Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Одсүрэн: Мэргэжлээрээ ганцаардах нь хамгийн гачлантай

 “Монгол хөөмий” холбооны дэд ерөнхийлөгч Б.Одсүрэнтэй ярилцлаа. СУИС-ийн хүндэт профессор тэрбээр 1990 онд Төрийн батламжит туульч цол хүртэж, өдгөө хүртэл 27 бакалавр, таван магистрын зэрэгтэй хөөмийч бэлтгэжээ.

Б.Одсүрэн 2003-2007 онд ӨМӨЗО-ы Дуу бүжиг, жүжгийн хүрээлэнд сарын хугацаатай ажиллахдаа 40 гаруй хүнд хөөмий заасан гэнэ. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдгийн адил өвөрмонгол шавь нар нь хөөмийг БНХАУ-ын өмнөөс ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлжээ. Энэ үеэс хөөмийг худалдаж идсэн нэр зүүж явсан ч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг” учир цагаадаж, өдгөө сэтгэл амар хөөмийн урлагийг хөгжүүлж явна.

-Хөөмийн үүсэл гарлын талаар эрдэмтэд өөр өөр хариулт хэлдэг шүү дээ.

-Ховд аймгийн Жаргалант хайрханы ард оршдог Бумбат хайрхан, Завханы Дөрвөлжин Хомын тал, Их нууруудын хотгорт хөөмий бий болсон гэж би үздэг. Зарим нь Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай гэдэг. Манжийн үед Чандмань өртөө байгуулагдсан юм билээ. Тэнд тал бүрээс авьяастнууд цуглаж хөөмий хөгжсөн гэж би боддог.

-Тувагийн алдарт хөөмийч агсан Конгар оол Ондар 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахдаа монголчууд манай хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд байна. Үүнийг сонсоод тувачуудын хоолойгоор хоол давахгүй байна гэж ярьж байсан.

-Завханы Баянтэс, Баянхайрхан, Увсын Тэс сум Туватай хил залгаа оршдог.Тувагийнх суурь дамжсан исгэрээ хөөмий байдаг бол манайх тийм биш. Энэ хоёр нь эмэгтэй, эрэгтэй хүн шиг ялгаатай учир маргах хэрэггүй. Тува хөөмий манайхыг бодоход шингэн, хүч султай, тэр бүр ая дан оруулж болдоггүй. Хөөмий мэддэггүй хүмүүс янз бүрээр ярьдаг. Сонсоод ирэхээр тэс өөр л дөө. Өвөрмонголчууд надаар хөөмий заалгачихаад ЮНЕСКО-Д бүртгүүлж баллахаа шахсан шүү дээ. Завханы хөөмийч Э.Сандагжав хөөмийн тухай кино хийсний ачаар манайх ЮНЕСКО-д бүртгүүлсэн юм шүү. Ер нь үнэн юм үнэнээрээ л байна шүү дээ. Өвөрмонголын Шилийн гол, Хэнтий, Дорнодод хөөмий байхгүй. Сургалтаар л сайхан хөөмийчид төрсөн. Ховдын Чандманаас Их нууруудын хотгор хүртэл уламжлагдаж, тайзны урлаг болж одоо эрдэм шинжилгээний ажлын хэмжээнд хөгжиж байна. Хөөмийг анх Завханы Г.Чимэддорж тайзан дээр эгшиглүүлсэн бол 1954 онд анх Ховдын Чандмань сумын С.Цэдээ гэж хүн хилийн чанадад хөөмийлсөн.

-Хятадуудад хөөмий заагаад өгчихсөн гэж таныг буруутгадаг байсан. Одоо хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?

-Тийм үед хүний мөн чанар харагддаг юм билээ. Машинаар шахан юм мөргүүлж, багш шавийн барилдлагаа тасалж, эсвэл ЮНЕСКО-д бүртгүүлэх 11 мянган ам.доллар надаас авахгүй дээ хэмээж, бөөгийн хараал хийлгэнэ гэж байсан хүмүүс бий. Өмнө нь Одсүрэн хэнд ч хэрэггүй байсан бол одоо хүүе хаая гэж тоох юм. Нэгэнт миний шавь нар учир багш хүний сэтгэлээр уучлах ёстой. Би уучилж байж тэд намайг дуурайж шавь нараа хайрлан өрөвдөж, уучлах сэтгэлийн тэнхээтэй болно шүү дээ.

-Тэр хэцүү үеийг хэрхэн даван туулсан бэ?

-Хүн мэргэжлээрээ ганцаардана гэдэг хамгийн гачлантай. Надад ганцхан МҮОНТ-ийн сэтгүүлч, ардын хөгжим судлаач Д.Энхцэцэг л тусалсан. Бид заргын бичиг боловсруулсан. Хэдэн онд, ямар хүнд хөөмий заасныг нотлох цээж зураг, гарын үсэгтэй бүртгэл надад байсан нь их хэрэг болсон. ЮНЕСКО-гоос “Уучлаарай, баярлалаа” гэсэн бичигтэй сертификат ирүүлэхэд газар дайвалзаад, нулимс нүд бүрхээд их баярласан шүү. Нар гийх шиг болж сэтгэлд хурсан бүх бухимдал тайлагдахад үнэхээр бие хөнгөрч билээ. Одоо бодоход аавын хүү үг даадаг, арвайн гурил ус даадаг гэдэг л болж.

-Өвөрмонгол шавь нартайгаа холбоотой байдаг уу?

-Уучлалт гуйж заасан бүгдийг минь бичлэг болгоод 1000 ширхэг DVD хэвлэж өгсөн.

-Танд одоо хэр олон гадаад шавь байдаг вэ?

-Японы Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Буриадын гавьяат жүжигчин гээд 27 орны шавьтай.

-Одоо Монгод хэдэн хөөмийч байна вэ?

-Сонирхогчид 1000 гаруй бий. Жуулчны баазуудад хөөмийлдөг нөхөд байх юм. Тэдний хийж байгаа нь хөөмий мөн. Гэхдээ мөнгө олох хэрэгсэл болгоод байна. Одоо хөөмий мэргэжлийн түвшинд хүрч, голдирлоороо хөгжиж байгаа. Г.Чимэддорж, С.Цэдээ, Д.Сундуй зэрэг мундагчууд байгаагүй бол бидний хөөмийч болно гэж юу байх вэ. Хонь хариулж байхдаа радиогоор тэднийг сонсоод сүүдрээ харж ёслоод дуурайдаг байлаа.

-Судсаар нь монгол цус гүйж байгаа бол ардынхаа язгуур урлагийг сурахад амар гэж ярих хүн олон. Хөөмийг авьяасаар сурдаг уу, эсвэл хичээл зүтгэлээр сурч болох уу?

-Дэлтэй болгон уралддаггүй, дээлтэй бүхэн барилддаггүй гэж үг бий. Хурдан морийг шинждэг шиг хүнийг гаднаас нь хараад хөөмийлж чадах, эсэхийг мэдэж болно. Надад хүн судлалын томьёолол бий. Хараа тогтуун байвал сэтгэлийн догдлол багатай байдаг. Сэтгэл хөдлөл ихтэй хүн амьсгаадаад хамраас нь цус гарч, тайзан дээр унана. Сартгар хүн хамраараа сайн хөөмийлнө. Шанаа өргөн байвал амныхаа хөндийд зай ихтэй. Мөн хэллэг сайтай, уран яруу уншиж, тууль хайлж, магтаал, ерөөл хэлдэг бол уран тагнайны нугалбар сайн хийнэ гэсэн үг. Эцэг эхээс заяасан авьяасыг багш хөгжүүлдэг.

-Таны ярьж байгаа хүртэл хархирч байх шиг баргил сонсогдох юм. Хоолойнд өөрчлөлт ордог уу?

-Эцэг эхээс заяасан хоолой минь энэ. Зөв суурийг нь тавибал дуу хоолойнд өөрчлөлт орохгүй. Хамгийн ойрхон жишээ хэлэхэд хөөмийн анги төгссөн дуучин СТА Б.Буянжавхлан одоо давгүй дуулаад явж байна. Харин буруу заавал амьдралаар нь тоглоно. Хоолойны мах эдгээнэ, хүнийг төлөвшүүлж зөөллөнө гээд хөөмийн ашиг тус их.

-Буруу сурвал уушгинд муу гэж сонссон.

-Уушги муутай хүнийг хөөмийгөөр эмчилж байсныг сонссоноос муутгасныг дуулаагүй. Харин тавин нас гараад ирэхээр хэвлий хэсгээрээ цүндийгээд байх юм. Уртын дуучдыг харахад гэдсээрээ зузаардаг. Амьсгаанаас шалтгаалдаг байх.

-Хөөмийтэй холбоотой домог хэлж өгөөч?

-Би нэг оньсого таалгая. Хөтөл дээр хөөмий хөл нүцгэн жөөмий тэр юу вэ?

-Мэдэхгүй.

Цахиур бууг хэлж байгаа юм. Ямар нэгэн хөндий юмыг хөөмий гэж байна шүү дээ. Хөл нүцгэн жөөмий гэдэг нь ишийг нь хэлж байна.

-Та хөөмийлөхөөс өөр авьяастай юу?

-Тууль, цуур, ерөөл, магтаал оролдчихно. Тэр чадвараараа оюутнуудаа хоолонд нь хүргээд байдаг юм болов уу.

-СУИС 2003 оноос хөөмийгөөр бакалаврын зэрэг олгодог болсон. Энэ хугацаанд хэдэн мэргэжилтэн төгссөн бэ. Одоо хаана юу хийдэг бол?

-Энэ хугацаанд 27 оюутан төгсгөлөө. Ирэх арваннэгдүгээр сарын 26-нд 10 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ямар ч байсан манай оюутнууд лааз өшиглөөгүй ээ. Төлбөрөө төлж чадахгүй байсан нэг нь одоо орох орон, унах унаатай болсон. “Алтан ураг”, “Хөсөгтөн”, “Домог”, “Жонон”, “Бөртэ” гээд ардын урлагийн хамтлаг бүрт Одсүрэнгийн шавь бий. ҮДБЭЧ, “Сарны чулуу”, ТЗДБЧ, ЦДБЧ-д манайхыг төгссөн хөөмийчид байдаг.

-Та одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Би 70 нас дөхөж явна. Үйл хэргийг минь үргэлжлүүлэх багш нар бэлтгэх хэрэгтэй байна. Н.Санжаадорж, Д.Хосбаяр зэрэг мэргэжлийн багш, Өвөрмонголд хоёр магистр, Завханы Хөгжим бүжгийн коллеж, театрт хөөмийч бэлтгэлээ. Цаашдаа ардын урлагийг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Тууль, цоорын сургалтын хөтөлбөрийг дипломон дээр тавигдах хичээл болгохоор зорьж байна. Манайд хөөмий судлаач нэг доктор, хоёр докторант, зургаан магистр л байна. Шүүмжлэгч алга. Бид сурталчиллаа, магтууллаа, одоо зөв талаас нь шүүмжлүүлэх хэрэгтэй байна.

-Таны хүүхдүүдээс хөөмийлдэг үү?

-Би хоёр охин, нэг хүүтэй. Бага охиноос төрсөн хоёр охин хөөмий жаахан оролддог. Тэр хоёрыг л горьдож сууна.

-Хаана хөөмийлөх дуртай вэ?

-Шавь нартайгаа ажиллаад сайхан хөөмийлөөд ирэхээр нь бахархдаг. Юу ч чадахгүй ирсэн хүн дараа нь тайзан дээр гараад хөөмийлөхөөр нь самсаа шархираад л явчихна. Морь уначихаад ганцаараа хээр хөөмийлөх дуртай байсан. Одоо ч морь унана гэж юу байх вэ. Машиныхаа цонхыг онгойлгочихоод Дарханы замд хөөмийлж явахад зүгээр ч юм уу гэж боддог юм.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.