Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ дахь “жагсаалт”-ын гишүүд буюу сул боломж

Парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл. УИХ-ын тухай хуульдаа ч бүрэн эрхийг нь ийнхүү тодорхойлсон. Тойрогт нэр дэвшиж, сонгогчдынхоо итгэл дэмжлэгийг хүлээснээрээ гишүүн бүр энэ бүрэн эрхийг эдэлдэг байлаа. Харин 2012 оны сонгуулиар намын жагсаалт гэх боломжийг улстөрчдөд нээснээр “жагсаалт”-ын төлөөлөл УИХ-д бий болсон. Тэднийг төрд намаа төлөөлөхөөр сонгогдсон гишүүн гэж ойлгож болно. Учир нь намын удирдах дээд байгууллагаас нь албан тушаалын зэрэг зиндаа, нэр хүнд зэрэг үзүүлэлтээр жагсааж шууд бус сонголтоор парламентад оруулсан. Тэд ард түмэн, сонгогчдын хүсэл сонирхол, шаардлагаас илүүтэй нам, эсвэл фракцын бодлогоор асуудалд ханддаг нь нууц биш. Чуулганы завсарлагаанаар тойрогтоо очоод сонгогчдын өмнө нүүрээ улалзуулан, нүдээ бүлтэлзүүлэх зовлонгүй. Үүгээрээ тэд тойргоос сонгогдсон гишүүд шиг өндөр хариуцлага хүлээдэгг үй юм шиг санагддаг. Хэдэн хууль санаачлан хэлэлцүүлж, батлуулав, сонгогчидтойгоо хэдэн удаа уулзав, тойрогтоо юу хийв, хэдэн сонгогчдод яаж туслав гээд ар, өврөөс нь нэхэл хатуу дагах тайлан, сонгогчдын хяналт тэдэнд байхгүй.

Харин нам нь жагсаалтын энэ жаргалтай гишүүддээ хариуцлага тооцож, хяналт тавьж чаддаг болов уу. Одоогийн УИХ “жагсаалт”- ын 28 гиш үүнтэй. Энэ нь Парламент дахь 76 гишүүний гуравны нэг юм. Тэднээс 10 нь АН, ес нь МАН, долоо нь “Шударга ёс” эвсэл, хоёр нь ИЗНН-ынх. Жагсаалтаар хэн хэн гэдэг гишүүн сонгогдсоныг ард түмэн ч сайн мэддэггүй. Хяналтаас ангид, хариуцлагаас ч хол хөндий эдгээр гишүүнд одоо анхаарал хандуулах цаг болжээ. Намд болон төрд өндөр алба хашиж байсан тэдний зарим нь гишүүн болохоосоо өмнө ард түмний төлөө, гиш үүд, сонгогчдын эрх ашгийг хамгаалан үг дуугарч, хааяа ч гэсэн дуу хоолойгоо гаргадаг байлаа. Харин одоо төрийн түшээ болоод тухтай суудал, дархан эрхэндээ сэтгэл ханаад суудлын бөглөөс, саналын кнопууд л болжээ. АН-ын жагсаалтаар намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг нарын 10 хүн УИХ-д сонгогдсон. Тэднээс Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан нарыг УИХ-ын гишүүн гэдгийг нь мэдэхгүй, мартсан хүн олон бий. Р.Бурмаа л гэхэд гишүүн болохоосоо өмнө сонгогчдын боловсрол, Сонгуулийн хууль энэ тэр гээд өдөр бүр шахуу айлуудын хойморт залардаг тэмцэгч, дайчин бүсгүй байлаа.

Харин одоо байнгын хорооны хуралд сууж байгаа нь ч харагдахгүй, гишүүн мөн бил үү, үгүй билүү гэж эргэлзэхэд хүрсэн. Ц.Баярсайхан гэх Өмнөговиос өмнө нь хэдэнтэй сонгогдсон туршлагатай улст өрч энэ удаа жагсаалтаар гиш үүн болж улмаар сайдын сэнтийд залраад сайд гэх л гуншинтай үлдсэн. Харин Ш.Түвдэндорж гэх нөхрийг гишүүн мөн, биш хэмээн мөрийцөхдөө тулж байна. Бусад нь гишүүнийхээ хувьд онцгойроог үй ч давхар хашиж буй УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, намын бүлгийн дарга гээд өндөр албан тушаалынхаа зангаргаар арай ч мартагдчихаагүй. МАН-ын гишүүдийн тухайд ч ялгаагүй. МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Сү.Батболд гэх хүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд гэдгээр нь хүмүүс танина. Харин одоо бол УИХ-ын гишүүн гэдгийг нь мартжээ. Түүний араас Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл нарын найман гишүүн жагсаалтаар УИХ-д орсон. Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар ардчилсан парламентын “загалмайлсан эцгүүд”-ийн хувьд жагсаалтаар орсон ч жаргаж чадахгүй төрийн хүний зангаргаараа сайн, муу хэлүүлэн төр түших үүргээ биелүүлсээр л байгаа. Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёрын хувьд бол Парламент дахь эрх мэдэлгүй, гадуурхагдсан намын дарга, бүлгийн даргын хувьд жагсаалтын үүрэг хариуцлага үүрч сөрөг хүчний дуу хоолой болж буй.

Харин Я.Содбаатарыг одоо хүртэл МАН-ын нэг дарга л гэж ойлгодог хэвээр байгаа бол Ж.Энхбаярыг сайд байсан залуу хэмээн ярьж байна. Д.Сарангэрэлийн хувьд, жагсаалтаас сайн дураараа татгалзсан анхны гишүүн болох У.Хүрэлсүхийн халааг авч, УИХ-д мөн анх удаагаа нөхөн орж ирснээрээ УИХын гишүүн гэдгээ содон, сониноор хүлээн зөвшөөрүүлж, танигдсан. У.Хүрэлсүх жагсаалтын гишүүдээс анх удаа ийнхүү үүрэг, хариуцлагаа хүлээж чадахгүй болсноо хүлээн зөвшөөрч, дараагийн хүндээ бүрэн эрхээ шилжүүлснийг улс төрийн шударга үлгэр жишээ гэж хэлж болно. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар жагсаалтаар сонгогдсон гиш үүн нас барсан, өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан тохиолдолд чөлөөлөх заалттай. Гэхдээ УИХ-ын гишүүн болсон хүн аргаа барсан үедээ л хүсэлтээрээ чөлөөлөгдөхөөс биш зорьж зүтгэж хүрсэн өндөр сэнтийгээс үхсэн ч зүүгдсээр л байх болов уу.

Тиймээс хууль ч санаачилдаггүй, хэлэлцүүлээд ч ойлгодоггүй, кноп дарахаас өөр үүрэггүй мэт гишүүний ажилдаа хариуцлагагүй ханддаг жагсаалтын гишүүдийг эгүүлэн татаж хариуцлага тооцох боломж тухайн намд нь бий аж. Харин энэ эрхээ жагсаалтын хамгийн олон гишүүнтэй АН, МАН, “Шударга ёс” эвслийнхэн хэрэгжүүлэх хүсэл сонирхол байгаа юу? Шинэчлэл ярьж ширүүхэн мэтгэлцэж байгаа МАН-ынханд төр, засагт эрх мэдэл булаацалдан, Засгийг огцруулан сайд, даргын төлөө тэмцэлдэх боломж ч байхгүй, шаардлага ч үгүй. Харин үүнээс илүү нам доторх эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын тогтолцоогоо Парламентын түвшинд ч шинэчлэхээр ярьж эхэлсэн нь улс төрийн ажиглагчдын хувьд анхаарал татаж буй. Үүний тулд “намын жагсаалт”-ын хоёр дахь 10- тынхнаар жагсаалтын гиш үүдээ шинэчилж, идэвхгүй зарим гишүүнээ ирэх жилээс эгүүлэн татаж магадгүй аж. Хэрэв ингэж чадвал энэ нь МАН-д төдийгүй Парламентад хариуцлагын шинэчлэлийг эхлүүлэх төлөвтэй байна.

Одоо эрх барьж буй АН-ын жагсаалтад хувь гишүүдийн нэр хүндээс илүү тухайн нам дахь фракцын тэнцвэрийг илүүтэй хадгалсан нь ажиглагддаг. Тиймээс УИХ, Засгийн газарт намын бодлогоос илүү фракцийн бодлого хүч түрэх болсон. Энэ нь эрх барьж буй АН-ын сонгуулийн цикл дэх улс төрийн бодлогыг алдагдуулж, бусад намуудын хувьд жагсаалт нь УИХ дахь гишүүдийн үүрэг, хариуцлагыг тэнцвэрг үй болгоод байна. Ирэх жилээс намын жагсаалтаар дээгүүр нэр дэвших гэсэн өрсөлдөөн МАН-д төдийг үй АН-д ч гаарч эхлэх төлөв ажиглагдаж буй. Тиймээс Парламентад суудалтай намууд УИХ дахь жагсаалтын гишүүддээ одооноос анхаарал хандуулж эхлэхгүй бол тойрог ч үгүй, сонгогч ч үгүй энэ гишүүд зарим амбицтай улстөрчдөд сул боломж мэт харагддаг болоод байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.