Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА

 Гадаад Харилцааны сайд Л.Болд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан байгууллагууд, хүний эрхийн асуудал хариуцсан Алба (АБХЭА)-ны захирал, элчин сайд Жанез Ленарчичийг энэ сарын 24-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Жанез Ленарчич нь ЕАБХАБ-ын АБХЭА-ыг 2008 оноос хойш удирдаж буй  туршлагатай  дипломатч юм. Варшавт төвтэй АБХЭА нь ЕАБХАБ-ын зүгээс манай улсад болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж байгаа юм.     

Уулзалтын үеэр сайд Л.Болд ЕАБХАБ-ын Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд талархалтай байгаагаа илэрхийлэхийн сацуу Монгол, ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Монгол Улс өнгөрсөн 2012 оны 11 дүгээр сарын 21-нд тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд Монгол-ЕАБХАБ-ын харилцаа өнгөрсөн хагас жилийн богино хугацаанд олон чухал үйл явдлаар дүүрэн байсныг онцлон тэмдэглэлээ.  Тухайлбал, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Р.Миглиори 2013 оны 3 дугаар сарын 11-15-нд, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер 2013 оны 4 дүгээр сарын 27-29-нд Монгол Улсад тус тус айлчилсан нь хоёр талын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсон юм. Мөн манай хүсэлтийн дагуу ЕАБХАБ өөрийн Илтгэгчдийн багийг энэ 2013 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо ажиллуулсан нь Монгол-ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, салбар асуудлыг тодорхойлоход үр дүнтэй арга хэмжээ болсныг сайд Л.Болд чухалчиллаа.

ЕАБХАБ-ын үйл ажиллагааг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнээр авч үздэг. Гишүүн орнууд эдгээр гурван үндсэн чиглэлийн хүрээнд зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцон зөвлөлдөж, хамтран ажилладаг. ЕАБХАБ нь Монгол Улстай ч эдгээр чиглэлийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа ажээ. Түүний дотор жендерын эрх тэгш байдлыг дээшлүүлэх буюу улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар боловсруулж буй хуулийн төслийг экспертүүдээр хянуулж зөвлөмж өгөх боломжтой гэдгийг Элчин сайд цохон тэмдэглэлээ.  

Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс ЕАБХАБ-ын Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлэхийн хамт Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагааны гол зорилго нь сонгуулийн явц дахь зөрчил, дутагдлыг илрүүлэх бус, харин тухайн орон цаашид ардчилсан сонгуулиа улам бүр боловсронгуй явуулахад нь ашиг тус бүхий санал зөвлөмж өгөхийг чухалчилдаг болохыг Элчин сайд Ленарчич онцолсон юм.  ЕАБХАБ-аас ИБУИНВУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын сонгуулийг ч  ажиглаж, санал зөвлөмж  өгсөөр иржээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.