Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оддын дампуурал

Мэргэжлийн спортын тамирчид залуудаа их хэмжээний мөнгө олдог ч үүний хэрээр үрж дуусгадаг билээ. Хэдэн арван сая ч биш, замналынхаа турш зуу, зуун саяыг олдог ч ухаангүй бодлого, үрэлгэн зангаасаа болж дампуурсан 10 тамирчны талаар өгүүлье.

10. Аллен Айверсон

Аллен 14 жилийн карьерийнхаа турш зөвхөн цалин л гэхэд 154 сая ам.долларыг олсон байдаг. Оргил үедээ тэрбээр “Reebok” компанитай таван жилийн 50 саяын гэрээг байгуулаад зогсохгүй, дараа нь үүнийгээ шинэчилж бүх насаараа тус компанийг сурталчилсан анхны тоглогч болсон. Харамсалтай нь түүнийг гай дайрч, Денвер болон Атланта дахь хоёр ч эдлэнгээ банкинд хураалгаж, эхнэрээсээ салж, мөрийтэй тоглоомонд ихэнх мөнгөө алдсан гэдэг. Өдгөө Аллен дансан дахь 30 сая долларт 2030 он хүртэл гар хүрэх эрхгүй болчихоод байна.

9.ЖаМаркус

Руссель NFL-ийн ирээдүйтэй залуу холбогчдын тоонд багтаж явсан ЖаМаркус Руссель 2007 онд драфтаар “Оклэнд Рэйдерс” багт очсон. “Рэйдерс” ирээдүй болсон тоглогчтой дөрвөн жилийн 61 сая долларын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэвч хар тамхины улмаас Руссель мэргэжлийн замналаа удаан үргэлжлүүлж чадсангүй. Тэрбээр шоронд суух нь тодорхой болж, эдлэнгийнхээ мөнгийг ч төлж чадахгүй болтлоо уруудсан юм.

8.Майк Тайсон

Мэргэжлийн боксын домогт аварга тун удахгүй амьтны сувгаар “Taking On Tyson” нэртэй шоугаараа та бидэнтэй уулзах гэж байна. Амжилттай он жилүүдийнхээ үрээр Майк 400 сая “ногоон” олсон ч хар тамхи, гэмт хэргийн улмаас өдгөө дампуурсан оддын тоонд орж буй. Аргаа барсан ахмад боксчин төлбөрөө төлөхийн тулд телевизийн сувгаар бидэнтэй уулзахаас татгалзсангүй.

7.Эвандер Холифильд

Боксын ертөнцөөс дампуурсан ганц хүн нь Тайсон биш. Мэргэжлийн боксын аваргын бүсийг дөрвөн удаа эзэмшиж явсан Эвандер Холифильд ч бас ийм асуудалд орсон. Энэ нь ердөө хоёрхон шалтгаантай. Эхнийх нь маш их алдагдалтай бизнес түүнийг ийм зам руу түлхсэн бол сүүлийнх нь олон хүүхдийн мөнгө төлдөгт байгаа юм.Тэрбээр зургаан өөр эмэгтэйгээс нийт 11 хүүхэдтэй. 2008 онд Атланта дахь 109 өрөөтэй эдлэнгээ зээлийн улмаас алдсан гэнэ.

6.Жон Дэли

Баячуудын спорт гэгддэг гольфт Жон Дэли нэгэн үе гялалзаж байлаа. Харин тэр хэсэгтээ л мөнгөгүй, ядуу нэгэн болж хувирсан. 2004 оноос архины эмчилгээнд хийлгэж, дурсамж ном хэвлүүлэхдээ 60 сая долларыг юу ч үгүй үрчихсэндээ харамсаж явдгаа бичсэн байдаг.

5.Ленни Дюкстра

MLB-гийн “Нью-Йорк Метс”, “Филадельфи Филльес” багуудад тоглож, гурван удаа “Бүх одод”-ын тоглолтод оролцсон Ленни 1997 онд зодог тайлсан. Их спортоо орхисноос хойш бизнесийн ертөнцөд хөл тавьж, машин угаалгын газар ажиллуулж эхэлсэн боловч 2007 онд түүнийгээ зарсан юм. Энэ хооронд сэтгүүл гаргаж үзсэн ч бас л бүтэлгүйтэв. Өр зээлэнд ороогдсон тэрбээр бүх мөнгөө банканд алдсан гашуун түүхтэй.

4.Майкл Вик

NFL-ийн “Филадельфи Иэглс”- ийн холбогч Вик нохой зодолдуулсан хэргээр 18 сар “аавын хаалга” татсан. Үүнээс үүдэн тэр олон сая долларын гэрээгээ алдаж, хамтарч ажилладаг байсан бизнесийн байгуулагууд нь нүүрээ буруулснаар бүр мөсөн дампуурав. Өдгөө тэр бүхнийг шинээр эхлүүлж буй.

3.Энтони Уолкер

NBA-д 12 жил тоглохдоо 110 саяаас илүүг олсон Уолкер зодог тайлаад хэдхэн жилийн дараа хөгжлийн лигт тоглох болсон нь сагсан бөмбөгөө санасных биш байв. Мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө алдсан түүнд мөнгөний хэрэг гарсан учраас эргэн ирсэн хэрэг. Тэр зөвхөн цалингаараа амьдраагүй. Ид үедээ “Adidas” брэндтэй гэрээ байгуулж, 1999 онд “NBA Live 99” видео тоглоомын эхний нүүрэнд заларч, 60- 65 орчим сая “ногоон” олсон.

 

 

 

2.Лэтрелл Спрюэлл

NBA-гийн хамгийн сахилгагүй тоглогчдын нэг Лэтрелл 2005 онд “Миннесота Тимбервулвз” багийнхаа тавьсан гурван жилийн 21 сая долларын гэрээнээс татгалзсан шалтгаанаа “Дээрх мөнгө үр хүүхдээ тэжээхэд хангалттай хүрэлцэхгүй” хэмээн тайлбарласан аж. Эдлэн газрынхаа сарын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн Лэтрелл 2005 оноос лигт тоглоогүй юм.

1.Скотти Пиппен

Нэгэн цагт “Чикаго Буллз”-ын од асан Скотти Пиппен карьерийнхаа турш 120 сая долларыг зөвхөн цалингаасаа олсон гэдэг. Харамсалтай нь домогт тоглогч дампуурлаа зарлаж, энэ бүхнээс гарахын тулд өөрийн эд хөрөнгөө зарсан байна. Өдгөө тэр NBAгийн арын албанд ажиллаж байна.

 

Э.ТЭМҮҮЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.