Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бага хурал зорилтоо хэрэгжүүлсэн гэж МАН дүгнэв

МАН VIII Бага хурлаа даваа гаригт хийж, шөнийн 02.00 цаг хүртэл үргэлжилсэн. Уг хурал ямар үр дүнд хүрсэн талаар тус намын дарга Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил, Орон нутгийн болоод, Ерөнхийл өгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаарх намын даргын илтгэлийг гишүүд хэлэлцэж, санал бодлоо солилцсоноос гадна “Шинэчилье” хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлсэн байна. Хурлын хамгийн гол зорилт их хурлаа товлох байсныг Ө.Энхтүвшин дарга онцолж, энэ зорилтоо хэрэгжүүлсэн хэмээн дүгнэв. МАН-ын XXVII Их хурлыг ирэх аравдугаар сарын 27- нд хийхээр товложээ. Энэ удаа өмнөх Их хурлуудаас илүү өргөн хүрээнд явуулах зорилгоор 1134 төлөөлөгч оролцуулахаар тогтож, тэднийг хэрхэн сонгох журмаа гаргасан байна. Ингэхдээ намын анхан шатны байгууллагын гишүүдээ түлхүү хамруулж, санал бодлыг нь сонсохоор төлөвлөж байгаа аж. Энэ удаагийн Их хурлаар намын шинэчлэлээс гадна улс орны хөгжлийн бодлоготой холбоотой асуудлыг хэлэлцэх гэнэ. Түүнчлэн намын дүрэмд томоохон өөрчлөлт оруулах юм байна. Ялангуяа үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтцийг тэр чигт нь шинэчлэх зорилт тавьжээ. “Манай нам Парламентад олонх байх үедээ баталсан дүрмээрээ өнөөдөр ажиллаж байгаа. Тиймээс цөөнхийн байр сууринаас, тохиромжтой дүрэм гаргах нь зүйтэй. Намын Бага хурал болон Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог цөөлж, чанарыг сайжруулах гээд олон өөрчлөлт хийнэ” хэмээн МАН-ын дарга Ө.Энхтүвшин ярьсан. Түүнээс гадна хариуцлага тооцох асуудлыг ч их хурлаараа хэлэлцэх гэнэ. “Өнгөрсөн хоёр шатны сонгуулийн үеэр сонгогчдын хийсэн сонголтод судалгаа хийсэн. Уг судалгаагаар Орон нутгийн сонгуулиар иргэдийн МАН-д өгсөн итгэл өмнөх сонгуулийнхаас 32 хувиар өссөн бол Ерөнхийлөгчийн сонгуулиар 42 хувиар өссөн дүн гарсан. Тиймээс намын дарга сайн ажилласан гэж Удирдах зөвлөл үзсэн” гэсэн нэмэлт тайлбарыг МАН-ын нарийн бичгийн дарга М.Оюунчимэг өгөв. Тус намын XXVII их хуралд бэлтгэх Ажлын хэсгийг удахгүй байгуулах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.