Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Фракцууд идэвхжиж эхлэв

 Амралтын цаг дуусаж, улс төр бужигнах мөч ирээд байна. Намуудын фракцуудын идэвх ч сэргэж эхэлжээ. Эдийн засгийн нөхцөл хүндэрч, түүгээр дөрөөлөн улс төр хийх хүсэл сонирхол ч сэргээд ирэв. Улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН-ын фракцууд шат шатандаа сандал, суудлаар оролдож эхэлсэн байна.

АН

Фракцтай нам гэдгээ тэд хүлээн зөвшөөрдөг. “Алтангадас”, МоАХ, “Шонхор”, “Кроун” зэрэг фракц уг намд бий. Хэдийгээр “Алтангадас”-ынхан удирдах голдуу албан тушаалыг “атгаж”, намынхаа зүг чигийг заасаар ирсэн ч сүүлийн үед УИХ-ын гишүүн, Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ хүчээ авч эхэлсэн. УИХ-ын сонгуулиар АН хамгийн олон суудал авч, Засгийн газрын бүх фракцдаа бялуунаас хүртээсэн. Гэвч Х.Баттулгад хуваарилсан “зүсэм” түүнд чамлагдсан бололтой. Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа үе үе голдуу МоАХ зүгээс гардаг. Энэ удаа бол эдийн засаг хүндэрсэнд хариуцлага хүлээх ёстой гэсэн шалтгаанаар Н.Алтанхуягийг огцруулахаар төлөвлөж буй. Түүний оронд өөрөө Ерөнхий сайд хийхэд яг тохирно хэмээн эрхэм сайд бодож яваа. Эдийн засгаа өөд татахаас илүү өндөр албан тушаал сонирхсон ийм санаархал зөвхөн түүнийх биш. “Кроун” фракцынхан ч ийм төлөвлөгөө боловсруулж, Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр зэхэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ мэтээр хор найруулахаар АН-ын фракцууд ажиллаж байна.

Улс төр, эдийн засагт үүссэн нөхцөл байдлын талаар бусад фракцынхан нь ч дуугүй суугаагүй. “Шонхор” фракцынхан өнгөрсөн долоо хоногт цуглаж, үүссэн нөхцөлийн талаар ярилцжээ. “Бялуу”-наас чамлахааргүй хэсгийг хүртэж, УИХ-ын дарга, хоёр ч сайдын суудал авсан учраас тэд шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулна гэж арай дуугарахгүй. Хариуцлага алдсан, засах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. АН-ынхан үндсэндээ гурван хэсэгт хуваагдсан гэж болно. МоАХ тэргүүтэй гишүүд Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж буй нэг хэсэг нь алдсан, түүнийгээ засах ёстой гэж буй нь энэ. Мэдээж удирдлагыг гартаа авсан гол фракцуудад байдал тогтвортой байсан нь дээр байгаа.

МАН

УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн учраас тус намын даргад хариуцлага тооцож өөрчлөх, намаа шинэчлэх ёстой гэсэн хэсэг залуу гарч ирсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг тэргүүтэн үнэндээ бас л албан тушаалд шунаж буйг хэвлэлээр багагүй шүүмжилсэн. “Шинэчилье” нэртэй уг хөдөлг өөнийхөн намын Бага хурлаа хийлгэж, Их хурлаа товлуулж дөнгөсөн. Фракцтай гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй ч МАН-д Хотын, Увсын, Зүүний хүчний гэх мэт олон бүлэглэл байдаг. Одоо харин намаа шинэчлэх гэхээсээ удирдах албан тушаал сонирхсон залуусын фракц нэмэгдээд байна. Бусад нь ч бас өөрчлөгдөе, өөр аргаар ажиллахгүй бол дүү нартаа “барьж идүүлэх” нь гэдгээ ухамсарлаж буй бололтой.

Намдаа багагүй нөлөөтэй “Хотын фракц”-ынхан саяхан хуралдаж, нэрээ “Хангарьд” болгосон сурагтай. Мөн тэргүүний ажлаас М.Энхболдыг чөлөөлж, хотын мээр асан Ц.Батбаярыг тавьсан гэнэ. Фракцын даргаа өгсөн ч М.Энхболд намын даргын суудал руу зүтгэж мэднэ гэсэн мэдээлэл ч цахим сайтуудаар гарсан байна лээ. Тус намын Их хурал аравдугаар сарын 27-нд болно. Үүнээс өмнө намын даргын төлөөх өрсөлдөөн МАН-ын фракцууд дунд хүчтэй өрнөх нь мэдээж. Улс төрийн намууд доторх бүлэглэлүүд ийнхүү идэвхжиж, зунжин бодсон төлөвлөгөөгөө цухалзуулж эхэллээ.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.