Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сандлын дуулиан ЦЕГ-ын Тэргүүн дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлүүлэв

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Ш.Ганболдыг Хууль зүйн сайдын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баатаржавыг томилж, өчигдөр ажлыг нь хүлээлгэн өгсөн байна. Харин хурандаа Ш.Ганболд ажлаа хүлээлгэн өгөлгүй амраад явсан тухай албан бус эх сурвалжууд мэдээлэв. Харин албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ш.Ганболдыг Хууль зүйн сайдын тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үнэн. Тэрбээр өчигдөр ажлаа хүлээлцсэн” гэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын Тэргүүн дэд даргыг чөлөөлөх тушаалдаа “Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тусгай зориулалтын сандал нь эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох хэлбэр мөн болох тухай, түүнчлэн цаашид үүсэх эрсдэлийн талаар үндэслэл бүхий шаардлагыг ХЭҮКоос ирүүлсээр байтал таслан зогсоох арга хэмжээ авалгүй, хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр Хууль зүйн яамнаас баримталж буй үүрэг чиглэлийг хэрэгж үүлээгүй” гэсэн үндэслэл дурдсан байна. Онц хүнд гэмт хэрэгтнээс мэдүүлэг авах, согтуу, балмад этгээдийн аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай 400 сандлыг 626 мянган юаниар БНХАУ-аас худалдан авсан. Уг сандлыг цагдаагийн бүх салбар нэгжүүдэд тараах шийдвэр ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт гаргаж, хэнд ямар үед ашиглах тухай журмаа Улсын ерөнхий прокурорын газартай хамтран батлаад, хэрэгжүүлэхэд бэлэн болсон байсан юм. Харин үүнийг ХЭҮК-ийнхон эрүү шүүлтийн сандал хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлэн, Хууль зүйн сайдад “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авна уу” хэмээн хүсэлт тавьжээ. Уг хүсэлтийн дагуу Хууль зүйн сайд сандлуудыг салбар нэгжүүдээс эгүүлэн татна гэдгээ мэдэгдэж, буруутай хүмүүст хариуцлага тооцохоо ч хэлж байсан билээ. Үүнийхээ дагуу өөрийн томилсон хүндээ арга хэмжээ авсан бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.