Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ ГЭНЭ

УИХ-ын даргын 119 тоот захирамжаар байгуулсан УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй Дамжин өнгөрөх тээвэр, ложистикийн бодлого тодорхойлох Ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Тус хуралд УИХ, Засгийн газар, ҮАБЗ, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британийн Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо болон төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэн зэрэг 30 гаруй байгууллагын 150 орчим төлөөлөгч оролцлоо. Энэ үеэр “Монгол Улсын тээвэр, ложистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил”, “Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт”, “УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн асуудал”, “Монголын гео орон зай ба транзит тээврийг хөгжүүлэх давуу тал ба сорилтууд” зэрэг сэдвээр гадаад, дотоодын мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто болон агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгд үүлэх, тээврийн нэгдсэн ложистик сүлжээ бий болгох, нефть, хийн хоолой байгуулах нэгдсэн бодлого боловсруулах үүрэг хүлээн ажиллаж байгаа гэнэ. Тиймээс өчигдөр болсон эрдэм шинжилгээний бага хурлын үеэр дэд бүтцийн чухал салбар болох төмөр замын үүсэл хөгжил, өнөөгийн бодит байдал, ойрын болон хэтийн хөгжлийн бодлого боловсруулах ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдаас мэдээлэл авч, санал солилцсон юм. Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт зам манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Тиймээс энэ давуу талаа ашиглан хоёр хөрш улстай төмөр замын салбарт хамтран ажиллах нь чухал гэж хуралд оролцогчид онцолж байв. Түүнчлэн төмөр замын хөгжилд тулгуурлаж байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн мужтай холбох эдийн засгийн харилцааны гол гүүр нь Монгол Улс байх бодлогыг тууштай баримтлах, тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төсөл хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүс үүд бий болгох, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, бүс нутгаа тээврийн сүлжээний нэг гол зангилаа болгон хөгжүүлж, улс орны эдийн засгийг өсгөх нь чухал гэж үзэж байна.

УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар болон Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд Монгол Улс төмөр зам, агаарын тээврийн дотоодын нэгдсэн сүлжээ бий болгох, ойрын болон дунд хугацаанд хийх ажлуудыг голчлон тусгасан байгаа. Түүнчлэн Засгийн газраас 2008 онд худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэсэн “Транзит Монгол үндэсний хөт өлбөр” батлан хэрэгжүүлж байгаа ч уг хөтөлбөр 2015 онд дуусна. Тиймээс өнөөдрөөс эхлэн дээрх хөтөлбөрийг хэрхэн өргөжүүлэх, ингэхдээ хэтийн төлвөө сайтар тусгах ёстой гэж мэргэжилтнүүд дурдсан юм. Мөн зураг төслийн ажил нь хоёр жилд, барилга угсралтын ажил нь гурван жилд, тээвэрлэлт, ашиглалтын бэлтгэл ажлыг хангахад ахиад нэг жил зарцуулж, 6-7 жилийн дараа бодит бүтээн байгуулалт болдог төмөр замын үр ашгийг цөөнгүй жилийн дараа хүртдэг тул зарцуулах хөрөнгө, цаг хугацаа, зээлийн эргэн төлөлт зэргийг сайн тооцоолох ёстой гэж байна. Энэхүү хуралд оролцогчид төмөр замын тээврийн салбарт тулгамдаж буй бэрхшээл, хэрэгжүүлж буй ажил, дамжин өнгөрөх тээврийн асуудал, бусад улсын туршлагын талаар хангалттай мэдээлэл солилцож, санал бодлоо илэрхийлж байв.

 Д.ЦАЦРАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ ГЭНЭ