Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тив дамнасан хөршүүд”-ийн тэргүүн боть хэвлэгдлээ

Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Тив дамнасан хөршүүд” хоёр боть ном бүтээх ажил юм. Тэргүүн боть болох “МонголБританийн харилцааны түүх” номын нээлт өчигдөр боллоо. Өнгөрсөн гуравдугаар сард Британид хэвл үүлсэн уг номд хоёр орны сүүлийн зуун жилийн харилцааг гол төлөв түүх, архивын ховор чухал баримт бичгүүдэд тулгуурлан бичжээ.

Тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер “Монгол, Британийн ард түмэн эрт цагаас хэлхээ холбоо тогтоохыг эрмэлзэж ирснийг энэхүү номонд орсон түүхэн баримтууд өгүүлнэ. 1963 онд Британи улс өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосныг танай улсын гадаад харилцаанд гарсан түүхэн чухал үйл явдал хэмээн бид үздэг. Ойн хүрээнд олон ажил хийж байна. Тухайлбал, номынхоо тэргүүн ботийг хэвлэж, Эдинбургийн “Тату” олон улсын цэргийн фестивальд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн болон УДБЭЧ-ын бүжигчид оролцохоор өчигдөр (уржигдар) мордсон, Лондон хотын захирагч ирэх есдүгээр сард айлчлахаар бэлтгэж байна” гэлээ.

Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр-Азийн судалгааны төвийн эрдэмтэн судлаачид хамтран “Тив дамнасан хөршүүд” хоёр боть номыг бүтээхээр ажиллаж байгаа аж. Оны сүүлчээр хэвлүүлэх дэд дэвтэрт түүхэн харилцааны ерөнхий өгүүлэмж, XIII зуунаас өнөөг хүртэлх харилцааны түүхэнд тохиосон гол үйл явдлын хэлхээс, хоёр улсын харилцааанд идэвхтэй оролцсон байгууллага, хувь хүн болон алдар цуутай хүмүүсийн дурсамж, түүхэн гэрэл зургийн тайлбар гээд олон зүйлийг багтаах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.