Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бяцхан ханхүү Жорж Александр Луи

 Букингемийн ордны өмнө, Гэгээн Мариягийн эмнэлгийн орох хаалганы дэргэд цугласан олон түмэн “хүү, хүү” хэмээн хашгирч байв. Энэ үгийг Канад, Австрали болон Британийн хамтын нөхөрл өлд багтдаг 52 оронд уухайлан түрэв. Өдөрт хоёр саяас доошгүй хувиар хэвлэгддэг “The Sun” сонинд ч ийм нэртэй өгүүлэл нийтлэгджээ. Эртний хаант ёс асар бат бэх болохыг, түүнийг олон зууны уламжлал төдийгүй хайр гагнаж байдгийг Кейт Миддлтон гэх бүсгүй, хунтайж Уильям хоёрын дундаас төрсөн хүү харууллаа.

Сэтгэлийн хатан тэвчээртэй, ихэд сүсэгтэй II Элизабет хатан хааны сэтгэл бороо шивэрсэн тэр өдөр хэчнээн их хөдөлсөний учир ч энэ байв. Түүнийг гучаа үзэхээр Кенсингтоны ордонд хүрэлцэн ирэхэд хажууд нь нөхөр нь байсангүй. Учир нь 92 настай Филипп зургадугаар сарын эхээр мэс засал хийлгэснээс хойш бие нь сайнгүй байгаа аж. Элизабет, Филипп хоёр биендээ үнэнч явахын тангараг өргөсөн 1947 оны арваннэгдүгээр сарын 20-ноос эхэлсэн энэ гайхамшигтай гэр бүлийн түүх ертөнцийн жамаар ч гэлээ төгсөж болзошгүй талаар британичууд бодохоос ч халгаж байдаг юм.

Британийн хатан хаан нь өөрийн хувийн амьдралаас дээгүүрт үзэж байх эрхэм дээд суудлын эзэн юм. Тэрбээр хаант засаглалын уламжлалыг хадгалагч билээ. Түүний алхам бүр нь, бодол санаа болгон нь өндөр сэнтийд заларч асан өмнөх үеийнхээ үлдээсэн өв уламжлалыг хайрлаж, хамгаалах ганц зорилгод чиглэж байдаг. Удамд нь хүү төрс өнд, түүний эхэд хатан хаан баярлаж буй нь ч чухам үүнээс эхтэй юм. Хаан суудлыг шууд залгамжлагчид нэр сонгоно гэдэг асар чухал үүрэг бий. Тэгээд хүүд Жорж Александр Луи буюу хожим нь Кэмбрижийн хунтайж Жорж гэж товчлон дуудах нэрийг сонгосон нь санамсаргүй юм биш. Юуны урьд хүүгийн эцэг, эх хоёр хатан хааныг баярлуулахаар шийдсэн аж. Хатан хааны хайртай эцэг, VI Георг, өвөө V Георг нь Жорж гэдэг байж. Хүүгийн нэрэнд байгаа “Александр” гэдэг үгийг хэвлэлүүд хатан хаан агсан Викториятай холбон бичиж байна. Түүнийг залгамжлахдаа Оросын эзэн хаан I Александрын дурсгалд зориулж Александра Виктория хэмээн нэрийдсэн гэнэ. Энэ нэр Кейтийн санаанд айхтар нийцсэн гэж хэвлэлд мэдээлж байна. “Луи” гэдэг нь Уильямын эцэг хийгээд өвөөд нь барьж буй бэлэг гэнэ. Хатан хааны нөхөр Филиппийн ойрын төрөл, тухайн цагтаа Британийн флотыг командалж, Энэтхэгийн вангийн орлогч явсан, Чарльзыг багад нь хүмүүж үүлж байсан Луи Маунтбаттен гэдэг хүн байжээ. Тэрбээр Ирландын БНУ-ын армийн алан хядагчийн гарт харамсалтайгаар амиа алдсан юмсанж.

Бяцхан хүүгийн нэрийг тэр дор нь олны сонорт хүргэсэн нь хатан хаан II Элизабет таашаасны илрэл юм. Кейт Миддлтон ч хатан хаан, түүний хүү Чарльз, гэргий Камилла, Уильямын дүү, хунтайж Гарри нарын санаанд нийцсэнээс л эрхэм дээдсийн босгоор алхсан байж таарна. Тэгэхдээ Кейт хийгээд эдгээр хүмүүсийн хооронд аятай уур амьсгалыг Уильям л бий болгосонд эргэлзэх юун. Ээждээ (Диана гүнжид) тохиолдсоныг Уильям мэдэлгүй яах вэ. Амьдрал мэдэхгүй, гойд боловсролгүй 20 настай охин, түүнд хайртай биш 35 настай гоонь эр хоёр тэгэхэд юуны ч туханд хүрэлгүй хурим хийчихсэн нь тун болчимгүй туршилт болсон билээ. Уильям нэр хүндтэй Сент-Эндрюсийн их сургуульд сурч байхдаа танилцсанаас хойш ирээдүйн ханиа есөн жил харж явжээ. Тэд 28 настайдаа 2011 онд хуримаа хийсэн юм. Тэгвэл Элизабет, Филипп хоёр танилцаад 12 жил болж байж гэр бүл болсон байна. Уильямыг эелдэг, сэргэлэн, бүхий л талаараа өвөө Филиппийгээ өвччихсөн залуу гэж британичууд үздэг. Тэрбээр бас өөрийн гэсэн бодолтой, дарамт шахалтад автдаггүй хүн тул Миддлтон бүсгүй түүнтэй дэр нэгтгэснээр хана хэрэм шиг, хуяг дуулга шиг хүнтэй учирсан гэж хэлж болно. Тэгвэл Миддлтон урьд нь байгаагүй гал голомтыг, гэр бүлийг Уильямд бий болгож өглөө.

Уильям хадмындаа очихоороо хайр халамжинд умбадаг аж. 57 настай хадам ээж Кэрол нь ням гаригт түүнийг очиход дуртай улаан дарсаар нь дайлдаг гэсэн. Уильямын хадмынх Лондоны төвд тансаг сууцанд амьдардаг аж. Тэд хүргэнтэйгээ хамт Карибийн тэнгист байх Мюстик арал дээр очиж амрах дуртай. Миддлтоныхон чинээлэг, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хүмүүс юм гэнэ лээ. Гэрийн эзнийг Майкл гэдэг. Түүний эцэг нь нисгэгч байж. Майкл, Кэрол хоёр “British Airways” компанид ажиллаж байх үедээ танилцсан байна. Охидоо төрүүлсний дараа тэд үйлчилгээний “Party Pieces” компаниа байгуулжээ. Кейтийн дүү охиныг Пиппа гэнэ, бас Жеймс гэж эрэгтэй дүүтэй. Аль нэг байдлаараа бусдын анхаарал татдаг хүн энэ гэр бүлд бас бий. Тухайлбал, хатагтай Кэролын ах Гэри Голдсмит гэж бизнесмэн, биеэрээ дүүрэн шивээстэй энэ эр дөрв өн удаа гэрлэсэн ер бусын амьдралын хэвшил болоод Ибица арал дээр байх өөрийн харшдаа биеэ үнэлэгч, мансууруулагчидтай байсгээд дуулиантай үдэшлэг зохион байгуулдгаасаа болоод папараццид байнга өртөж байдаг.

Кейтийн үеэл Катрина Дарлинг гэж 17 наснаасаа нүцгэлэх үзүүлбэр-шоунд оролцох болсон, одоо 22 настай эмэгтэй бий. Кейт, Уильям хоёрыг хуримласнаас хойш түүний нэр алдар хурдан өссөн гэж байгаа. Ер нь Кейт Миддлтоны талаар Английн болон дэлхийн хэвлэлүүдийн мэдээлэл эрээнтэй бараантай байдаг. Тэгэхдээ үнэнд нийцэх мэдээлэл нь жин дарна. Хунтайж Чарльз, түүний гэргий Камилла хоёр бэрдээ их сайн гэж “The Daily Mail” сонинд бичсэн байна. “Бид түүнтэй азаар учирсан” гэж сурвалжлагчтай ярилцахдаа Камилла дуу алдсан байсан. Кейт, Камилла хоёр хамтаар олон түмний өмнө гарсан нь цөөнг үй. Кейтийн аав, ээж Майкл, Кэрол нартай цуг театрт очиж байхыг нь ч хүмүүст харуулсан удаатай. Кейтийг одоо Камилла Паркер-Боулзтай харьцуулах болсон нь нууц биш. Зарим хэвлэлд Кейтийг “Глэдис” гэж нэрлэсэн тохиолдол бий. Камиллатай холбоотой болсон цагаасаа Чарльз түүнийг захидалдаа ийн нэрлэдэг байсан гэдэг. Хатан хааны гэр бүлийнхэн элдэв хэл амнаас ангид байгаагүй нь ойлгомжтой.

Хамгийн сүүлд л гэхэд Британийн 60 настай, зохиолч эмэгтэй Хилари Мантел Английн хаан байсан VIII Генрихийн хатан ааш авиртай гэгдэж асан Анна Болейний талаар лекц уншихдаа түүнийг Кейттэй зүйрлэв. “Түүнээс ямар ч ааш аяг гарч болно. Хиймэл инээмсэглэлтэй, нүд нь гал цоггүй. Тэрбээр ердөө үр удмаа үлдээхэд нь л хэрэгтэй” гэж Букеровын хоёр удаагийн шагналт зохиолч хэлжээ. Гэтэл Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өөр бодолтой явдгаа бас илэрхийлэв. “Гүнж Кейтийг олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцож байхыг нь, Олимпийн тоглолт болоод бусад олон үйл явдал дээр харах тохиолдол надад таарч байлаа. Тэрбээр маш сэтгэл татам, содон хүн бөг өөд Британийг сайнаар төлөөлж чадаж байна. Үүгээр бид бахархах ёстой” гэж хэлсэн байна. Кейт Миддлтоныг юу гэж хэллээ ч тэрбээр Виндзорын удмынхны хувьд шинэ уур амьсгал нь болж яваа хүн. Уильямтай түүний тогтоосон холбоо нь “Британийн хаант засаглал” гэдэг нэртэй эртний ордонд нь олон юмыг өөрчилж чадах орчин цагийн хоёр залуугийн харилцаа юм. Энэ ордонд Жорж Александр Луи хэмээх нэрийг авсан бяцхан ханхүү мэндэллээ. Түүнийг өсгөж хүмүүжүүлэхэд Кейтийн ээж багагүй үүрэг гүйцэтгэх байх гэж үзэж буйгаа “The Daily Telegraph” сонинд “Хааны удмын хүүхдүүдийн олон үе үзээгүй тийм эмээгийн үүргийг гүйцэтгэхээр Кэрол Миддлтон бэлтгэж байна” хэмээн илэрхийллээ.

Хунтайж Уильям ч үүнд дургүйцэхг үй байх. Түүнийг хүүхэд байхад асрагчдын армиас Диана татгалзаж, хүүгээ өөрийн гараар хүм үүж үүлсэн. Диана гүнж хүүхдүүддээ хорвоогийн талаар олон талт төсөөлөл өгөх гэж хичээж байснаас гадна орон гэргүй хүмүүст үнэг үй хоол тараахдаа Уильямыг дагуулж явж байсан юм. Кейт, Уильям хоёр хүүгээ сургаж, хүмүүж үүлэхэд хүүхдийн ямар байгууллагын туслалцааг авах бол гэдэг асуудалд британичууд ихээхэн анхаарал хандуулж байна. “Шилдэг сургуулиудын хөтөч” хэмээх хэвлэлийн редактор Жанет Уоллисийн үзэж буйгаар бол гүнж, хунтайж нар өөрсдийн амьдарч буй Кенсингтоны ордонд ойроор нь Монтессорийн хүүхдийн цэцэрлэгийг л сонгох магадлалтай юм байна. Эндхийн сургалтын системийг Италийн эмч Мария Монтессори гэдэг хүн боловсруулсан аж. Энэ нь хүүхдэд байгалиас заяасан бүхнийг нь дээд зэргээр нээх явдал гэнэ. Тодруулбал, хүүхэд өөрөө өөртөө багш, түүний сонголт, үйлдэл нь чөлөөтэй байх ёстой, аливааг хориглож, шүүмжилж, зааж үл болно. Тэрбээр өөрөө аяндаа өсөж, өндийнө.

… Кэмбрижийн ханхүү, гүнж хоёрын хүүгийн амьдрал хэтдээ ямар замаар явахыг одоо хэн ч мэдэхгүй. Харин хаан ширээ залгамжлах энэ хүү эцэг, эх, эмээ, өвөө, буурай нарынхаа төдийгүй сая сая хүмүүсийн хайраар өлгийдүүлж өсөж торнино гэдэгт эргэлзэх юм үгүй. Английн хаант засаглал британичуудыг нэгтгэж, тэднийг бусад орны хүмүүсээс ялгаруулж байдаг аж. Энэ засаглал нь британичуудын хувьд газар нутгийнхаа түүх, түүнийг жолоодож ирсэн хүмүүсээр бахархах боломж юм.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.