Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.ДЭМБЭРЭЛ: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ДОТООД УЛС ТӨРӨӨС ЭХТЭЙ

Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс цөөн асуултад хариу авлаа.

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй талаар эдийн засагчид мэдэгдэж байгаа. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Нэг хэсэг нь улс орны эдийн засгийн байдал хүндэрч байна гэж үзэж байхад нөгөө нь “харьцангуй гайгүй” гэж байна. Эдийн засаг гайгүй гэж үнэлж байгаа хүмүүс статистикийн мэдээнд найдсан байна лээ. Улс орны эдийн засгийг бодитоор хардаг хоёр нүд бий. Эдийн засгийг макро эдийн засаг талаас нь ажиж байх ёстой бол нөгөө талдаа ард иргэдийн нүдээр, бодитоор харж байх учиртай л даа. Амьдралд, ард иргэдийн нуруунд үнийн дарамт байна уу, мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ, гэрэл цахилгаан, халуун усны үнэ тогтвортой байж чадаж байна уу, цаашид өсөх нь үү, иргэд 20 мянган төгрөгөөр авч байсан бараа, таваараа нэг сарын дараа энэ үнээрээ авч чадах уу гэдэг нь өөрөө бодит эдийн засаг. Яг энэ талаас нь харвал эдийн засаг хүндэрсэн.

-Эдийн засгийн хүндрэлд гарц хайхын тулд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсон. Гэвч зарим улстөрчид “Улс орны эдийн засаг УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах хэмжээнд хүрээгүй” гэж үзэж байгаа сураг байх юм?

-Эдийн засагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэх ёстой гэж хамгийн түрүүнд дуугарсан хүний нэг нь би. Өнөөдөр улс орны байдлыг макро эдийн засаг талаас нь харж, өөрсдийгөө тайвшруулж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хийх эсэх дээр эргэлзэж байгаа бол буруу л гэж хэлнэ. Товчхон хэлэхэд ээлжит бус чуулганаар вальютын ханш өслөө гэсэн сандрал, хөөрлийг биш улс орны эдийн засгийг бодит байдлаар нь харж, цаашид авах арга хэмжээг нухацтай хэлэлцэх ёстой. Эдийн засгийн хүндрэлийг эс тоогоод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан албан ёсоор эхлэх аравдугаар сарыг хүргэнэ гэвэл хаана, хаанаа хэцүүдэх нь. Байдал өдрөөс өдөрт хүндэрч, хямрал ард иргэдэд муугаар нөлөөлнө. Тийм учраас ард иргэдийн төлөөллийн байгууллага УИХ энэ асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэж, гарах гарцаа тодорхойлох хэрэгтэй. Өнөөдөр вальютын ханш 1607-1609 төгрөгт хүрлээ. “Вальютын өсөлтийг өдрөөс өдөрт нэмээд явах уу, Монгол банкны интервенцид найдаад орхих уу, вальютын ханшны өсөлтөд буруу бодлого нөлөөлсөн үү, бодит шалтгаан нь юу байсан бэ” гэдгийг тогтоох ажлыг эхлүүлэх ёстой. Нөгөө талаар “Имфляц болон зээлийн хүүг нэг оронтой тоонд барьж, зээлийн хүүг багасгана” гэсэн зорилт тавьсан Шинэчлэлийн Засгийн газрын зорилт хэрэгжиж байгаа эсэхэд дүгнэлт хийх цаг ирж. УИХ Засгийн газрын энэ зорилтыг баталж өгсний хувьд хэрэгжилт нь ямар хэмжээнд явж байна. Хэрвээ хэрэгжээгүй гэж үзвэл цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой юм.

-Өнөөдрийн хүндрэл юунаас эхтэй гэж Та бодож байгаа вэ?

-Нарийн яривал эдийн засгийн энэ хямрал 2008 оноос эхтэй. Засгийн эрх барьж байсан МАН, АН-ын УИХ-ын сонгуульд зориулж амласан бэлэн мөнгөний амлалт, тэр үед үүсгэсэн хавтгайрсан халамжийн тогтолцоо өнөөдөр Монголын эдийн засгийн бодлогыг алдагдуулж, ямар ч үр дүнгүй болгосон. Сүүлийн үед өрнөж буй эдийн засгийн бууралт, вальютын ханшийн огцом хэлбэлзэл, инфляцын дарамт бол ердөө дотоод улс төр, эдийн засгийн шалтгаанаас үүдэлтэй.

-Засгийн газрын гишүүд эдийн засгийн хүндрэлийг өмнөх засагтай холбон тайлбарлаж эхэлсэн байна. Тэд “Засаг барьсан нэг жил бага хугацаа. Эдийн засгаа аврах гэж оролдоод дийлсэнгүй” гэх ойлголтыг өгч буй бололтой?

-Сүүлийн үед ийм яриа гарч байгаа. Гэхдээ мууг нь ярихдаа сайныг нь бас яривал зүгээр л дээ. Үнэнийг хэлэхэд улс орны хувьд амин чухал төрийн залгамж чанар манайд алдагдсан. Үүний нэг жишээ, улст өржс өн илэрхийлэл нь ийм аясаар илэрч байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ өнг өрсөн жилүүдэд улс орны эдийн засаг халамжийн хэлбэртэй явж ирсэнд Ардын нам, Ардчилсан нам хоёр хоёулаа буруутай. Энэ хоёр нам хамтарч засаг барьж байсан уу гэвэл тийм. Харин одоо Ардын нам нь эрх мэдлийг илүү атгаж, Ерөнхий сайд нь энэ намын хүн байсан гэдэг талаас нь хараад байх шиг байна. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн цагийг дурсаж, “Энэ намыг засгийн эрх барьж байх үед улс орны нөхцөл байдал ийм байсан” гэх мэт яриа гаргаж байхаар “Нэг жилийн өмнө ийм байсан улс орны нийгэм, эдийн засгийг бид нэг жилийн дараа энэ хэмжээнд хүргэлээ. Энэ хугацаанд ийм зүйл дээр алдаж, ийм зүйл дээр оносон” гэж хэлээд сууж байх ёстой болов уу. Үнэндээ бол ганц Засгийн газар ч биш УИХ ч энэ талаар ярих ёстой.

-Өнөөдрийн хэмжээнд хүртэл сульдсан эдийн засгийг хурдан хугацаанд тогтворжуулах нь чухал. Ингэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Юуны өмнө улс орны эдийн засгийн бодит байдлыг зөв дүгнэж, цаашид яах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тухайлбал вальютын ханшийг яаж тогтворжуулах вэ, имфляцыг хэрхэн барих, бодит эдийн засаг, түүний дотор бичил эдийн засаг, дунд бизнесийн идэвхжлийг яаж хангах вэ, гадаад орчин буюу хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал, Оюутолгойг оруулж тооцоод гадаадын хөрөнгө оруулалтаа яаж цэгцлэх вэ, энэ чиглэлүүдэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгээ тооцож, цаг алдалгүй шийдвэр гаргах ёстой. Энэ талаар УИХ Засгийн газарт чиглэл өгч, тэр шийдвэр нь амьдралд хэрэгжихийг ард иргэд хүлээж байна. Ер нь цаашид эдийн засгийн бодлогыг үнэлж дүгнэхдээ дан ганц ДНБ гэдэг нэг үзүүлэлтээр харах биш ДНБ-ийг бүрдүүлж байгаа салбаруудын бүтцээр харах, эсвэл хэлхээ холбоотой салбаруудын бүтцээр үнэлэлт, дүгнэлт хийдэг болмоор байгаа юм. Бид өнөөдөр хуримтлал, хэрэглээ, хөрөнгө оруулалт нь хоорондоо яаж уялдаж байна вэ гэдгийг илүү өргөн хүрээнд хардаг макро эдийн засгийн бусад үзүүлэлтийг ашиглах нь зөв. Нөгөө талаар нүүрс, зэс ярьсан эдийн засгаас хүний эрүүл мэнд, амьдарч байгаа орчин тойрныг ярьдаг эдийн засагт анхаарал хандуулах цаг ирж. Тийм учраас УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулган ийм ажил хэрэгч хурал болох ёстой.


 Д.ОТГОНЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.