Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрх мэдэлтнүүдэд үнэн сэтгэл байдаггүй

Үнэнээ илчлэв

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид долдугаар сарын 30-нд хуралдаж, таван асуудал хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотын ногоон байгууламжаас 10 га талбай “хулгайлах” тухай байлаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Энхцэнгэлийн гаргасан “хулгай хийх” санааг бусад нь дэмжив. 2009 оны есд үгээр сарын 23-нд нийслэлийн өмн өх ИТХ-ын тэргүүлэгчид “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 114 дүгээр тогтоол гаргаж, долоон дүүргийн 25104.64 га талбайг хавсралтаар тогтоон, хамгаалалтад авсан юм. Уг тогтоолын хавсралтад одоогийн тэргүүлэгчид өөрчл өлт оруулан, Ботаникийн цэцэрлэгийн 34.9 га талбайг 24.9 га болгож багасган, 10 га-г нь “хулгайлав”. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч 11 хүн бий. Д.Баттулга, Б.Түвшин, Л.Сайнт өгс, Л.Нарантуяа, Ц.Энхцэнгэл, Л.Наранбаатар, Д.Бадарсан нарын долоон тэргүүлэгч АН-ын гишүүн бол Г.Төмөрбаатар, Р.Дагва, С.Амарсайхан нар МАН-ын гишүүн. Харин Д.Батбаяр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нийслэлийн ИТХ-д орж ирсэн. Энэ эрхмүүд өөрсдийг нь сонгосон, намынх нь нэрийг дугуйлсан сонгогчид, нийслэлийн иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, амьсгалах цэнгэг агаар, амрах цэцэрлэгт хүрээлэнгээс нь таналаа. Тэд уг нь “Та бүхний төлөө ажиллана. Эрх ашгийг хамгаална. Төрд ард иргэдийг төлөөлж ажиллана” гэж амлаж, олонхийн саналыг авсан. Гэтэл авдрын түлхүүр атгамагцаа төрийн өмчид гар дүрж эхэллээ. Ард түмний амьдралыг сайжруулах гэж албан тушаалд очоог үй, олон нийтийн эрх ашгийн төлөө зүтгэх гэж сонгуульд нэр дэвшээгүй гэдгээ АН-ынхан энэ үйлдлээрээ үзүүлж, үнэнээ илчлэв. Хумсаа үргэлж мий шиг нууж явдаг эрх мэдэлтнүүдэд үнэн сэтгэл байдаггүй юм байна.

Эрдагоны араас Ц.Энхцэнгэл

Туркийн хуучин нийслэл Истанбул хотын Гези цэцэрлэгт хүрээлэнг устгаж, газар дээр нь худалдааны төв болон Османы эзэнт улсын үеийн цэргийн хуаранг сэргээн байгуулахаар төлөвлөж буйгаа Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг мэдэгдсэний дараа өнгөрсөн тавдугаар сарын 28-наас иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Түүнээс хойш жагсаалд оролцогчдын хүрээ улам тэлж, Туркийн 81 мужийн 67-г нь хамарсан эмх замбарааг үй байдал үүсэн, Гези цэцэрлэгт хүрээлэнг аврах үйлсэд нэгдсэн жагсагчдаас тав нь амиа алдаж, 5000 хүн бэртэж гэмтсэн. Иргэд анх жагсаал зохион байгуулахдаа хотынхоо ганц том цэцэрлэгт хүрээлэнг авч үлдэх зорилготой байсан бол эцэстээ Ерөнхий сайдаа огцрохыг шаардсан юм. Ингэхээс ч өөр арга байгааг үй. Эрдагон ард иргэдийнхээ хүслийг ойлгож, үгийг нь сонсолгүй, “Цэцэрлэгт хүрээлэнг устгах шийдвэрээсээ буцахгүй” гэж мэдэгдсэн нь энэ жагсаалыг улс төрийн шинжтэй болгож хувиргасан юм. Истанбул хот энэ үймээний уршгаар хэдэн сая жуулчдыг үргээн, их хэмжээний алдагдал хүлээв. Жагсагчдыг хүч хэрэглэн тараасныг Европын холбоо буруутган, Туркийг гишүүнээр элсүүлэх асуудлыг хойшлуулаад байна.

Эрх баригчдын алдаатай ганц шийдвэр, муйхар бодлого ямар их хохирол дагуулдгийг энэ явдал харуулсан. Манай төр, засгийн эрх баригчид харин энэ явдлаас юу ч ухаарсангүй. Албан тушаал, сандал ширээнийх нь асуудал сөхөгд өх өд л Эрдагон Гези цэцэрлэгт хүрээлэнг өөрчлөх байр сууриа эргэн харж, ард түмний санал асуулга явуулах шийдвэр гаргасан бол Монголын эрх баригчид харин номхон тэмээг ноолоход амар гэсэн шиг аашилж байна. Ноцож буй багахан цучлыг салхи өгдөөхөд түймэр асдагийг манай эрх мэдэлтнүүд, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, АН-ынхан андахг үй. “Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой хар толбо Монголын түүхэнд хэдийнэ үлдэж, сануулга өгсөөр байгаа. Туркт тийм л юм болсон.

Харин Монгол Улсын нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Энхцэнгэл ба түүний нөхөд өөрсдийг нь хэн ч огцруулж дөнгөхгүй, албан тушаалаас нь ховхолж чадахгүй гэж тооцоолж сууна. Тиймдээ л ийм бүдүүн зүрх гаргаж, улсдаа одоо байгаа хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн газрын гуравны нэгийг “хулгайлжээ”. Өөртөө эрдсэн Эрдагон хүртэл эцэстээ шийдвэрээсээ буцаж, ард түмнээсээ асуусан бол манай эрх баригчид олон нийтээс асуулгүй, дур мэдэн шийдэв. Тэд тэгтлээ бардамнахын учир юу вэ. “Засгийн газрыг л хугацаанаас нь өмнө огцруулж байснаас бус нийслэлийн ИТХын төлөөлөгчдийг эргүүлэн татаж байсан удаагүй. Дараагийн сонгууль болтол зай ч байна, лай ч байна. Тэр болтол сонгогчид энэ явдлыг мартчихна” гэж тооцов уу. Тийм том газартай болчихвол албан тушаалаа алдсан ч яах вэ гэж бодов уу. Ард түмнээс том толгойтой, ар хударгаар “хулгай” хийдэг ийм нөхдийг нийслэлийн ИТХ-д байлгаад байх нь ашиггүйгээр барахгүй алдагдалтай.

Ц.Энхцэнгэл алдаа олохдоо гаршжээ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Энхцэнгэл Ботаникийн цэцэрлэгийн газарт саяхнаас л шунаж байгаа биш аж. Улаанбаатарын унаган хүүхэд, Баянзүрх дүүргийн иргэн тэрбээр энэ цэцэрлэгийн орчимд өсчээ. Уг цэцэрлэгийг хэзээ, ямар зорилгоор, хэн, ямар их ажил болж байж байгуулсныг мэдэхийн дээдээр мэддэг хүмүүсийн нэг нь Ц.Энхцэнгэл. Гэхдээ тэр Монгол Улсын маань ургамлын санг хамгаалах, нийслэлд үзэмж нэмэх, агаар цэвэрлэх, тоос, дуу чимээ багасгах цэцэрлэгт хүрээлэн барьж байна гэж бодож байгааг үй бололтой. Хэрвээ тэгж бодсон бол одоо яагаад ч энэ цэцэрлэгийн газрыг хор шингэсэн харцаар харах учиргүй. Нийгэм өөрчлөгдөж, төр солигдоход Ботаникийн цэцэрлэг хаягдаж, харж хандах хүнгүй нэг хэсэг эзгүйдсэн. Дараа нь Улаанбаатарт газар шиг үнэтэй юм байхгүй болсон. Тэр үеэс л Ц.Энхцэнгэл Ботаникийн цэцэрлэгийн газрыг сураад олдохгүй сувд, эрээд олдохгүй эрдэнэ хэмээн олзуурхаж, мөнгөний нүдээр харж эхэлжээ.

“Эх орон-Ардчилал” эвслийн Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, тухайн үеийн эрх баригч МАХН-ын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, хэрэгжүүлж буй бодлогын алдаатай талуудыг олж илрүүлэх ажил хариуцаж байсан, “Чинсан заргач” гэх хууль зүй, өмгөөллийн компанитай, алдаа олохдоо гаршсан энэ хүн Ботаникийн цэцэрлэг улс, нийслэлийн бодлогоос гээгдэж, эзэнгүй явж байгааг олж харжээ. Түүний аз болоход түшсэн нам нь 2012 оны Орон нутгийн сонгуулиар олонх болов. Ингээд л тэр олон жилийн турш нүдний цөцгий мэт “хайрлаж, харж” ирсэн Ботаникийн цэцэрлэгийн газрыг өөрийн болгох санаандаа хүрлээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээр бүхэл бүтэн тогтоол гаргуулж чадлаа.

2020 онд явж эхэлнэ гэж төлөвлөж буй метроны замыг Ботаникийн цэцэрлэгийн дэргэд барина. Цэвэр агаартай хэмээн улаанбаатарчуудын үхэлддэг, амьдрахыг мөрөөддөг Богдхан ууланд энэ хавийн газар ойрхон. Ойр хавийн гэр хорооллыг нь удахгүй барилгажуулна. Тэгэхээр муу нэрт гэр хорооллоос холдчихно. Ард талдаа авто замтай. Инженерийн шугам сүлжээ замын цаахна бий. Давуу тал ийм олонтой энэ газрыг өөрийн болгох нь хэнд ч ашигтай. Харин Ц.Энхцэнгэл тэгж чадлаа. Түүний хувьд аз гийж, ард олны хувьд эз татав.


Ц.Энхцэнгэл: Сургууль, цэцэрлэг барихгүй

Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу энэ сарын 2-нд Ц.Энхцэнгэл орлогч нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-т тус дүүргийн зарим иргэнтэй уулзав. Үүний дараа түүнтэй уулзахад “Ярилцлага өгөхгүй” хэмээн зангүй загнав. Бидний хооронд болсон богинохон яриаг сийрүүлье.

-Ботаникийн цэцэрлэгт хэдэн хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэг хэзээ барьж ашиглалтад оруулах юм бэ. Зураг төсөл, төсөв нь батлагдсан юм уу?

-Чи намайг гүтгэж бичээд байсан Болормаа байх нь ээ.

-Гүтгээгүй. Үнэнийг бичсэн юм шүү. Ботаникийн цэцэрлэгийн талбайгаас хасуулсан 10 га газраа яах гэж байгаа юм бэ?

-Генофондын барилга барина.

-Генофонд барихын тулд Ботаникийн цэцэрлэгийн газраас тасдаж авах шаардлагагүй. Гадаадын бүх улс генофондын барилгаа Ботаникийн цэцэрлэгтээ барьдаг шүү дээ?

-Би чамд ярилцлага өгөхгүй гэсэн шүү.

-Та өмнө нь Ботаникийн цэцэрлэгийн баруун талд сургууль, цэцэрлэг барина гэж мэдэгдсэн байсан. Үнэхээр сургууль, цэцэрлэг барих юм уу?

-Хэн тэгсэн юм?

-Тавдугаар сард Ботаникийн цэцэрлэгт Та өөрөө очоод ажилтнуудад нь тэгж хэлсэн байсан.

-Худлаа юм бичихээ болиорой.

-Би худлаа бичээгүй. Та ганцаараа биш, хүн дагуулж очоод тэгж хэлсэн байсан шүү дээ. Сургууль, цэцэрлэгийн зураг төсөл, төсөв мөнгө нь бэлэн юм уу. Хэзээ барих юм бэ. Тэнд сургууль, цэцэрлэг барих юм уу?

-Сургууль, цэцэрлэг барихгүй.


Ам, ажлын зөрүү

Орон нутгийн 2012 оны сонгуулиар Ц.Энхцэнгэл нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар тойрогт АН-аас нэр дэвшин, сурталчилгаагаа хийж явахдаа “Дэвшилт шинэ технологи нэвтрүүлэх замаар агаар, хөрсний бохирдлын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэнэ” гэж амлаж байв. Сонгогдчихоод одоо тэр амлалтаа ор тас мартжээ. Мартаад зогссонг үй, эсрэг юм хийж явна. Агаар цэвэрлэж, хөрс эрүүлжүүлж буй ногоон байгууламжийг устгаж явна. Ам, ажлын зөрүүг тод томруун үзүүлж яваа энэ хүн АН-аас зохион байгуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг нийслэлд зохион байгуулах Ажлын хэсгийг ахалсан. Тэр ажлынхаа талаар Б.Энхцэнгэл “Хот, дүүргийн удирдлага иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлаж, хаалттай үйл ажиллагаа явуулдгийг болих хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч, авлигагүй, ашиг сонирхлын зөрчилгүй удирдлагатай болгох зорилт тавьж байна. Хотын удирдлагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, иргэдийн оролцоотой, хүртээмжтэй явагддаг болох ёстой. Үүний төлөө анхаарч, шахаж, шаардаж ажиллах болно“ гэж хэвлэлд ярилцлага өгчээ.

Ажилтай албатай хүмүүсийн олонх нь амарсан цагийг эзгүйчлэн, “ангийнхаа” хүүхд үүдээр тогтоол гаргуулж, Ботаникийн цэцэрлэгийн газраас “хумсалсан”-ыг хотын удирдлагууд хаалттай үйл ажиллагаа явууллаа гэж хэлэх биш үү. Сургууль, цэцэрлэг барихгүй хэрнээ “Сургууль, цэцэрлэг барина. Түмний хүүхдийн тусын тулд” гэж ухуулж байгаад бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэнгээс 10 га газар салгасан нь ашиг сонирхол мөнөөс мөн. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид бол нийслэлийн сая гаруй иргэнийг удирдаж буй хүмүүс. Ард иргэд нь эсэргүүцсээр, дургүйцсээр байхад тэд ядаж асуулгүйгээр, ногоон байгууламж устгав. Үүнийг хотын удирдлагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байна гэж хэн ч хэлэхг үй. Иргэдээс асууж, нээлттэй, авлигагүй, ашиг сонирхлын үүднээс асуудлыг харалг үй ажиллана, нийслэлийг тийм удирдлагатай болгоно гэсэн яасан бэ, Ц.Энхцэнгэл орлогч оо. Ярих нэг хэрэг, хийх огт өөр байгаа биз. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болно гэдэгсэн.

Х.БОЛОРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.