Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Амгалан: “Ж.Авхиа” гэсэн зохиогчтой ном байх ёсгүй гээд нэрийг нь дарж байсан

Төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд, Улсын ерөнхий прокурор, УЦСЕГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа генерал Жарантайн Авхиагийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан БХЯ-наас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Хурандаа генерал Ж.Авхиагийн хүү, “Алтан дорнод Монгол” компанийн Худалдаа, хангамж хариуцсан дэд захирал А.Амгалантай ярилцлаа.

-Сайхан зусаж байна уу. Энэ онд хурандаа генерал Ж.Авхиа гуайн 90 насных нь ой тохиож байгаа юм байна. Аавыгаа эргэн дурсахад сайхан байх нь лавтай?

-Миний аав Жарантайн Авхиа их ховорхон хүн. Төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, бас бөх хүн шүү дээ. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат. Ээж Дүгэржав маань нэг нутгийнх. 1947 оны улсын баяр наадмаар зургаа давж, начин цол хүртсэн. Улсын цол хүртэхээсээ өмнө хавар нь Казахтсаны Алматы хотын Морин цэргийн дунд сургуульд тэнцсэн байсан. Тэнд гурван жил суралцан төгсөж ирээд НАХЯ-нд Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газарт ажиллах болсон. Улмаар НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар бараг 10 жил ажиллаад Улсын ерөнхий прокурор болсон. Тэгээд 1978 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдож, дөрвөн жил ажилласан.

-Ихэнхдээ хүчний байгууллагыг удирдаж, очсон газар бүртээ шинэчлэл хийж байсан гэдгийг удирдлагад нь ажиллаж байсан олон хүн хэлдэг юм билээ.

-Тийм ээ. Монгол Улсдаа хүчний гол байгууллагыг удирдаж байсан хүн. Өөрийнхөө хариуцсан салбар бүртээ шинэчлэл хийж байсан юм билээ. УЦСЕГ-т гэхэд өөрийн гэсэн тугтай болгож, цагдан сэргийлэх байгууллагын алба хаагчдыг анх удаа тангараг өргүүлж байсан. Эрэлч нохойн алба байгуулсан. Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа тус газар жижигхэн хоёр давхар байшинд байхад нь шинээр дөрвөн давхар барилга бариулж, байртай болгосны зэрэгцээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх институтыг байгуулсан. Өнөө цагт гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн гол ажил бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж ярьж байгаа. Түүнийг 1970-аад онд санаачилж, эрдэм шинжилгээний институт байгуулж байсан түүхтэй. БХЯ-нд хүйтэн дайны хүнд үед 1978 онд томилогдож очсон. Тэнд очоод нэн тэргүүнд Зэвсэгт хүчин, армийн зэвсэг техникийн шинэчлэлд хамгийн их анхаарсан. Дараа нь Зэвсэгт хүчний алба хаагчдын боловсролд маш их анхаарч байв. Мөн нийгмийн асуудалд нь бодлогоо чиглүүлж, шийдэж өгсөн. Тэр үед аав “Офицер, ахлагч нар өглөө гэрээсээ гараад явдаг. Орой л орж ирнэ. Ар гэр, үр хүүхдэдээ анхаарах цаг зав алга байна” гэж ярьдаг байсан. Үүнтэй холбогдуулаад цэргийн алба хаагчдад удаан жилийн, цолны, хоол хүнсний нэмэгдэл олгодог болсон. Түүний зэрэгцээ орон сууцных нь асуудлыг шийдвэрлэж өгсөн. Тухайлбал, 16 дугаар хорооллын барилгыг аав сайд байхдаа санаачилж, бариулж байв. Аль ч байгууллагадаа нэр хүндтэй, хүний төлөө хүн байсан гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь дурсдаг юм.

-Тэр үеийн Батлан хамгаалахын сайдын хэрэгцээнд зориулж ЗХУ-аас нисдэг тэрэг бэлэглэж байсан гэдэг. Тэр талаараа дурсаж байв уу?

-Тухайн үеийн ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд, маршал Д.Ф.Устиновтой маш дотно харилцдаг байсан. “1980-1981 оны үед Батлан хамгаалахын сайдын урилгаар маршал Д.Ф.Устинов манай улсад айлчилсан. Дорноговийн Зүүнбаянд очоод буцах замдаа маршал “Сайд та хэдэн онгоц, нисдэг тэрэгтэй вэ” гэж асуусан. “Нисдэг тэрэг байхгүй, “Ан-2”, “Ан-24” онгоц тус бүр нэг бий. Нисдэг тэрэгний хугацаа дууссан” гэж хэлжээ. Д.Ф.Устинов туслахдаа нэг зүйл хэлэх шиг л болсон. Нутаг буцсанаас нь хойш 14 хоногийн дараа Москвагаас утасдаж, “Танд “Ми-8” маркийн нисдэг тэрэг хоёрыг илгээлээ. Нэг нь таны хэрэгцээнд, нөгөө нь Батлан хамгаалах яаманд бэлэглэж байгаа юм” гэж хэлсэн юм билээ. Энэ бол тэр хоёр хүн их нягт хамтран ажилладаг байсан, бие биенээ ойлгодог, дэмждэг байсны илрэл болов уу.

-Хуулийн салбарын анхны докторуудын нэг байх. Ямар сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан юм бол?

-Аав 1968 онд тухайн үеийн ЗХУ-ын ДЯЯны дэргэдэх Эрдмийн зөвлөлд “Хүн амины эсрэг гэмт хэрэгтэй явуулах эрүүгийн тэмцэл” сэдвээр дэд доктор, “Иргэдийн амь насны эсрэг гэмт хэрэгтэй явуулах эрүүгийн эрх зүй ба криминологийн асуудлууд” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Хууль зүйн шинжлэх ухааны анхны доктор байх аа.

-Бөх хүн бүдүүн баараг, боловсролгүй гэх үзэл иргэдийн дунд байдаг шүү дээ. Гэтэл Ж.Авхиа генерал эрдмийн зэрэг хамгаалсан анхны бөх байх нь

-Тийм ээ. Бөх хүн эрдэм сурч, өөрийгөө дайчилж ажиллаж болдгийн нэг жишээ бол миний аав гэж би боддог. Аав минь ч хэлдэг байсан. “Бөх хүн эрдэм номгүй гэх яриа байдаг. Тэр үед би барилддаг ч байсан, эрдэм номдоо ч анхаардаг байсан” гэж хэлж байв. Иргэдийн дунд байсан бөх хүний талаарх сөрөг ойлголтыг миний аав эвдэж чадсан гэж би хувьдаа боддог юм. Миний аав улсын начин цолтой, хууль зүйн шинжлэх ухааны доктор цолтой хүн. Түүнээс хойш эрдэм номын мөр хөөж, эрдмийн зэрэг хамгаалсан зөндөө бөх бий.

-1980-аад оны үед Ж.Авхиа генералыг намын эсрэг этгээд гээд хэлмэгдүүлж байсан гашуун түүх бий. Юунаас болж хэлмэгдсэн юм бол?

-Тэр асуудал бол тухайн үеийн Намын төв хорооны хянан шалгах хорооны дарга Б.Дэжид гуайтай холбоотой юм билээ. Б.Дэжид гуай өмнө нь НАХЯ-ны сайд байсан хурандаа генерал цолтой. Аав бас хурандаа генерал цол хүртсэн хүн. Аав бидэнд энэ тухай “МАХН-ын XVIII их хурлын өмнөхөн санагдаж байна. Тэр хурлын өмнө Б.Дэжид Намын төв хорооны Хянан шалгах хорооны дарга болох нь гэсэн яриа гарсан юм. Тэр үед нь “Үгүй байлгүй дээ. Нам малын эмч хүнийг Хянан шалгах хорооны даргаар тавихгүй байлгүй” гэж ойр дотнынхондоо ярьсан юм. Гэтэл энэ яриа Б.Дэжид сайдын чихэнд хүрч, “Миний боловсролыг дорд үзэж, элдэв зүйл ярилаа” хэмээн хувийн өш хонзон санаж, уг албан тушаалд очсоныхоо дараа чөлөөлсөн. Үндэслэлээ “Говь-Алтайн хүмүүсийг дэмжиж цэргийн академид явуулдаг”, “Зөвлөлтийн армийнханд дураараа бэлэг сэлт өгч байна”, “Цэргийн анги нэгтгэлүүдэд байшин барилга их бариулж байна” гэсэн гурван үндэслэлээр чөл өөлсөн юм билээ. Би хүнийг аймаг хошуугаар нь ялгадаггүй, ажилдаа сайн, идэвх зүтгэлтэй хүмүүсийг л ирээдүйд хэрэгтэй гэж үзээд сургуульд явуулж байсан. Тэр үед бэлэг гээд Зөвлөлтийн армийн удирдлагад нэхий дээл л өгч байсан. Сумаар харьцуулах юм бол их бууны нэг сумны үнэ ч хүрэхгүй. Байшин барилгын тухайд ангиудаар очиход халуун усгүй, орон сууцгүй гэдэг байсан. Тэр асуудлыг нь шийдвэрлэх үүднээс барилга бариулж байсан” гэж аав минь дурсдаг байсан. Өчүүхэн гурван үндэслэлээр л аавыг минь ажлаас нь огцруулж, сайдаас чөлөөлөөд, хурандаа генерал цолыг нь хураан авч, бэлтгэл хурандаа болгож, бичсэн номуудыг нь номын сангуудаас хураан авч, “Ж.Авхиа” гэсэн зохиогчтой ном байх ёсгүй гэсэн шийдвэр гаргаж, нэрийг нь дарж байсан.

-Намаас нь хөөж, нутаг заасан юм уу. Хүүхдүүдэд нь яаж тусаж байв?

-Арай ч намаас нь хөөж, нутаг заагаагүй. Хатуу донго гэгчийг л хүртээсэн. Би тухайн үед Москвад суралцаж байлаа. Амралтаараа ирэхэд хэцүү байсан шүү дээ. НАХЯ-наас манай гэр рүү орж гарч байгаа хүмүүсийг бүртгэдэг, утас чагнадаг нь мэдрэгддэг байв. 1991 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбат тухайн үеийн Улстөрийн товчооны тогтоолыг хүчингүй болгож, аавын минь хурандаа генерал цолыг сэргээсэн.

-Монгол Улсын баатар, армийн генерал Б.Доржтой хамт хилийн тулгаралтуудад оролцож байсан гэдэг.

-Аав минь армийн генерал Б.Дорж гуайн туслахаар ажиллаж байсан юм билээ. Тэр үед Б.Дорж гуай дэслэгч генерал цолтой байсан гэсэн. Байтаг Богдод түүнтэй хамт тулалдаж, штаб байгуулан ажиллаж байсан гэдэг. 1978 оны намар Батлан хамгаалахын сайдаар томилогдоход өмнөх сайд нь Улсын баатар, армийн генерал Б.Дорж гуай ажлаа аавд хүлээлгэж өгч байсан сонин түүхтэй. Б.Дорж гуайн дурдатгалын номд энэ тухай “Байтаг Богдын тулаанд миний туслахаар явж байсан, хөөрхөн барилддаг, улсын начин цолтой Ж.Авхиад сайдын албаа өгөхдөө их сэтгэл хангалуун байлаа” гэж бичсэн байдаг.

-1947 онд баруун хилийн тулгаралтад оролцоод наадмын өглөө шахам ирээд ямар ч бэлтгэл хийлгүйгээр шууд барилдаад начин цол хүртсэн байдаг. Завсарлаагүй бол аварга, арслан цолд хүрэх байсан гэж тухайн үеийн том цолтой бөхчүүд дурссан байсан.

-Аавын барилдсан түүх сонин. Байтаг Богдоос долдугаар сарын 10-нд ирээд Б.Дорж гуай гэртээ буухдаа “Чи барилддаг юм бол маргааш наадмаар барилдаад шувуу, нохойны цол авахыг бодооч” гэсэн байгаа юм. Тэр үед аав гэр бүлтэй болоогүй, ганцаараа Бага Тэнгэрийн аманд гэрт амьдарч байж. Маргааш өглөө нь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь хартал Төв цэнгэлдэх рүү наадам үзэхээр автобусанд сууж байсан гэнэ. Тэгэхээр нь зодог шуудгаа аваад автобусанд суугаад хүрч очоод зургаа давж, улсын начин цол хүртсэн түүхтэй. Тэгээд Алматы руу Морин цэргийн дунд сургуульд яваад гурван жил барилдалгүй завсарласан. Аав энэ тухайгаа “Дайны дараа Орост хоол хүнс муу, мах ховор. Түүнээс болдог юм уу. Бяр тэнхээгүй болчихсон байсан. Нэг жил өнжөөд дараагийн жил нь барилдсан” гэж ярьж байсан. Сургууль төгсөж ирээд улсын наадамд барилдаж дахиад зургаа давж, начин цолоо баталсан. Дахиад В.И.Лениний нэрэмжит Цэргийн академийн хуулийн факультетэд дөрвөн жил суралцахаар явсан. Төгсөж ирээд дахиад наадамд зодоглож тав давжээ. Тэгээд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар томилогдож, тэр жилдээ наадмаар барилдаад зодог тайлсан. Тэр үед НАХЯ-ны сайд асан, дэслэгч генерал Б.Жамбалсүрэн “Чиний төрд хашиж буй алба, энэ барилдах хоёр чинь зохицохгүй байна. Чи үүнийгээ зохицуулаарай” гэж хэлсэн юм билээ. Түүнээс хойш аав барилдаагүй. Хамгийн сүүлд барилдахдаа НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын дарга ажилтай, наадамд дөрөв давсан байдаг юм. Хязгаарын цэргийн таван бөхөөс аав ганцаараа том цолд хүрээгүй юм билээ. Улсын аварга Ш.Батсуурь, арслан Ц.Бадамжсэрээжид, заан Г.Цоодол нар гээд том цолд хүрсэн байдаг юм. Аав нэг удаа “Би бөхөө хөөсөн бол заан, арслан цол хүртэх магадлалтай байсан. Хамгийн гол нь эрдэм ном суръя гэж явсан. Ид барилдах насандаа Орост сурч байсан. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. Эрдэм ном маань ажиллаж амьдрахад минь их сайхан нөлөө үзүүлсэн” гэж бидэнд ярьж байж билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.