт

Энэ өдөр даруухан “Саутгемптон” хүчирхэг “Сити”-г бүх талаараа дээрэлхэж, 3:1-ээр хожсон. Хоёр дахь гоолын буруутан нь мэдээж манай баатар. Тэр айлын тоглогчийг цохисон бөмбөгийг гүйцэд хааж чадалгүй өмнөө алдаж, улмаар тэр нь гоол болон хувирсан. “Жо өнөөдөр сайнгүй байлаа. Хэтэрхий олон алдаа гаргасан. Ялангуяа хоёр дахь гоолын алдаа үнэхээр аймшигтай” хэмээн Манчини тоглолтын дараа ярьсан юм.

2013.04.27-“Вест Хэм”-ийн эсрэг тоглолт

Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн дөрөв дэх минут үргэлжилж байлаа. Энэ үед Харт эсрэг багийн тоглогчийн цохисон бөмбөгийг барьж авчихаад хоёр хөлийнхөө завсраар алдаж, бүдүүлэг алдаа гаргасан. Аз болоход “хотынхон” энэ тоглолтод 2:1-ээр ялсан юм. Хэрвээ тэр гоол ороод тэнцсэн бол Хартыг чиглэсэн шүүмжлэл нэлээн хүчтэй өрнөх байлаа.

2013.08.14-Шотландын эсрэг тоглолт

Энэ тоглолтод Шотландын Ж.Моррисон 11 дэх минутад баруун хөлийн хүчтэй цохилтоор гоолын салхийг хагалсан. Бөмбөг түүнийг чиглээд ирж явсан ч аюулыг зайлуулж чадаагүй. Гэхдээ түүний алдааг багийн андууд нь залруулж, тэрхүү нөхөрсөг тоглолтод Английн шигшээ 3:2-оор хожсон юм. 2013.08.25-“Кардифф”-н эсрэг тоглолт Саяхны тоглолт болохоор хүн бүр санаж буй байх. 79 дэх минутад Харт булангаас дамжуулсан бөмбөгийг хатгаж гаргах гээд зөрж, улмаар Ф.Кэмпбеллд гоол оруулах боломж олгосон. “Кардифф” энэхүү гоолыг оруулснаар 2:1-ээр тэргүүлэх болж, улмаар 3:2-оор сенсаацтай ялалт байгуулсан билээ.

Г.БАЯР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.