Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль бус захирал

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар гавьяат эмч Л.Жамбалжавыг түр хугацаагаар томилжээ. Тэрбээр энэ албыг түр хашиж буйгаа умартан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн захирлын сонгон шалгаруултад оролцогчид нь шалгуурт тэнцээгүй таван эмнэлгийн нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв. Л.Жамбалжав эмч тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад ороогүй бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захиралд өрсөлдсөн ч Б.Бямбадорж хамгийн өндөр оноо авч захирлаар томилогджээ. Мэс засалчаас эхлэн Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн эмч, ахлагч, эмнэлгийн дарга болон Эрүүл мэндийн яамны газрын даргаар гурвантаа сонгогдон ажиллаж байснаас харахад салбарын туршлагатай боловсон хүчний нэг гэдэгтэй маргах аргагүй. Гэхдээ тэрбээр гэмтлийн эмнэлгийн захирлын албанд хууль бусаар томилогдсон байна.

Л.Жамбалжав эмч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхдаа 2011 оны есдүгээр сард өндөр насны тэтгэврээ тогтоолгож, хуулийн дагуу 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж аваад гавьяаныхаа амралтад суусан аж. Тэтгэвэрт сууснаас хойш төрийн албанаас хөндийрөөд байсан бол намын гишүүн нь Эрүүл мэндийн сайд болон дэвшихэд зөвлөхөөр нь томилогдон яаманд тухлаад байв. Энэ томилгоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40-ийн нэгийн гуравдугаарт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэсэн заалтыг зөрчлөө. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн 2013 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 74 тоот тогтоолоор Л.Жамбалжав өндөр насны тэтгэвэрт суусан тул төрийн удирдах албан тушаалд томилох боломжг үй тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөлд илгээсэн ч хайхарсангүй. Туршлагатай хүн байж болох ч хуульд захирагдах нь хүн бүрийн үүрэг. Тэтгэвэрт суучихсан хэр нь холбогдох хууль дүрмийг зөрчин байж эмнэлгийн даргын алба хашиж яваа тэрбээр холыг харж, хоёрыг бодож байгаа бололтой. Ажлаа хүлээн аваад 10 гаруйхан хоносон ч нарийн бичгийн даргыг өөрчилж, өрөөндөө засвар хийлгэж, машинаа голон, жолоочоо ч солиод амжжээ. Тэрбээр өмнө нь тус эмнэлгийн захирлаар хоёр удаа сонгогдохоор санаархсан ч бүтэлгүйтэж байжээ.

Эхлээд 1999 онд эмнэлгийн даргаар томилогдсон ч хамт олон нь хүлээн зөвш өөр өөгүй. Хоёр дахь удаагаа захирлын сонгон шалгаруулалтад ороод ялагдсан. Харин гурав дахиа улс төрийн үзэл баримтлал, намын харьяаллаар сонгогдож хүслээ биелүүлэв. Гэхдээ тэр албан ёсоор батлагдсан захирал хараахан биш ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж бат итгэсэн явах юм. Захирлын албыг түр хугацаагаар хаших томилолт авчихаад мөнхийн суудалд суусан мэт ширээ сандлаа шинэчилж, машинаа гоочлох нь хачирхалтай. Төрийн удирдах албан тушаалд томилогдчихоод “Манай намын гишүүд УИХ-д байна. Эрүүл мэнд, Сангийн сайдын алба хашиж байна. Та нар намайг байгаа дээр ашиглаж ав” гэж эмнэлгийнхэндээ сонгон шалгаруулалтаар биш намын харьяаллаар томилогдсоноо ил тод, эрээ цээргүй зарлаж суугаа сурагтай. Эмнэлэг улс төрөөс ангид байх ёстой.

Н.Удвал сайд “Би эмнэлгийн салбарыг улс төрөөс ангид байлгана” гэж ярсныг мартах хугацаа өнгөрөөгүй. Гэтэл түүний томилсон дарга гэмтлийн эмнэлгийг улс төрийн тогоотой андуурчээ. Гэмтлийн эмнэлгийнхэн өдөр шөнө, цаг наргүй дайн байлдаантай киноны мэт хүнд нөхцөлд ажилладаг. Эрүүл мэндийн яамны харьяа гурав дахь шатлалын эмнэлгүүдээс хамгийн их ачаалалтай, хамгийн хүнд нөхцөлд ажилладаг нь энэ эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд. Гэтэл ийм эмнэлгийн захирал ажил ярихын оронд ам ангайвал улстөржих болжээ. “Эмнэлэг дотор илүү дутуу хэл ам гаргавал хоногийн хоолноосоо сална гэж мэд. Би бүгдийг чинь толинд харсан мэт мэдэж байна” хэмээн сүрдүүлж, ачаалал ихтэй ч ажилдаа сэтгэлээ өгсөн хүмүүсийг хардаж сэрдэн хамт олны уур амьсгалыг эвдэж байна.

Гэмтлийн эмнэлгээс гадна Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргыг сонгон шалгаруулах зарыг дахин гаргах гэж байна

 Э.Оргил

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.