Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕРӨНХИЙ САЙД “БЭЛЭГ” АВЧЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын ханш өсөж, эдийн засгийн байдал хүндэрч буйг “далимдуулсан” шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах санаачилга сэм өрнөж буй. Тэгвэл “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаараа Н.Алтанхуяг сайд өчигдөр энэ бүхэнд тайлбар өглөө. Засгийн газрын хийсэн бүхнийг харлуулах, эдийн засагт үүссэн жижиг хүндрэлийг томруулах замаар түүнийг огцруулах кампанит ажил өрнөж буйг тэр хүлээн зөвшөөрсөн юм.

“Ардчилсан нам гарч ирээд бүгдийг барьж хорьдог болсон, сонгуульд зориулсан учраас найман хувийн хүүтэй зээл одоо зогсоно, валютын ханш өссөн тул бүх зүйлийн үнэ дагаад нэмэгдэнэ” гэх мэт яриаг “хэсэг бүлэг хүн” зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, кампанит ажил өрнүүлж байгаа гэв. Гэхдээ тэр хэсэг бүлэг хүн нь сөрөг хүчин үү, нам доторх өөрийнх нь суудалд санаархагчид уу гэдэгт тайлбар өгсөнгүй. Бас энэ кампанит ажлыг Засгийн газар байгуулагдсаны жилийн ойд зориулсан “бэлэг” хэмээн үзэж буй аж. Тэрбээр “Хавар Засгийн газрын эсрэг явуулсан ажиллагаа нь бүтэлгүйтсэн, энэ удаа ч жижиг бэрхшээл, хүндрэлийг ашигласан кампанит ажил үр дүнгээ өгөхгүй” хэмээн өнөөх “хэсэг бүлэг хүн”-дээ хандан хэлэв.

Мөн “Тооцоо сул, үндэслэл муу яриа их гарч байна. Эдийн засаг ямар байгааг хэн нэг нь дүгнэхгүй, үүнийг статистикийн баримтад тулгуурлан ярих ёстой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээн дээр тулгуурласан таван үзүүлэлтийг би хэлье. Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай эдийн засгийн өсөлт 11.3 хувьтай байна. 2012 оны төгсгөлд өсөлт 12.4 хувь байсан юм. Тэгэхээр эдийн засаг гайгүй байна. Үүнийг тойроод хэн нь үнэн, хэн нь худал хэлээд байгааг ярилцъя. Инфляц 2012 онд 14 хувь байсан бол одоо 8.3 хувь болж буурсан. Үнийн өсөлт оны эхнийхээс 6.5 хувиар буурч, дөрвөн хувь боллоо. Үнийн өсөлтийг хязгаарлахаар Засгийн газраас явуулсан бодлогын үр дүн нь энэ. Энэ онд ажлын байр 37 мянгаар нэмэгдсэн. Барилга, хөдөө аж ахуйн салбар хурдацтай хөгжиж байна. Тэгэхээр гурван үзүүлэлт нь эерэг, хоёр нь сөрөг гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалт яагаад буурсныг хэлье.

Оюутолгойн анхны хөрөнгөө оруулж дууссан, алтны зарим компанийн үйл ажиллагааг зогсоо сон нь нөлөөлсөн. Гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар хязгаарлалаа гэх мэтээр ярьж байна. Үүссэн хоёр сөрөг үзүүлэлтийг давж гарахын тулд Засгийн газар ажиллаж байгаа. Бидний эрх мэдлээс хэтэрч, хууль гаргах хэрэгтэй бол УИХ-д хандана” гэлээ. Эдийн засагт үүссэн түр зуурын энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар ажиллаж байгааг ч дуулгав. Үүнтэй холбоотой цацагдсан зарим ярианд бас тайлбар хийсэн. “Засгийн газар мөнгөгүй болсон, татвар нэмэх замаар энэ асуудлаа шийднэ гэж буй нь худал. Татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ үүнд татвар нэмэх талаар тусгаагүй. Олон байгууллага “Х тайлан” гаргах болсныг цэгцлэх заалт оруулсан юм. Шатахууны үнэ өсөхгүй, үнэ тогтворжуулах хөтөлбөр ийм үед л өгөөжөө өгч байгаа. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Ерөнхийл өгчийн сонгуульд зориулсан гэж цуурсан. Сонгууль дууссан ч хөтөлбөр үргэлжилж байгаа учир одоо нийгэмд хий айдас үүсгэж байна.

Оюутолгойн үйл ажиллагаа зогсоогүй. Анхны хөрөнгө оруулалтаа дууссан, зэсийн баяжмалаа гаргаж байгаа. Далд уурхайн үйл ажиллагааг зогсоосноор үндсэн 61 ажилтны асуудал ярьж байгаа юм билээ. Харин 1700 хүн гэдэг бол туслан гүйцэтгэгч компанийн хүмүүс. Тэд үнэхээр ажилгүй болох юм бол Хөдөлмөрийн сайдтай хамтарч ярьж байгаад Засгийн газар тэднийг ажлаар хангаж чадна” гэлээ. Түүнээс сэтгүүлчид зарим зүйл тодруулав.

-Халагдсан 1700 ажилчны дунд банкны зээлтэй хүн олон. Энэ асууд лыг яаж шийдэх вэ?

-Тэднийг өөр ажлын байраар хангах боломж Засгийн газарт бий. Гэхдээ “Оюутолгой”-д өгч байсан шиг өндөр цалин амлаж чадахгүй.

-УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 16-нд хийнэ гэсэн яриа байна. Засгийн газар эдийн зас гийн хүнд рэлийг давах санал, төлөвлөгөөгөө боловсруулж дууссан уу. Төсөвт тодотгол хийх үү?

-Ээлжит бус чуулганаар бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг оруулж хэлэлцүүлнэ. Гадаад, дотоод хэн ч байсан тодорхой хөрөнгө оруулсан бол тодорхой хугацаанд хөдлөхгүй байх ёстойг тусгасан. Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бий болгох зорилготой. Төсөвт тодотгол хийх талаар одоохондоо яриагүй, шаардлагатай бол УИХ-д төсвийн төслийг өргөн барина.

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн экс гишүүдтэй уулзаж, эдийн засгийн хямралын талаар ярилцсан. Тэндээс гарсан саналыг бодлогодоо тусгаж байна уу?

-Хөрөнгө оруулалтыг тогтвортой болгож, экспортоо нэмье гэж ярьж буй маань тэндээс гарсан санал.

-Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссон, нэмэлт хөрөнгө шаардлагатай байгаа. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө нэмж гаргах хэрэгтэй гэдгийг Засгийн газар зөвш өөрсөн. Хөрөнгө оруулалтаа нэмбэл Монголд ашиггүй гэсэн яриа гарсан. Энэ бол ташаа ойлголт. Ирэх долоо хоногт манай хүмүүс Лондон явна, хоёр талаасаа яриа хэлэлцээ хийнэ.

-Бизнес эрхлэгчдийг барьж, хорьж байгаа тухай мэдээлэл их байна. Бизнесийн асуудалд улс төр хэт холилдсоноос ийм байдал үүслээ, бизнес эрхлэгчдийг хав чиж байна гэх мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Нийгмийг хардлага, сэрдлэгийн уурхай болгох гэсэн хэсэг байгааг хэлье. Ц.Буяндоржийг баривчиллаа гээд мэдээлсэн, хэн баривчилсан юм бэ? Би цагдаагийнхныг дуудаад асуулаа, тэд “Бид хийгээгүй” гэж байна. Ер нь АН-ынхан гарч ирснээр баривчлах, хорих явдал гаарсан мэт ойлголт төрүүлэх сонирхолтой хэсэг байна. Цагдаа, ТЕГ, АТГ, УПЕГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас л хүнийг хорих эрхтэй. Би нэг жил ажиллахдаа хэн нэгнийг хориогүй, харин ч баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллаж байгаа. Энэ бүхнийг бодолцож, аливаа мэдээллийг цацахдаа сайн нягталж байгаач гэж сэтгүүлчдээс хүсье.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.