Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

NBA-ГИЙН ӨНГӨРСӨН УЛИРЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

NBA-гийн 2012-13 оны улирал дурсах зүйл их, дуулиан шуугиан арвин, хурц өрсөлдөөнөөр дүүрэн болж өндөрлөлөө. Ингээд өнгөрсөн улирлын онцлох үйл явдлуудыг эргээд нэг дурсая.

-“Нью Жерси Нетс” баг Бруклин рүү нүүснээр Нью Йорк хот хоёр багтай боллоо. Буурь сэлгэсэн “Нетс” эхний тоглолтоо нэг дошны “Никс”-тэй хийх байсан ч Сэнди хар салхины учруулсан хохирлын улмаас тоглолт цуцлагдсан юм. Ингээд арваннэгдүгээр сарын 3-нд “Торонто”-той тулж, 107:100- гаар буулгаж авсан билээ.

-Бүх оддын тоглолтын санал асуулгад төвийн тоглогчийн байрлалыг оруулаагүй нь онцлох явдал байв. Ингэснээр гарааны бүрэлдэхүүн илүү намхан, хурдтай тоглогчдоос бүрдсэн юм. Сагсан бөмбөгийн хорхойтнууд гурван довтлогч, хоёр хамгаалагчийн байрлалд санал өгч байлаа.

-Арваннэгдүгээр сарын 30-нд лигийн удирдлагууд “Сан Антонио Спэрс” багийг 250 мянган доллараар торгов. Учир нь дасгалжуулагч Г.Попович “Майами Хит”-ийн талбайд хийсэн тоглолтод Т.Данкан, Т.Паркер, М.Жинобили, Д.Грин гэсэн гол тоглогчдоо авч очсонгүй. Тамирчид нь эрүүл саруул байхад гэрт нь үлдээж, үзэгчдийг хүндэтгээгүйн төлөө ийм шийтгэл оноожээ.

-Арванхоёрдугаар сарын 5-нд Коби Брайант 30 мянга дахь оноогоо авч, энэ үзүүлэлтэд хүрсэн тав дахь тоглогч боллоо. Өмнө нь К.А.Жаббар, К.Мэлоун, М.Жордан, У.Чемберлен нар 30 мянгын босгыг даваад байлаа.

-Арванхоёрдугаар сарын 21-нд “Денвер Наггетс” баг “Портлэнд”-ийн эсрэг тулаанд холын зайн 22 шидэлт гүйцэтгээд нэгийг нь цагаригт оруулж чадсангүй. Энэ нь лигийн бүх цаг үеийн анти-рекорд юм. Сонирхолтой нь хэдхэн хоногийн өмнө “Портлэнд” холын 20 шидэлтээ дараалан алдаж, тааруухан амжилтын эзэн болоод байж.

-Нэгдүгээр сарын 8-нд “Лейкерс”- ийн холбогч С.Нэш карьерийн 10 мянга дахь оновчтой дамжуулалтаа өглөө. Өмнө нь дөрвөн хүн (Ж.Стоктон, Ж.Кидд, М.Жексон, М.Жонсон) энэ амжилтад хүрээд байв. Канад холбогч энэ улиралдаа Мэжик Жонсоныг гүйцэн бүх цаг үеийн дөрөвт бичигдэх болсон юм. Одоогийн тоглогчдоос хамгийн ойрхон нь “Денвер”-ийн А.Миллер бөгөөд 7956 оновчтой дамжуулалт гүйцэтгээд байгаа аж.

-Нэгдүгээр сарын 16-нд Леброн Жеймс хамгийн залуудаа 20 мянган оноо авсан тоглогч боллоо. Энэ өдөр “Хаан” Жеймс 28 нас, 17 хоногтой байжээ. Өмнөх рекордыг К.Брайант эзэмшиж байв. Түүнчлэн энэ өдөр Леброн карьерын 5000 дахь оновчтой дамжуулалтаа өгсөн байна.

-Нэгдүгээр сарын 27-нд Ш.Мэрион карьерын 1000 дахь тоглолтдоо оролцжээ.

-Хоёрдугаар сарын 18-нд “Лос Анжелес Лейкерс” багийн эзэн Жерри Басс өвчний улмаас 80 насандаа таалал төгслөө. Тэрбээр “Лейкерс”-ийн эзэн байхдаа энэ багийг үргэлж лигийн шилдгүүдийн нэг байлгахыг хичээж, тэр зорилгодоо ч хүрч чадсан юм.

-Хоёрдугаар сарын 27-нд Тим Данкан өөрийн карьертаа 13 мянга дахь удаагаа самбараас бөмбөг авчээ. Өмнө нь 14 хүн 13 мянгын босгыг давж байв.

-Гуравдугаар сарын 22-нд Г.Попович дасгалжуулагчийн хувиар 900 дахь ялалтаа байгуулав. Ингэхдээ ганц багийг удирдан энэ амжилтад хүрсэн нь түүхэнд ховор тохиох явдал болжээ. Өмнө нь Ж.Слоан л “Юта” багтайгаа төдий тооны ялалт байгуулж байв.

-Гуравдугаар сарын 27-нд “Чикаго”-чууд нутагтаа “Майами Хит”- ийн 27 дараалсан ялалтыг зогсоов. “Майами”-гийн хувьд энэ үзүүлэлтээр бүх цаг үеийн хоёрт бичигдэх болсон билээ. 1971-72 оны “Лейкерс” 33 дараалж ялсан нь дээд амжилт юм.

-Гуравдугаар сарын 30-нд Коби Брайант У.Чемберленийг гүйцэн бүх цаг үеийн онооны жагсаалтын дөрөвт орж ирлээ. -Дөрөвдүгээр сарын 6-нд Р.Адельман 1000 ялалтын босгыг давсан найм дахь дасгалжуулагч болжээ.

-Бостоны марафоны үеэр болсон халдлагын улмаас “Бостон”-“Индиана” багуудын тоглолт цуцлагдлаа. Үүнээс болж хоёр баг 81 тоглолттойгоор улирлыг өндөрлүүлсэн юм.

-“Вашингтон Визардс”-ын төвийн тоглогч Жейсон Коллинс тавдугаар сарын 6-нд ижил хүйстэн болохыг мэдэгдэж шуугиан дэгдээв. Америкийн мэргэжлийн спортын түүхэнд өөрийгөө ижил хүйстэн болохыг зарласан анхны эрэгтэй тамирчин нь тэр болжээ.

 

Г.БАЯРСАЙХАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.