Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Сноуден ОХУ-д тавьсан улс төрийн орогнолын хүсэлтээсээ татгалзав

 Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын хэлэлцээ Брунейд эхэлсэн тухай “Новости” мэдээллээ. Тэд Сири дэх нөхцөл байдал, “Женев-2” олон улсын бага хурал зарлан хуралдуулахтай холбоотой асуудал болон Америкийн Ерөнхийл өгч Б.Обамагийн Москвад хийх айлчлал, есдүгээр сард Санкт-Петербург хотноо болох “Их 20”-ийн чуулга уулзалтад оролцохтой нь холбоотой бэлтгэл ажлын талаар хэлэлцэх юм байна. Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын хөндөх өөр нэг чухал сэдэв ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены хувь заяатай холбогдох ажээ.

Сноуденыг ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн тухай үүний өмнө эх сурвалжууд мэдээлсэн ч тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үгүйсгэлээ. Зөвхөн Оросоор тогтохгүй дэлхийн хэд хэдэн оронд хандаж тавьсан дээрх хүсэлтийг Сноудены төлөөлөгчид ОХУ-ын дипломатчдад уламжилсан болохыг Америкийн “los Angeles times” сонинд мэдээлсэн юм. Энэхүү мэдээллийг “Wikileaks” сайт нотлов. Тус сайтад мэдээлснээр бол, “Wikileaks” вебийн эрх зүйн асуудлаарх зөвлөх Сара Харрисон Москвагийн “Шереметьево” нисэх онгоцны буудал дахь Консулын хэлтэст зургадугаар сарын 30-нд Сноудены нэрийн өмнөөс хүсэлт гаргажээ. Э.Сноуден улс төрийн орогнол олгохыг хүсэж, Австри, Боливи, Бразил, Венесуэл, Герман, Ирланд, Испани, Куба, Нидерланд, Никарагуа, Норвег, Польш, Орос, Финланд, Хятад, Швейцарь, Энэтхэг зэрэг 19 оронд хандсан гэнэ. Гэвч тэрбээр Орост хандаж тавьсан хүсэлтээсээ дараа нь татгалзсан юм байна.

Д.Песковын хэлснээр, энэ нь Москвагийн тавьсан болзол, бүр тодруулбал АНУ-д хор хохирол учруулахуйц үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай нь холбогджээ. Гэсэн хэдий ч Сноуденыг эх оронд нь албадан шилжүүлэхгүй байх урьдын байр сууриа Москва өөрчлөөгүй байгаа гэдгийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга нотоллоо. АНУ-ын Төрийн департмент тусгай албадын нууц мэдээлэл задруулсан хэрэгт Сноуденыг буруутган, тус улсад шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа. АНУ-ын иргэн өдгөө Москвагийн “Шереметьево” нисэх онгоцны буудлын дамжин өнгөрүүлэх бүсэд байрлаж байгаа аж.


 Х..ЭНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.