Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГА НАР ХААНА, ЮУ ХИЙЖ ЯВАА ВЭ

УИХ-ын чуулганы завсарлага эхэлж, эрхэм  гишүүд Төрийн ордонд өдрийн од шиг үзэгдэх  болсон. Тэдний дийлэнх нь амарч байгаа бол  зарим нь 2013 оны УИХ-ын хаврын чуулганы  хугацаанд хэлэлцсэн хууль тогтоомжийг  сурталчлах ажлаар орон нутгийг зорьжээ.  Зуны амралт эхэлж, улс төр унтаж буй энэ  цагаар УИХ-ын “ангийн” дарга болон дэд дарга  нар хаана, ямар ажил амжуулж яваа талаар  сонирхлоо. 

УИХ-ын дарга З.ЭНХБОЛД:  Хаврын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Энэ  удаагийн чуулганаар бие даасан 13 хууль баталж, 45 хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын 2014 оны төсвийн  хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл, 2012  оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж баталлаа.  Наадмын дараа намар ирнэ гэдэг. Хадлан тэжээл бэлтгэх,  нөөцлөхөөс эхлэн өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарал  тавиарай” хэмээн анхааруулсан УИХ-ын дарга З.Энхболд  ээлжийн амралтаа авч Архангайг зорьжээ. Тэрбээр энэ  сарыг дуустал Архангайд байхаар төлөвлөсөн бөгөөд  26-29-нд болох тус аймгийн 90 жилийн ойн арга хэмжээнд  оролцох гэнэ. 

УИХ-ын дэд дарга М.ЭНХБОЛД: УИХ-ын дэд дарга М.Энхболд амрах завгүй ажиллаж байна.  Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч  түүнд энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд болох  Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд 6” уралдааныг  зохион байгуулах үүрэг оногдсон нь түүнийг завгүй гүйхэд  хүргэжээ. Мөн тэрбээр ирэх сарын 9-10-нд Хүй долоон худагт  зохион байгуулагдах 3000 морины уралдаан, 10 мянган  морьтоны жагсаал, энэ сард тэгш ойгоо тэмдэглэх Завхан,  Төв, Архангай, Хэнтий аймагт болох бүсийн наадмын хурдан  морины уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, үйл  ажиллагаанд нь хяналт тавих ажлыг хариуцаж байгаа гэнэ.  Өчигдөр тэрбээр 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Төв  аймагт ажиллав.

УИХ-ын дэд дарга Р.ГОНЧИГДОРЖ: Парламентын дэд даргын ажлыг аваад удаагүй байгаа  Р.Гончигдорж наймдугаар сар хүртэл амрахгүй бололтой.  Учир нь тэрбээр УИХ-аас баталсан хууль тогтоомжийг  сурталчлах ажлаар 17-ны өдөр Архангай аймгийг зорьсон  байна. Тэрбээр Архангайгаас цааш хөдөлж Завхан аймагт  ажиллахаар төлөвлөж байсан гэнэ. Гэвч тус аймагт хууль  сурталчлах өөр баг томилогдсон тул Завханыг зорих  ажлаа зогсоожээ. Р.Гончигдорж энэ сарын 26-29-нд болох  Архангай аймгийн 90 жилийн ойн арга хэмжээнд оролцох  юм байна.

УИХ-ын дэд дарга Л.ЦОГ: УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлсөн УИХ-ын  дэд дарга Л.Цог мөн л амралтаа төлөвлөөгүй, амрах завгүй,  нэлээд бухимдангуй явна. Авлигатай тэмцэх газрынхан МАХН- ын дарга асан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, эхнэрээс  нь байцаалт авч, гэрийнх нь төдийгүй хүү Э.Батшугарын эд  хөрөнгийг  битүүмжилсэн нь УИХ дахь МАХН-ын гишүүдэд  хүнд тусаж байгаа бололтой. Эрүүл мэндийн хувьд тааруухан  байгаа гэх Н.Энхбаярыг Өршөөлийн хуулиар суллах байх гэсэн  найдвар тус намынханд байсан. Гэвч АНУ-аас саяхан ирж,  баривчлагдаад байгаа Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт  байцаалт өгч эхэлснээс хойш Н.Энхбаярын хэргийг мөрдөх  ажиллагаанд огцом өөрчлөлт гарч буй бололтой. 

 

Д.ЦАЦРАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.