Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Батхуягийн ялыг Нийслэлийн шүүх хөнгөрүүлснийг буруу гэж үзлээ

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон ялтнуудын өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн өчигдөр хянан хэлэлцлээ. Д.Батхуяг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогттой бүлэглэн 2009, 2010 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, 106 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр бусдад олгон, тус газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж ихээхэн хор уршиг тарьсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Мөн АМГ-аас 2009 оны есдүгээр сарын 5-25-нд явуулсан геологи, хайгуулын ажлын тайланг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтаар “Саусгоби сэндс” компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хуульд заасан доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдож, тус компанийн дөрвөн лицензийг хуулийн дагуу цуцлах тухай дүгнэлт гарсан байхад Д.Батхуяг тус компанийн ашиг сонирхлыг хамгаалсан юм. Улмаар лицензийг нь цуцлалгүй, үүссэн нөхцөл байдлыг ашиглан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутагт байрлах Хайрхантолгой нэртэй 72499 га талбай бүхий, 42.8 сая тонн нүүрсний нөөцтэй ашигт малтмалын 5261X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Л.Даваацогтоор сэргээлгэж, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-нд найз С.Жаргалсайханыхаа “Зэлэм” компанид шилжүүлэн, хахууль авчээ. Энэ гэмт хэргийг Д.Батхуяг зохион байгуулж, Л.Даваацогт гардан гүйцэтгэж, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нар хамжигчаар оролцсон гэж Баянгол дүүргийн шүүх үзсэн юм. Улмаар Д.Батхуягийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан жил зургаан сар, Л.Даваацогтод төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт таван жил нэг сарын хугацаагаар хорих ял ногдуулсан.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж 106 лиценз олгосон шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Түүнээс гадна хээл хахууль авч сэргээсэн “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Харин Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцээд Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил зургаан сар хорихоор болгон өөрчилсөн юм. Улсын Дээд шүүхийн хянал тын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Харин давж заалдах шатны шүүхээс ялтнуудад оноосон ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж дүгнэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээв. Мөн хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрлийн тухайд лиценз эзэмшигч компаниуд сонгон шалгаруулалтад оролцож лицензээ дахин авах эрх нээлттэй үлдэж байгаа талаар Дээд шүүхийн тогтоолд тусгахаар болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.