Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БУРУНДИ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ

  "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд Монгол Улс Бурунди Улстай 7 дугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бурунди Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Херменегилд Ньёнзима нар гарын үсэг зурав. 

 Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнд Монгол, Бурунди Улсын Байнгын төлөөлөгчид хамтарсан захидал мөн илгээв.   Ийнхүү Бурунди Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

Түүнчлэн Монгол, Бурунди Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах, нэн ялангуяа уул уурхайн салбарт харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэн ажиллах нь зүйтэй гэж талууд тохиролцов”  гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.