Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

21 сургуулийн захиралд сурагчийн дүрэмт хувцас хүлээлгэж өглөө

Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт “зочин” ихтэй байлаа. Учир нь энэ удаа Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудын нэг болох сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрүүд хэрхэн хийсэнтэй танилцсан юм. БШУЯ, ҮХААЯ, Хөдөлмөрийн яамнаас хамтарсан Ажлын хэсэг ажиллаад өнгөрсөн тавдугаар сард загварыг нь бэлэн болгосон. Хонины ноосоороо даавуу хийж, хувцсаа урласан учраас ноос угаах, ээрэх, сүлжих, нэхэх үйл ажиллагаа явуулдаг дотоодын 138 үйлдвэрлэгч сурагчийн дүрэмт хувцас бүтээхэд оролцсон юм байна. Энэ үеэр бага, дунд, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг хүүхдүүд өмсөж танилцуулсан. Монгол хонины ноосоор БНСУ-д даавуу үйлдвэрлэжээ. Материалын 40 хувь нь ноос, 60 хувь нь полиэстер аж. Агаар сайн нэвтрүүлдэг, бөөгнөрөхгүй, харшил үүсгэхгүй, цахилгаанжихгүй гэх мэтээр материалын давуу талыг тодотгоно лээ. Дүрэмт хувцас үйлдвэрлэхэд зориулж 26 тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэгчдэд олгосныг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав танилцуулав.

Тэрбээр “Даавуу нэхэх үйлдвэрийг бондын хөрөнгөөр эх орондоо дараа жил гэхэд байгуулна. Уг ажил жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хамарсан. Мөн МСҮТ төгсөгчид оролцсоноороо онцлог” гэлээ. Цөөхөн компани оёсон, их мөнгө цацсан гэх мэт шүүмжлэлд Ерөнхий сайд хариу хүссэн. Сурагчдын хувцас бэлэн болж, эцэг эхчүүд худалдаж аваад эхлэхээр зээлд зориулсан мөнгө Хөдөлмөрийн яаманд буцан төвлөрнө гэдгийг сайд хэлэв. Материал нь агших эсэхэд баталгаа өгч, тийм асуудал гарвал буцаан аваад сольж өгөх үү хэмээн Ерөнхий сайд “Монгол ноос” компанийн захирлаас лавлаад “Олон улсын лабораторид шинжлүүлсэн, агшихгүй гэдэгт баталгаа өгнө. Үнэхээр асуудал гарвал буцааж аваад сольж өгнө” гэсэн хариулт авсан. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн дотоодын үйлдвэрлэгчдийнхээ хийсэн ажилд сэтгэл хангалуун байгаа аж. Тэрбээр “Манай дизайнерууд сайн ажилласан. Хүүхдийн биед эвтэй байх талаас загвараа бодолцсон” хэмээн магтав. Манай улс 500 мянга гаруй сурагчтай. Сургуулиудаас 300 гаруй мянган сурагчийн хувцасны захиалга өгсөн гэнэ. Одоогоор 350 мянган хувцас бэлэн болсон юм байна. Дээрх уулзалтын үеэр ерөнхий боловсролын 21 сургуулийн захирал сурагчийн дүрэмт хувцасны дээжээ хүлээн авсан.

Я.СанжмЯтав: Оюутолгой 898 ажилтныг чөлөөлөх тушаал гаргасан байна

Үүний дараа Хөдөлмөрийн сайд ажлын байрны талаар мэдээлэл хийв. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 150.000 ажлын байр бий болгохоор амласан. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 30522 ажлын байр шинээр бий болгосон аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор найман ч төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Эдгээрийн нэг нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”. Нийт 6925 мэргэжилтэн бэлтгэнэ. Таван сарын турш хүүхдүүд цалинтай суралцаж байгаа юм. Энэ хүрээнд ажил олгогч 900 гаруй байгууллагатай хамтарч байгаа. Эхний төгсөгчдөөс 1500 нь байнгын ажлын байртай болсон байна. МСҮТ төгсөгчдийн тухайд 61 хувь нь ажилтай болжээ. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухайд одоогоор манай улсад гадаадын 18725 ажилчин ажиллаж байгаа юм.

БНСУ-ыг зоригчдын тоо өмнөх онд 2565 байсан бол одоо 1400 гаруйгаар буурсан байна. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссоноос болоод 1700 хүн ажилгүй болсон гэсэн мэдээлэл бий. Салбарын сайд нь энэ талаар “Оюутолгой 22 компанитай гэрээгээ цуцалсан. Үндсэн ажилтан болох 61 хүний ажлын байрыг дотроо шилжүүлж зохицуулсан байна. 898 хүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Үлдсэн 802 хүний тухайд дараагийн ажлын байранд шилжүүлэх боломж бий. Тушаал нь гарсан хүмүүсээ ч бас дараа дараагийн ажилдаа аваач гэсэн санал тавиад байгаа” гэлээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан ургац хураалтын талаар товч мэдээлэл өгөв. Урьдчилсан балансаар бол манай улс энэ намар 404 мянган тонн улаан буудай хурааж авах нь. Дотоодын жилийн хэрэгцээ 240 мянган тонн учир үүнийгээ 100 хувь хангах боломжтой юм байна. Хурааж авах улаан буудайнаас 318.000 тонныг нь гурилын үйлдвэрүүдэд, 44 мянган тонныг үрэнд, 33 мянган тонныг тэжээлд гэх мэтээр хуваарилахаар төлөвлөжээ. Мөн 15.1 мянган га талбайд төмс тариалснаас 291.8 мянган тонн төмс хураах юм байна. Хүнсний ногооны тухайд 103.5 мянган тонныг хураахаар тооцжээ.

Төмөр зам барих ажил 3.8 км-ээр ахив

Зам, тээврийн сайд Л.Гансүх ажлын явцаа мэдээлэв. Төмөр зам барих ажил өмнөх долоо хоногоос 3.8 км-ээр ахисан байна. Өмнөговь, Хөвсгөл аймагт ажлаа хийж чадахгүй байгаа компаниудын замыг өөр компанид шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийджээ. Тухайн газруудад ажиллаж буй компаниудад замын ажил нэмж өгснөөр асуудлыг шийдсэн байна. Ингээд эзэнгүй зам байхгүй болсон аж. Энэ онд хатуу хучилтаар холбох ёстой зургаан аймгийн түрүүчийнх нь болох Баянхонгорын замын нээлт өнөөдөр болно. Бусад нь төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахаа амлав. Цонжин болдог руу явсан замын ажил юу болж байгааг Ерөнхий сайд асуугаад “Гэрээ ёсоор бол аравдугаар сарын 31-нд дуусна. Гэхдээ бид шахна. Нийт 24 км зам тавихаас одоо долоо нь л үлдээд байна” гэсэн хариу авлаа. Бөхийн өргөөний өмнөх уулзварыг өчигдөр нээх байсан ч чадаагүй. “Зүтгүүлээд дийлсэнгүй, энэ сарын 28-нд нээнэ” гэж салбарынхан нь учирлав.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.