Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэтхэг улс ядуустаа хямд хүнс тараана

 БНЭУ-ын Засгийн газар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг ядууст зах зээлээс доогуур үнээр нийлүүлэх тухай хөтөлбөрийг өчигдөр баталжээ. Нийт хүн амынхаа гуравны хоёр хувь буюу 800 сая гаруй иргэнд сар бүр таван килограмм буудайг хямд үнээр хуваарилах юм байна. Тухайлбал, нэг кг цагаан будааг гурван рупий (зургаан цент), улаан буудай хоёр рупий, шар будааг нэг рупийгээр худалдах аж. Уг хөтөлбөрт хөдөө орон нутгийн иргэдийн 75, хотын оршин суугчдын 50 хувь нь хамрагдах урьдчилсан тооцоо гарчээ.

Иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг сайжруулах уг хөтөлбөрийг Засгийн газар санал нэгтэйгээр баталсан бөгөөд өчигдөр түүнийг Ерөнхийлөгчид өргөн барьсан аж. Удаа нь уг асуудлыг мөн Парламентаар хэлэлцэж баталснаар албан ёсоор хэрэгжиж эхлэхийг BBC тодотгосон байна. Гэвч сөрөг хүчний зарим сайд уг хөтөлбөрийг шүүмжилж буй бөгөөд эрх баригч Конгресс нам ирэх жилийн сонгуульд санал хожих арга хэрэгсэл төдийгүй Энэтхэгийн сангийн авдрыг хоосруулна хэмээн үзэж, дургүйцлээ илэрхийлжээ. Энэ хөтөлбөр эцэслэн батлагдвал тус улсын Засгийн газрын нэг жилийн хүнсний тэтгэмжийн зардал 1.3 их наяд рупийд (23.9 тэрбум ам.доллар) хүрч, одоогийнхоос хоёр дахин өсөх тооцоо бий бөгөөд хөтөлбөр удаан хугацаанд үргэлжлэх, Энэтхэгийн Засгийн газар санхүүжүүлж чадах эсэхэд эдийн засагчид эргэлзэж буй юм байна.

1.2 тэрбум хүн амтай тус улсын иргэдийн гуравны хоёр нь өдөрт хоёр ам.доллартай дүйцэхүйц өртөгтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Тус улс цагаан будаа, улаан буудайн хамгийн том тариалагч хэдий ч дэлхий дээрх өлсгөлөнд нэрвэгдсэн дөрвөн хүн тутмын нэг нь тус улсынх байдаг аж.


 Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.