Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАХИАС, ШҮҮМЖЛЭЛ, ГОМДОЛ, ИТГЭЛ НАЙДВАР ТЭЭСЭН БАГА ХУРАЛ

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш багагүй хугацаанд дуншсан МАН-ын Бага хурал өчигдөр үдээс хойш эхэллээ.

Өглөөний 10.00 цагт Бага хурлын төлөөлөгчид Тусгаар тогтнолын ордонд цугларч эхэлсэн хэдий ч ирц хүрэхгүй байсан нь хурал хойшлох шалтгаан болжээ. Өчигдөр Улаанбаатарт бороотой байж, зарим нислэг саатсан тул орон нутгийн төлөөлөгчид үдээс хойш ирцгээсэн аж. Хурлын сургаар олны хөлд дарагдсан МАН-ын байранд дараалан хэд хэдэн хэвлэлийн хурал болсон юм. Тус хурлын эхнийхийг МАХН-ын Гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан хийж, “Улс орны оршин тогтнох түүхийг бичиж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг нуруундаа үүрч явсан МАН-д арав гаруй гишүүний хамт эргэж ирсэн” гэдгээ мэдэгдэв. Дараа нь МАНын “Шинэчилье” хөдөлгөөний залуус мэдээлэл хийж, “Намын шинэчлэлийн талаар гишүүд, дэмжигчид, ард түмнээс санал авч байсан Тусгаар тогтнолын ордны өмнө барьсан гэр урд шөнө алга болсон. Хэн нэгэн дарга даамлын гар хөл бологчид буулгаад явчихлаа. Санал авч байсан гэрийг хэн авсан болохыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулахаар хүсэлт гаргасан” гэж мэдэгдлээ. Түүнчлэн намын удирдлагууддаа халуун зунаар Бага хурал зарлах шахалт үзүүлсэн “Шинэчилье” хөд өлгөөнийх өн “Хурлын ирц бүрдэхэд түвэгтэй байна. Найр наадмын цаг давхцаж байгаагаас гадна орон нутгийн төл өөлөгчид замын зардал, санхүү, мөнгөний асуудлаас болоод ирж чадахгүйд хүрч байна” гэж гомдоллов. Энэ зуур МАН-ын байранд УИХ, Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бараа, сураг нь тасарсан улстөрчид ар араасаа ирцгээлээ. Хамгийн сонирхууштай зочин нь Ерөнхий сайд асан С.Баяр, НИТХ-ын дарга асан Н.Болормаа, Хотын мээр асан Г.Мөнхбаяр тэргүүтэй нөхөд байв. “Шинэчилье” хөдөлгөөнийхний шаардлагаар хуралдаж буй Бага хурлаар таван сонгуульд дараалан ялагдсан намын дарга нартай хариуцлага тооцож, удирдлагыг өөрчилнө гэсэн мэдээ тарсан байв. Бага хурлын өмнөх ням гаригт тус намын Удирдах зөвлөл хуралдсан. Энэ хурал тун халуун уур амьсгал дунд болж өнгөрсөн бөгөөд “МАН-ын ирээдүйн дарга хэн болох вэ” гэх гадуур тарсан таамагт хариу өгсөн гэнэ. Тус хуралд оролцсон МАН-ын залуу гишүүд намын дарга хэн болох талаар хэвлэлээр бор шувуу нисгэсэн хэрэгт нэгнээ буруутгаж, хэсэг маргаад авчээ. Тэдний маргааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тасалсан бөгөөд залуучуудад “Улс төрийн албан тушаалтны ёс зүйг барьж ажилла” хэмээн хатуу сануулжээ.

Намаараа, толгойгоороо тоглож болохгүй

Энэ үеэр Бага хуралтай зэрэгцэн намын даргыг өөрчилнө гэсэн мэдээлэлд МАН-ын дарга Ө.Энхтүвшин ч хариу өгсөн байна. Тэрбээр “Намын даргын албан тушаалыг өгөхөөс татгалзах юм алга. Хэрвээ намайг ажлаа өг гэж байгаа бол намын даргаас огцорно гэдгээ Бага хурал дээр албан ёсоор мэдэгдэнэ” гэжээ. “Шинэчилье” хөдөлгөөний шаардлагад “Таван сонгуульд дараалан ялагдсан намын удирдлагыг өөрчлөх” асуудал багтсан. Ө.Энхтүвшин 2013 оны Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн ачааг үүрч Ерөнхийлөгчид өрсөлдсөн Б.Бат-Эрдэнийн дээлийн захыг мушгихдаа намын рейтингийг тодорхой хэмжээнд ахиулсан гэдгээ ч хэлээд авч. Тиймээс сонгуулийн компанит ажлыг нуруундаа үүрч явахад Нийслэлийн намын хороо, намын залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага хаана, юу хийгээд сууж байсан юм гэдэг асуулт гарсан аж. Чамгүй олон цаг хуралдаж, тал талд ярилцсаны эцэст Ө.Энхтүвшин огцрох өргөдөл гаргахаа больж, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн 90 хувийн саналаар намын даргыг өөрчлөх асуудлыг Бага хурлаар биш удахгүй болох Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтжээ. Ийм шийдвэр гарсан гарсан хэдий ч Бага хурлын өглөө өдөр тутмын цөөнгүй сонинд МАН-ынхан намын даргаар яригдаж буй нөхдөөс онцгойлж М.Энхболдыг томилохоор бараг шийдсэн гэх мэдээлэл гарав. Нэгэнт энэ хурлаар намын даргыг өөрчлөх яриа өрнөхгүй тул энэ мэт “бор шувуу” ниссэн нь гайхал төрүүлж буй төдийгүй У.Хүрэлсүх, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр зэрэг намын дарга болох магадлалтай улстөрчдийн марафонд М.Энхболдыг ялж байгаа гэх мэдээлэл хэн нэгний санаатай хийсэн ажил гэж үзэж болохоор байгаа юм. Харин Бага хурлын ховор зочин С.Баяр МАН-ын байранд өнжиж, намын удирдлагуудтай уулзсан байна. Намын экс дарга С.Баяр тэдэнд намаараа, толгойгоороо тоглож болохгүйг сануулаад, “Дарга нарын цүнх бариад гүйж явсан залуус шинэчлэл ярихаасаа өмнө бодох ёстой. Үнэхээр энэ намыг шинэчилнэ гэж байгаа бол дотроосоо, анхан шатнаас нь эхлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн гэнэ.

“Шинэчилье” хөдөлгөөний ард би байхгүй шүү

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийг энэ хурлын содон зочин байх болов уу гэж олон хүн хүлээсэн. Гэвч тэр ням гаригт болсон Удирдах зөвлөлийн хуралд ч, Бага хуралд ч бараагаа харуулаагүй юм. Сураг сонсоход У.Хүрэлсүх хэд хоногийн өмнө намын удирдлагуудтайгаа уулзаж “Зэвсэгтэй армийн эсрэг зэвсэггүй та бүхэн тэмцэж 0.23 хувиар ялагдсан нь МАН-ын хувьд ялалт. Энэ бол та бүхний гавьяа. Би та нараараа бахархаж байна. Тиймээс би намын дарга болохгүй. Намын удирдлагыг өөрчлөх “Шинэчилье” хөдөлгөөний ард би байхгүй шүү” хэмээн хэлсэн гэнэ. Гадаадад эхнэрээ сувилуулж буй У.Хүрэлсүхийг эх орондоо ирэхээс өмнө шинэчлэх хөдөлгөөний толгойлогч, намын дарга болохын тулд залуусаа турхирч байна гэсэн хардлага гарч байсан бол тэр энэ уулзалтаар өөрийгөө цайруулсан аж. 15.00 цагийн үед төлөөлөгчдийн ирц 71 хувьд хүрснээр эхэлсэн МАН-ын Бага хурлыг намын дарга Ө.Энхтүвшин нээж илтгэл тавьжээ. Тэрбээр “Энэ оны зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах өрсөлд өөн өөр сонгуулийн нэгэн цикл өндөрлөж байна. Тиймээс МАН улс төрийн бодитой үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг хойшлуулах учиргүй. Сонгуулиудын эцсийн үр дүн бидний хүсэн хүлээсэн хэмжээнд байгаагүй ч 230 шахам мянган гишүүн, олон мянган дэмжигчийн хамтын тэмцлийг сэтгэл хөдлөлөөр эсвэл тодорхой зорилгоор үнэлж, дүгнэж болохгүй. Сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдал, биднээс үл хамаарсан хүчин зүйлс, ахиц ололт буюу цаашид бататгах сайн талууд, алдаа эндэгдэл, авах сургамж, цаашдын зорилт, нам оршин тогтнох ирээдүйн улс төрийн авир араншин, хандлага, эрх баригчдын зүгээс хийж болзошгүй алхмыг тал бүрээс нь үнэлж, дүгнэж чадвал бид бүгдээрээ хожно. Эс бол дахин том алдана” гэжээ. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН амаргүй нөхцөлд ажиллаж байгаа гэж намын дарга илтгэлдээ дурдсан байна. Түүгээр ч зогсохгүй энэ он жилүүд түүхэнд МАН-ын хамгийн хүнд үе болж бичигдэж мэдэх юм гэжээ. Учир нь УИХ-д олонхийг бүрдүүлсэн АН эрх мэдлийн давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон, улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлж байна. Эрх баригчид “шинэчлэл” нэрийн дор хуулиас гадуур авирлаж, намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хоморголон халахаас гадна ард түмнээс Ардын намд өгс өн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, “зөвхөн МАН-ынхан авлигачид” гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, мэдээллийн дарангуйллыг тогтоож байгаа гэж Ө.Энхтүвшин илтгэлдээ дурдсан байна.

Нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гишүүдтэй хариуцлага тооцох уу

Мөн “Алдаа бол удирдлага буюу цөөн хүнээс үүдэлтэй, харин амжилт, ололт бол баг, хамт олон, магадгүй мянга мянган хүний бүтээл байдаг. Энэ цагийн төрх араншинг мэдэрч, ялалт, ялагдлын мөн чанарыг ухаарч, өрөөлийг бас өөрсдийгөө олж харцгаах ёстой гэжээ. Тэрбээр намын даргын ажлыг авсан цагаас хойш намын эв нэгдлийг бодож элдэв бүлэглэл, талцлыг дэмжихгүй байх бодлого барьж, ямар нэгэн хүрээлэл үүсгэлг үй явж ирсэн нь өнө өд өр өөрийн командгүй, сул дорой, үлбэгэр гэсэн цолыг авахад хүрсэн хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн шинэчлэл хийх санаачилга гаргасан залууст “Шинэчлэлийг хийе, гэхдээ юуг, яаж хийх вэ” гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Шинэчлэлийн нэгдсэн хөдөлг өөн намын арга барил, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг өөрчилнө гэж байгаа. МАН бүтэц, зохион байгуулалтаа боловсронгуй болгохын тулд намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулна. Ийм цаг үед харьцангуй цомхон, уян хатан, маневарлах чадвар сайтай, хоорондоо нягт уялдаа зохицуулалттай, олон нийт рүү нэвтрэх гарц өрг өнтэй байх өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байна. МАН-ын дарга Ө.Энхтүвшин Бага хурал дээр ийм илтгэл тавьсан ч төлөөлөгчид “УИХ-ын болон Орон нутаг, Ерөнхийл өгчийн сонгуулийн ялагдлын шалтгаан юу вэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялагдсан уу, луйвардуулчихсан уу. Үнэн хэрэгтээ МАН авлигал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс болж сонгуульд ялагдсан. Үүнийг яагаад Бага хурлаар хэлэлцэхгүй байна вэ. Өнөөдөр хэлэлцэхгүй бол хэзээ хэлэлцэх юм. Шат шатны сонгуулиар намынхаа, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гишүүд бий. Тэдэнтэй хариуцлага тооцох асуудлыг хэзээ хэлэлцэх гэж байна. Сонгуулийн үеэр МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага муу ажилласан гэлээ. Тэгвэл намын дэргэд ажиллаж буй бусад төрийн бус байгууллагууд яаж ажилласан бэ. МАН-ын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх тухай асуудлыг яагаад хөндөхгүй байна. Та Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын даргын хувиар огцрох өргөдлөө өгнө гэж мэдэгдсэн байсан. Таны шийдвэрийг тантай хамт хамтын шийдвэр гаргаж байсан Удирдах зөвлөл хэдий болтол хамгаалж, болиулах вэ” гэсэн ширүүн асуултууд тавьсан байна. МАН-ын дарга Бага хурал дээр дан ганц намын дотоод асуудлыг яриагүй аж. Тэрбээр “Монголчуудын ихээхэн найдвар тавьж буй Эрдэнэс-Тавантолгой компани аль эрт дампуурсан гэж саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарласан. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсов. Гадаадын хөрөнгө оруулалт дайжсаар байна. Төсвийн орлого олон зуун тэрбумаар тасрах нь тодорхой болсон. Эцсийн дүнд энэ бүхэн ард түмний амьдралд хүндээр тусч байгаа олон асуудалд анхаарлаа хандуулна” гэжээ. Түүнчлэн “Өөрийн удирдаж оролцсон хоёр сонгуулийн хариуцлагыг хүлээж намын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан ч дэмжлэг авааг үй. Намайг намын даргаар сонгосон Бага хуралд миний МАН-ын дарга байх эсэхийг шийдэх эрх бий тул би ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээлгэхэд бэлэн байна. Харин дараагийн хүнээ дарга шиг дарга болгож дэмжиж тусалж, эрх, үүргийг нь тодорхой болгож өгөөрэй” гэсэн байна. МАН-ын ээлжит бага хурлаар намын 27 Их хурлыг ирэх аравдугаар сард хуралдуулахаар шийдсэн бөг өөд тус хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг нарийвчлан ярилцах аж. Бага хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь Их хурлын төлөөлөгчөөр фракц, бүлэглэл, дарга нарын хүн шургалдаг байсан тогтолцоог халж, ард түмний дунд нэр хүндтэй, фракц бүлэглэлд багтдаггүй, нэр цэвэр хүмүүсээр бүрдүүлэх ёстой гэж үзэж буй аж. Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр МАНын дарга Ө.Энхтүвшингийн тавьсан илтгэлтэй холбоотой санал, шүүмжлэл дуусааг үй байсан бөгөөд тус хурал оройтож дуусах төлөвтэй гэсэн мэдээлэл ирсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.