Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ташууртай сонгууль

Зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр хэсгийн хороондоо бүртгүүлсэн эмээ энэ сарын 25-нд өдөржин харуулдаад тусыг эс олжээ. Саналыг нь авахаар хүмүүс ирсэнгүй. Гэхдээ маргааш өдөр нь хэвтэрт байгаа хэдий ч тэрбээр Төрийн тэргүүнээ сонгоход заавал оролцож, иргэний үүргээ биелүүлнэ гээд хүүгээрээ үүрүүлж хэсгийн хороондоо очсон байна. Энэ бол төрөө гэх хүндлэл. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч ийм хүндлэл, сонгох эрхээ эдэлж, иргэний үүргээ гүйцэтгэх ухамсар бүрдсэн хүмүүсийн сонголтоор тодорсон нь өнгөрч буй долоо хоногийн содон үйл явдал байлаа. Хэвтрийн хөгшин үүрүүлэн байж саналаа өгч байхад сонгогчдын дийлэнх хувийг эзэлж буй 18-35 насныхан үнэхээр хойрго хандав.

СЕХ-ноос санал өгсөн хүн бүрт 1000 нэгж өгч, цэрэг, цагдаагийн голдуу байгууллагын удирдлагаас “Саналаа өгөөгүй бол цалинг чинь хасна” гэсэн албадлага хэрэглэж “ташуурдаж” байж, жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 63.89 хувь нь саналаа өгчээ. Ирц хүрч, улс төрийн нөгөө хоёр нам нь ч ялалтыг хэрүүл маргаангүйгээр хүлээн зөвшөөрөв. Дахин сонгууль хийж төсвийн мөнгийг салхинд хийсгэх хэрэг гараагүй, будлиан зөрчил болоогүйд ард түмэн баяртай байгаа. Гэвч сонгуулийн жил ирэх бүр сонгогчдын идэвх буурч байгааг анхаарахгүй байхын аргагүй. 1993 онд анхны Ерөнхийлөгчөө сонгоход ирц 92.73 хувь байжээ. Ардчилсан Үндсэн хуулийн дагуу улсынхаа анхны Төрийн тэргүүнийг сонгосон учир иргэн бүр идэвхтэй оролцсон байна. Гэвч үүнээс хойш сонгогчдын ирц тасралтгүй уруудсаар ирэв. 1997 онд 85.06, 2001 онд 83.8, 2005 онд 74.97, 2009 онд 73.59 хувь байсан бол саяын сонгуульд иргэдийн 63.89 хувь нь л улс төрийн сонгох эрхээ эдэлжээ.

Сонгох эрхтэй байхын үнэ цэнийг залуус төдийлэн ойшоохгүй байна. Бидний аав, ээж, эмээ, өвөө үүний үнэ цэнийг мэддэг учраас сонгуулийн өдрийг баярын өдөр хэмээн хүлээж авдаг байлаа. Ахмадууд одон, медалиараа гоёод л сумын төвд баяр наадам болж буй мэт уур амьсгал бүрддэг тухай ном, зохиолоос багаг үй л уншсан биз. Харин энэ удаа “Татар” хамтлагийнхан саналаа өгсөн тодорхой тооны залууст тоглолтын тасалбараа бэлэглэж, үүрэн телефоны бүх компани нэг сонгогчид 1000 нэгж илгээгээд байхад л ирц 2009 оныхоос даруй 10 хувиар буурчихаж. Иймэрхүү “ташуур” хэрэглээг үй бол Ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ анх удаа хоёр дахиж мэдэхээр байлаа. Цаашид өнөөдрийнх шиг механик аргаар ташуурдаад хол явахгүй нь.

Сонгогчдын төрд итгэх итгэл буурсны бас нэг баталгаа бол идэвхгүй байдал мөн. Тиймээс шинэчлэл, өөрчлөлтийг авчирна гэсэн амлалтдаа эрх баригчид хүрч, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Нөгөө талаас илүү боловсронгуй, дэвшилт аргыг хэрэглэх хэрэгтэй. ХБНГУ-д сонгогчид цахим хэлбэрээр саналаа өгдөг юм билээ. Эрүүл саруул атлаа гэрээс гарахаас залхуураад буй орчин цагийн “цахимжсан” залуусын тэр сэтгэлгээнд нь тохирсон арга санал болгохгүй л бол 2017 онд ирц 50 хувь ч хүрэхгүй байж мэднэ.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.