Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олуулаа болцгооё

 Амаржаад удаагүй бүсгүй хүүхдээ асраад гэртээ удаан суух боломж өнөөдөр хомс байна. Хоёулаа адилхан ажиллаж, амьдралаа залгуулах учиртай. Тэгэхгүй бол зөвхөн нөхрийн цалингаар удаан амьдрах аргаг үй. Ийм гэр бүл Монголд олон. Тиймээс ээжүүд бяцхан үрээ 5-6 сартай болгоод л ажилдаа яаран ордог. Ядаж л хүүхэд эхийн сүүгээ тогтмол хөхөж, эрүүл чийрэг бойжиход энэ нь сөрөг нөлөөтэй. Гэвч санхүүгийн бэрхшээлээ давахын тулд ээжид нь өөр арга үгүй. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газраас гэр бүлд тулгардаг энэ асуудлыг шийдэх, хүн амаа өсгөх зорилгоор Олуулаа болох тухай хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Монгол Улсын хүн ам 2.8 саяд хүрсэн тухай мэдээ саяхан цацагдав. Хэт том зорилго тавьж, түүндээ хүрэлгүй шантрахгүйн тулд бага багаар зорилгоо ахиулах нь зөв гэдэг. Тиймээс хүн амаа эхний ээлжинд гурван сая болгохоор Засгийн газар зорьжээ. Олуулаа болох хөшүүрэг нь мэдээж санхүүгийн дэмжлэг.

Ээжүүд хоёр жилийн турш сард 80.000 төгрөгийн “цалин” авна

Эхчүүд жирэмсний таван сартайгаасаа эхлээд хүүхэд төрсний дараах таван сар хүртэлх хугацаанд сард 40.000 төгрөгийн тэтгэмж төрөөс авдаг. Тэгвэл тэтгэмж авах хугацааг хоёр жил болгон сунгаж, мөнгөний хэмжээг хоёр дахин нэмэхээр ярилцаж байгаа аж. Хэрэв гурваас дээш хүүхэдтэй бол сард авах тэтгэмжийн хэмжээ 120.000 төгрөг байна. Ингэснээр санхүүдээ санаа зовохгүйгээр хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөж бойжуулах боломж ээжүүдэд олдох аж. Дээрээс нь нярай хүүхэдтэй ээжүүдэд төрөөс амин дэмээр баялаг хүнсний дэмжлэг үзүүлэх асуудлыг ч хуулийн төсөлд багтааж буй юм билээ. Зөвхөн ээжүүдийг дэмжээд байхаар аав нар “гомддог”. Улсынхаа хүн амыг олон болгоход тэдний үүрэг их. Энэ талаар лавлаж асуусан сэтгүүлчид Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ээжүүдийг дэмжиж байна гэдэг бол аавуудыг ч адилхан дэмжиж байгаа хэрэг. Тухайн гэр бүл ярилцаад эхнэр нь ажил хийгээд, нөхөр нь хүүхдээ харж болно. Энэ тохиолдолд аавууд ч бас хүүхэд асарсны тэтгэмжийг авч болно шүү дээ” гэж хариулсан. Тэгэхээр Засгийн газраас санаачилж буй уг төсөл “хүйсээр ялгахгүй”, уян хатан байх бололтой. Дээрх шиг эхнэр нь ажиллаад, нөхөр нь хүүхдээ харах юм бол аавд бас тэтгэмж олддог байхаар зохицуулах нь. Төслийг УИХ-ын намрын чуулганаар өргөн барих бөгөөд 2014 оны улсын төсөвт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгахаар төлөвлөж байна.

Залуу Монгол хэвээр үлдэх үү

Хүн амын 70 орчим хувь нь залуус гэдгээрээ монголчууд бардамнадаг. Гэтэл 1990 он гарсаар төрөлт эрс буурчээ. Улсын хэмжээгээр нэг гэр бүл дэх хүүхдийн дундаж тоо хоёр болов. Ялангуяа боловсролтой, бас санхүүгийн боломжтой гэр бүлүүд хоёроос илүү хүүхэд төрүүлэх нь ховордоод буй. Хэрэв энэ янзаар үргэлжилбэл 2020 он гэхэд Монгол Улсад хүн амын хөгшрөлт явагдаж эхэлнэ гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн. Залуу Монголын үе өнгөрч, хүн амд өндөр настнууд жин дарах болно гэсэн үг. Буурал Европ шиг болохгүйн тулд залуу гэр бүлээ, төрөлтийг төрөөс бодлогоор дэмжихээс аргагүй нөхцөл үүссэн нь энэ. Тийм ч учраас үе үеийн Засгийн газар, УИХ-аас хүүхэд, залуу гэр бүлд хандсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Харамсалтай нь уг шийдвэр сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгжээд замхарчихдаг. Залуу Монгол хэвээр үлдэхийн тулд хүн амын өсөлтөө төрөөс тогтвортой бодлогоор дэмжих учиртай. Тиймээс Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулж, УИХ батлахдаа урт настай, удаан хугацаанд хэрэгжих бодлого болгоосой гэж найдъя.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.