Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Ганбаатар: “Рио Тинто” монголчуудыг сүрдүүлж байна

 Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийнхан Монголын Засгийн газрыг сүрдүүлэх оролдлого хийж байна хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар үзэж байна. Уг ордод оруулах хөрөнгийн хэмжээ 5.1 тэрбум ам.доллар байсан ч яагаад ч юм 6.7 тэрбум болж өссөн шалтгааныг эзний хувиар Монгол Улс тодруулахыг хүссэн. Гэвч хоёр тэрбум доллараа алдчих вий гэхдээ тус компани бүхэл бүтэн улсын Засгийн газрыг дарамталж эхлэв. Эхлээд тэд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хөрөнгөө хойшлуулахаа дуулгасан. Улмаар далд уурхайн үйл ажиллагааг зогсоож, одоо 1700 монгол ажилтныг ажлаас халаад байна. Үүнийг эрхэм гишүүн “сүрдүүлэг” хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр энэ тухай байр сууриа өчигдөр сэтгүүлчдэд илэрхийлсэн юм. Мөн “Дэлхийн хэмжээнд нэр хүндээ алдсан “Рио Тинто” компанийн энэ үйлдэл газар авахгүй, сөрөг нөлөө багатай” хэмээн хэллээ.

Хамгийн анх хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд 2.7 тэрбум доллараар хэмжээг нь тооцож байсан. Гэвч яг гэрээ байгуулах мөчид ТЭЗҮ-ийн дагуу дөрвөн тэрбум гаруй долларын хөрөнгө оруулахаар Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулсан. Гэтэл хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд 6.2 тэрбум төгрөг болж өссөнөөр одоо нийт 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болчихжээ. Энэ мэтээр хэмжээ өссөөр цаашид 24.4 тэрбум доллар болно хэмээн тэрбээр ярив. Байгуулсан гэрээнээсээ үл хамааран өсөж буй хөрөнгийн хэмжээг Засгийн газар зөвшөөрвөл Оюутолгойн ашгаас жилд 180 сая долларын өр монголчуудын нуруун дээр буух гэнэ. С.Ганбаатар гишүүн “Ингэж зуучилсныхаа хариуд “Рио Тинто” 5.7 тэрбум доллар авч байна. Бас менежментийн төлбөр гээд 1.4 тэрбум доллар нэмж аваад барьцаанд нь биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавилаа. Ингэснээр манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, гэрээ, олон улсын конвенцийг зөрчиж байна. Монголын талд маш их хохиролтой, ирээдүйд ноцтой, ард түмний нуруун дээр асар хүнд өрийн дарамт үүсгэх зээлийг тэд шахаж байна. Бид шаардлагагүй өрийн дарамтад орох ёсгүй” гэв. Хөрөнгө оруулагчийн зүгээс үзүүлж буй энэ увайгүй шахалтад монголчууд хоорондоо эвтэй, санаа нэгтэйгээр хариу барих ёстойг тэрбээр сануулсан юм.

Засгийн газар “Асуудлыг одоо ТУЗийн хэмжээнд шийднэ. Баталсан гэрээнийхээ хүрээнд л ажиллана” гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын байр суурийг дэмжинэ гэдгээ ч гишүүн хэлэв. Тэрбээр “Рио Тинто”-г хөрөнгө оруулагч уу, өндөр хүүтэй зээл зуучлагч уу хэмээн гайхаж буй гэнэ. УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийг ахалж буйн хувьд тэрбээр зургадугаар сараас хойш тус компанид дөрвөн ч удаа бичиг илгээж, гэрээнийхээ зүйл заалтыг сануулан ярилцах хүсэлт тавьсан юм байна. Гэвч хариу өгөхгүй байгаа гэнэ. Хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр зүйлд “Аливаа маргаан гарвал эхний ээлжинд хэлэлцээр хийнэ. Нөгөө талдаа энэ тухай бичгээр мэдэгдэж, 60 хоногт шийднэ” гэсэн байгаа аж. Гэтэл бичгээр мэдэгдэх гэрээний заалтаа мөрдөлгүй, шууд л олон улсын хэвлэлээр элдэв мэдээлэл цацсаныг тэр буруутгав. Гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа. -Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөрт 250 сая доллар авсан. Үүний хүү одоо хэд болсон бэ? -27 сая доллар болчихоод явж байна шүү дээ.

-Далд уурхайн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор 1700 хүнийг ажлаас халсан мэдээлэл байгаа. Ажилтнаа халахаар бол ямар журам мөрдөхөөр гэрээнд заасан юм бол?

-Тавьж буй шаардлагаа хүлээж авахуулахын тулд тэд монгол ажилчдыг халж байна. Гэрээ ёсоор хэрэв ажилчдыг олноор нь халахаар бол тэдний эрхийг хамгаалсан байгууллагатай эхлээд хэлэлцээ хийнэ. Мөн хөрөнгө оруулагч тал ажлын таван жилийн төлөвлөгөөгөө Засгийн газарт гаргаж өгөх учиртай. Уг төлөвлөг өөнд 1700 ажилтан хална гэсэн зүйл огт байгаагүй.

-Хэрэв “Рио Тинто”-гийн саналыг хүлээж авахгүй бол Оюутолгойн үйл ажиллагаа зогсоно гэсэн үг үү?

-Бид ирээдүйгээ бодсон шийдвэр гаргах ёстой. Тэдний хатгаасанд монголчууд автаж, хуваагдаж болохгүй. Ер нь “Рио Тинто” заавал Монголд уурхай ажиллуулах, улмаар хүү аваад суух ч ёсгүй.

5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалтын задаргаа

-Ил уурхайд 278 сая,

-Далд уурхайд 1.5 тэрбум,

-Баяжуулах үйлдвэрт 832 сая,

-Цахилгаан станц барихад 460 сая,

-Шууд бус зардалд 228 сая,

-Эзэмшигчийн зардалд 176 сая доллар зарцуулна. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 3.4 хувь юм.

-Хаягдлын аж ахуйд 261 сая доллар

-Валютын ханш ба тооцоолоогүй зардалд 438 сая доллар. Энэ нь нийт зардлын 8.5 хувь болно.

-Зардлын болзошгүй өсөлт 293 сая доллар. Энэ нь нийт зардлын 5.7 хувь юм.

-Байгаль орчин ба хаалтын зардал хоёр сая доллар

-Эзэмшигчийн, валютын ханш ба тооцоолоогүй зардал, болзошгүй өсөлтийн нийлбэр нь 907 сая доллар болж, нийт хөрөнгийн 17.7 хувийг эзэлж буй юм. Ийм байхад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжгүй, харин ч бууруулах шаардлагатайг эрхэм гишүүн онцолж байлаа.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.