Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

NBA-гийн азгүй баг

Bleacherreport.com-оос NBA-д гэмтлийн улмаас төсөөлж байсан өндөр амжилтад хүрч чадаагүй азгүй тоглогчдоор баг бүрдүүлсэн байна. Энэхүү 12 хүнтэй багийг уншигчдадаа сонирхуулья.

12.Шон Ливингстон

Шон нэгэн цагт ирээдүйн “Шидэт” Жонсон гэгдэж байв. 2.1 м өндөртэй ч холбогчийн байрлалд тоглодог түүнийг их ирээдүй хүлээж байсан. 2004 оны драфтын ¹4-өөр “Клипперс” түүнийг сонгож авсан боловч 2007 онд “Шарлотт Бобкетс” багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өвдөгтөө хүнд гэмтэл авч талбайг орхисон юм. NBA-д орсон эхний гурван жилд боломжит 246 тоглолтын 101-ийг нь гэмтлийн улмаас өнжжээ. Эмчээс буцан тоглох зөвшөөрөл авсны дараа баталгаатай гэрээ байгуулах баг олдоогүй ч 2008 оны аравдугаар сард “Дөлнүүд”-тэй гэрээ үзэглэж чадсан.

11.Брэндон Рой

Энэ тоглогчийг NBA сонирхдог хүн бүр мэдэх бизээ. Анх NBA-гийн ертөнцөд орсон жилээсээ л шуугиулж шилдэг шинэ тоглогчийн шагнал хүртсэн Рой үүнээс хойш тогтмол өндөр амжилт гаргаж, гурван удаа “Бүх одод”-д шалгарч байв. Харамсалтай нь удаа дараагийн хүнд бэртлээс болж, эмч нар түүнийг тоглохыг хориглон, 2011 оны төгсгөлд зодог тайлах болсноо зарласан. Өнгөрсөн улиралд эргэн ирэх оролдлого хийж “Миннесота”-тай гэрээ байгуулсан ч амжилт олоогүй юм.

10.Брэд Догерти

Төвийн тоглогч Брэд Догерти 1986 оны драфтын тэргүүн болж байлаа. Улмаар түүнд түшиглэж “Клевлэнд Кавальерс” багаа босгосон юм. Рон Харпер, Марк Прайс, Ларри Нэнс зэрэг олон чадварлаг залуус нэг дор нэгтгэсэн “Морин цэргүүд”-ийг NBAгийн ирээдүйн шилдэг баг болно гэж шинжээчид таамаглаж байв. Таван удаа “Бүх одод”-д шалгарч байсан Брэд харамсалтай нь 1994 онд нурууны гэмтлээс болж дөнгөж 28 насандаа их спортоо орхижээ.

9.Грег Оден

“Портлэнд”-чууд 2007 оны драфтын ¹1-ээр Грег Оденийг аваад тун их баярлаж байв. Шинжээчид түүнийг бүх цаг үеийн шилдэг төвийн тоглогч болно гэж таамагласан.Бүр ахлах сургуульд байхаасаа л гэмтэлд өртөж эхэлсэн түүнийг өндөр амжилт үзүүлэхэд өвдөгний бэртэл саад болжээ. Сүүлийн улиралд эхний 21 тоглолтод оролцохдоо түүний багт нөлөөлөх үзүүлэлт нь Дирк Новицки, Кармело Энтони, Коби Брайант нарынхтай ижил түвшинд байсан гэсэн баримт бий.

8.Ральф Сэмпсон

Ахлах сургуульд байхдаа хэдийнэ 2.20 м өндөртэй үлэмж биетэн болчихсон Сэмпсон хожим коллежийн түвшинд шилдэг тоглогч болж, 1983 оны драфтын тэргүүн тоглогчоор нэрлэгдэн, “Хьюстон Рокетс” багт очсон. Дараа жил нь “Пуужин”-гууд Хакеем Олажувоныг авсан тэднийг ихэр цамхаг үүсгэлээ хэмээн шуугиж байв. Сэмпсон эхний гурван улиралдаа 20.7 оноо, 10.9 самбар дунджилж шилдэг шинэ тоглогч, “Бүх одод” зэрэгт нэрлэгдсэн боловч үүнээс хойш уналтад орсон юм. NBA-д арван жил тоглохдоо гурван удаа хүнд хагалгаанд орсон удаатай. Үүнээс болж оролцох боломжтой 820 тоглолтын ердөө 441-т тоглож амжсан.

7.Жэй Уильямс

Жэй Уильямс Дюкийн их сургуульд гурван жил тоглохдоо өөрийгөө хэчнээн их чадвартайгаа харуулж чадсан билээ. 2001 онд их сургуулийнхаа багийн хамт NCAA-гийн аварга болж, өөрөө шилдэг тоглогчоор нь тодорсон. Тэрхүү улиралд 841 оноо авч, Дик Гроатын 49 жил оршин тогтносон дээд амжилтыг шинэчлэв. Түүний энэхүү амжилтыг нь “Чикаго Буллз” өндрөөр үнэлж 2002 оны драфтын ¹2-оор сонгож авсан. Гэвч 2003 оны зун авто осолд орсон нь түүний амьдралыг эрс өөрчилсөн.

Тухайн үедээ мотоцикль жолоодох эрхгүй байсны дээр “Бухнууд”-тай хийсэн гэрээгээ зөрчсөн нь асуудал үүсгэжээ. Улмаар “Бухнууд”-ын удирдлага түүнд гурван сая ам.доллар өгөөд багаасаа хассан байна. 2006 онд тэр NBA-д эргэж ирэхээ зарлаж “Нетс”- тэй шинэ гэрээ хийсэн ч сарын дараа багаасаа хасагдсан гашуун түүхтэй.

6.Дэнни Мэннинг

Дэнни Канзасын их сургуулийн хамт 1988 онд NCAA-гийн аварга болсон. Улмаар тэр жилийнхээ драфтаар нэгээр шалгарч “Клипперс”-т очсон ч эхний жилдээ л хүнд гэмтэж ердөө 26 тоглолтод оролцжээ. Дараа жилээс нь буцан ирж хоёр улирал дараалж “Бүх одод”-од шалгарсан ч бэртэл нь дахин зовоолоо. Хоёр ч удаа хагалгаанд оров. Харин 32 насандаа 1998 онд “Санс”-т хүчин зүтгэж, оны шилдэг зургаа дахь тоглогчоор тодорсон нь түүний карьерийн хамгийн том амжилт.

5. Яо Мин

229 см өндөртэй Яо Мин NBA дахь ази төлөөлөгчдөөс хамгийн алдартай нь. Найман улирал мэргэжлийн лигт тоглохдоо бүгдэд нь бүх ододын тоглолтод нэрлэгдсэн. Өндөр нуруугаа ашиглаж амжилттай сайн тоглож байсан ч сүүлийн таван улиралд тоглолт өнжөөгүй жил гэж байсангүй. Түүний хөл, шагай гээд гэмтээгүй эрхтэн маш цөөн. Зүүн хөлний бэртлээсээ болж 30 насандаа өмсгөлөө хананд өлгөх шийдвэр гаргасан.

4.Билл Уолтон

Уолтоныг Ларри Бирдийн гол өрсөлдөгч хэмээн үнэлдэг байв. Хэрвээ гэмтээгүй байсан бол NBA-гийн түүхэнд нэрээ үлдээсэн агуу цагаан арьст тоглогч болох байсныг үгүйсгэх аргагүй. Уолтон гэмтлийн улмаас хамгийн олон тоглолт өнжсөн хэмээх сөрөг дээд амжилтын эзэн болжээ. Тэрбээр өөрийн карьерийн турш нэг ч удаа бүтэн улирал тоглож үзээгүй юм.

3.Грант Хилл

Грант Хилл 1994 оны драфтаар “Детройт Пистонс” багт очиж, анхны тоглолтдоо 25 оноо, 10 самбар авч өөрийнхөө ямар их ирээдүйтэйг баталж байв. “Пистонс”-т зургаан жил тоглохдоо 21.6 оноо, 7.9 самбар, 6.3 дамжуулалт дунджилж байсан түүнийг “Шидэт Жонсон”, Оскар Робертсон зэрэг өв тэгш тоглогчдын залгамж халаа гэж үздэг байлаа. Харин 2000 онд “Бүлүүрүүд”-ээс явах шийдвэр гаргаж, “Орландо”-д очсоноор түүний ирээдүй бүрхэг болсон. Тэнд зургаан жил болохдоо Хилл улирлын 82 тоглолтод нэг ч удаа бүтэн тоглосонгүй. Гэрээгээ дуусгаад “Финикс Санс”-т очоод эргээд хэвийн байдалдаа орсон ч хэдийнэ түүний үе дуусчихсан байлаа.

2.Трэйси Мкгрэди

2002-2004 оны улиралд Трэйси лигийн онооны лидер болсон түүхтэй. Гэвч нурууны бэртэл түүнийг жилээс жилд зовоосон билээ. Бас болоогүй, 2008 оны тавдугаар сард зүүн өвдөг болон мөрөө гэмтээж хагалгаанд орсон нь энэ агуу тоглогчийг нэг мөр үгүй хийсэн юм. 2009 оноос хойш “Нью-Йорк Никс”, “Детройт Пистонс”, “Атланта Хоукс” бүр Хятадад нэг жил тоглож, өнгөрсөн улирал“Сан Антонио Спэрс” багт тоглосон.

1.Пенни Хардуэй

Энэхүү жагсаалтыг Пенни Хардуэй тэргүүлсэнд гайхах зүйл алга. 1993 оны драфтаар “Орландо”-д очсон тэрбээр эхний улиралдаа 16.0 оноо, 6.6 дамжуулалт,5.4 самбар,2.3 булаалт хийж, шилдэг шинэ тоглогчийн шагналд Крис Уэббэрийн ард хоёрт бичигдсэн гэдэг. Гурван удаа “Бүх одод”-д оролцсон, бүх Америкийн нэгдүгээр багт хоёр удаа бичигдсэн энэ эр 1996 оны олимпийн аварга болсныхоо дараа зүүн өвдгөө хүнд бэртээв. Уг бэртэл түүний карьерийн төгсгөлийг илүү хурдасгасан юм.

Э.ТЭМҮҮЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.