Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үзэгчгүй музейн үзмэрүүдтэй танилцав

Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, Улиастай хот үүсч, хөгжсөний 280 жилийн ойн баяр наадмаа завханчууд нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Зон олныг аймгийнхаа түүх, өв соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулж, төрж өссөн өлгий нутгаар нь бахархуулах зорилгоор ойн хүрээнд аймгийн архивт хадгалж буй гэрэл зургуудаар “Түүхийн хүрд”, Завханаас төрсөн эрдэмтэн, доктор, зохиолч, яруу найрагч нарын бүтээлээр “Ном дор мөргөмү” зэрэг үзэсгэлэн дэлгэснээс иргэдийн сонирхлыг хамгийн их татсан нь “Өв эрдэнэ” үзэсгэлэн байлаа. Үзэсгэлэнд тус аймгийн сум бүрийн музейн үзмэрүүд, үнэт эдлэл, гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ.

Өнгөрсөн онд түүхт 90 жилийнхээ ойтой золгосон Алдархаан сумынхан үзэсгэлэнд олон сонирхолтой үзмэр, гэрэл зургийн цомгийг тавьсан байв. Сумынхаа түүхэнд болсон чухал үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа буулгаж, цомог болгон, архивтаа хадгалсан нь хойч үеийнхэнд нь түүхийн үнэтэй бүтээл болон үлджээ. Аймгийн 90 жилийн ойн баярын нээлтийн үеэр морин хуурын эгшгээр ард олондоо бэлэг барьсан 2222 морин хуурч бол завханчуудын бахархал. Эдгээр морин хуурчдын эхлэлийг Алдархаан сумын сурагчид тавьжээ. Сумын Соёлын төвийн ажилтан Ю.Дэлгэрнасан 2002 онд морин хуурын сургалтаа нэг хуур хөгжимтэй эхлүүлж, удалгүй сумынхаа есөн хүүхдийг нэгтгэн “Мөнхөд уянгалах эгшиглэн” нэртэй хамтлаг байгуулсан нь бүл нэмсээр өдгөө хоёр мянга давсан байна. Тус хамтлагийн үүсэл хөгжлийг харуулсан гэрэл зургийн цомог, анхны морин хуур болон тоглолтын хувцсыг сумынх нь музейд хадгалжээ. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, гавьяат жүжигчин С.Батсүх гээд сумаасаа төрөн гарсан алдартнуудын намтар, уран бүтээлээс гадна үе үеийн дарга нарынх нь гаргасан тогтоол, уриа лоозон болон нутгийн ард түмний дурсгасан үзмэрүүд тэнд бий. Мөн Батлан хамгаалах яамнаас 1973 онд бэлэглэсэн “Алдархаан сумын хамт олонд дурсгав” гэсэн бичигтэй зэс сум энэ музейн гол үзмэрүүдийн нэг.

Нутгийнхаа алдарт уран дархан Н.Уранбаатарын модоор урласан бүтээлүүдийг Цэцэн-Уул сумынхан дэлгэжээ. Түүний бүтээлүүдийг сумын соёлын төвийнхөн энд тэндээс цуглуулж, 2007 онд музейн сан хөмрөгтөө хадгалсан гэнэ. Н.Уранбаатар Монголд ганцхан байдаг т э м э э н толгойтой хуучир хөгжим урласан нь энэ музейд бий. Мөн т у с сумын уран гартай бүсгүйчүүд 100 торго зүүж урласан тэрлэгнүүдийг үзэсгэлэнд тавьсан нь үзэгчдийн сонирхлыг татсан. Хүүхэд тогтдоггүй айлын ээж, хүү хоёрт 100 торго зүүж урласан дээл өмсгөж домнодог тухай музейн ажилтан ярьсан.

Тэлмэн сумын музейд Шонхор, Гургуул, Тарвага, Ирвэс зэрэг амьтны чихмэл цөөнгүй бий гэнэ. XVI-XX зууны үед хэрэглэж байсан үнсэн самбар, үхрийн шир, цаас, хулсаар хийж, Манжаас Монгол руу архи зөөдөг байсан 50 литрийн сав, XVIII зууны үеийн лам нарын хоолны зэс тогоо, төмөр тулга гээд сонирхол татсан цөөнгүй үзмэр Тэлмэн сумын музейд байлаа. Иргэн Б.Баасанжавын үнэт үзмэрүүдийг Отгон сумын музейд хадгалдаг аж. Түрэгийн хаант у лсын үед хамаарах зэс, модон шанага, жингийн нуруунаас гадна хүрэл зэвсгийн үеийн сумны зэвийг үзэгчдэд энэ үеэр танилцуулав.

Баянхайрхан сумын музейн ажилтнууд нутгийнхаа дурсгалт газруудыг уран зураачдаар зуруулж хадгалдаг юм байна. Танхимын хойморт Ж.Лхагважавын зурсан “Эх мод”-ны зургийг өлгөжээ. Нутгийнхнаас бусад хүн төдийлэн мэддэгг үй энэ мод тус сумын Дүнгээ уулын Цуурай аманд байдаг. Хөгшрөөд өмхөрч унасан нэг модноос есөн мод салаалан ургасныг нутгийнхан “Эх мод” хэмээн нэрлэжээ. Түүнээс гадна тэд нутгийн алдартай лам, ноёд, түшмэдийн хэрэглэж байсан хувцас, эд хэрэглэлээс гадна сумынхаа хөрс шороо, хад чулуу, металиудаас дээжлэн авч музейдаа хадгалдаг гэнэ.

Шилүүстэйнхэн сумаасаа төрсөн алдартнуудын ном зохиол, бүтээл үүд болон иргэдийн дурсгасан зүйлсийг үзэсгэлэнд тавьжээ. Тэдгээрээс Монголын газрын зурагтай төстэй хэлбэртэй “Монгол нутаг чулуу” сонирхол татав. Түүнийг тус сумын нэгэн иргэн 2004 онд Завхан голын орчмоос олж, музейд хадгалуулсан байна.

Үзэсгэлэнд арав гаруй сумынхан музейн үзмэрүүдээсээ дэлгэж, олонд танилцуулсан. Ихэнх сум нутгийн иргэдийн дурсгасан үзмэр үүдээр музейн сан хөмрөгөө баяжуулдаг гэнэ. Сумдын музейг иймэрхүү арга хэмжээний үеэр хүмүүс үздэгийг эс тооцвол энгийн үед бараг үзэгчгүй. Дэлгэж тавих өрөө тасалгаа хүрэлцдэггүйгээс үзмэрүүдээ хайрцагт хийж, хаалганы цаана түгжин, хэд хоног, сар, жилээр хүний нүднээс далд байлгадаг газар ч цөөнгүй. Түүнээс гадна түүх, соёл мэдэхгүй хэнд ч хамаагүй музейн үзмэрүүдийг хариуцуулдаг нь эндээс харагдаж байлаа. Тухайн үзмэрийн талаар лавлаж асуухад цаасан дээр бичсэн тайлбараас илүү зүйл мэдэхг үй ажилтан цөөнгүй байв. Түүх, соёлын дурсгал болох музейн үзмэрүүдээ сум орон нутгийн удирдлагууд хамгаалж анхааралдаа авч, Төр энэ талаар ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэйг үзэсгэлэн сонирхсон зарим хүн ярьж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.