Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүхийн чухал материалыг хятадуудад өгсөн архивынханд эрүүгийн хэрэг үүсгэв

Архивын ерөнхий газарт хадгалж байсан Манжийн үеийн архивын чухал баримтуудыг манай хэсэг эрдэмтэн судлаач Хятадын талд өгсөн асуудал зарим хэвлэлд гарч, олны анхаарлын төвд ороод байгаа. Энэ асуудалд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон талаар прокурорын байгууллагын эх сурвалж өгүүлсэн юм. Одоогоос 237 жилийн өмнөх архивын баримтыг БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Хил хязгаарын түүх, газар зүйг судлах төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, хууль, журам зөрчин түүхийн чухал ач холбогдолтой баримтыг Хятадын талд хуулбарлуулсан гэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.

БНХАУ-ын дээрх байгууллагынхан “Танайд хадгалж байгаа Манжийн үеийн зарим баримтыг хуулбарлан ном болгон хэвлүүлье, хэвлэхтэй холбоотой бүх зардлыг нь даая” гэсэн санал тавьсан аж. Энэ дагуу Архивын ерөнхий газрынхан Хүрээ сайд буюу Хүрээнд сууж хэрэг шийтгэгч Манж сайдын яамны хуулга дансыг хуулбарлуулахаар тохиролцсон аж. Ингэхдээ тус газрын эрх мэдэлтнүүд нь эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, хууль, журмаа ч үл ойшоосон нь хууль сахиулах байгууллагынхны хараанд өртсөн бололтой юм. Тухайлбал, Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Төрийн өмчид хамаарах архивын эх баримтыг хувьчлах, бусдад худалдах буюу бэлэглэж болохгүй” гэж заажээ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Иргэн хуулийн этгээд төрийн архивын баримтыг ашиглахдаа Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний хөлс төлнө” хэмээжээ.

Гэтэл хуулийн энэ заалтыг зөрчин БНХАУ-ын тал 146 мянган нэгж баримтыг ямар ч үнэ төлбөргүйгээр хуулбарлаж авсан байгаа аж. Архивын ерөнхий газрын даргын баталсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”-ын дөрөвдүгээр зүйлийн 13-т “Хууль хяналтын байгууллагад албан бичгийг үндэслэн архивын лавлагаа үнэ төлбөргүй олгох”- оор зааснаас бусад бүх байгууллага, судлаач эрдэмтэд байсан ч төлбөрийг нь авахаар журамласан аж. Улмаар 1674-1910 он хүртэлх архивын баримтыг гадаадын иргэнд 3000 төгрөгөөр олгох, скайнердэж хуулж авах тохиолдолд дээрх үнийн 50 хувийг нэмж авахаар журамд заажээ. Дээрх 146 мянган нэгж баримтыг уг журмын дагуу тооцож үзэхээр нэлээд олон сая төгрөгийн орлого Архивын ерөнхий газар, улсын төсөвт орохоор байж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.