Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Цогтбаатарыг албан тушаалаас нь зайлуулах гэсэн явуулга гэж эхнэр нь мэдэгдэв

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Монголд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхарт Клойберын хэрэгт холбогдуулан УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах өчигдөр сэтгүүлчдэд хандав.

Тэрбээр “Хууль хяналтын байгууллагаас нөхрийн минь талаар огт баримтгүй, хэт нэг талыг барьсан мэдээлэл байнга цацаж байна. Миний нөхрийг цагдан хорьсноос хойш найм хонолоо. Анх баривчлахдаа надад дуулгаагүй, хувцсыг нь ч солиулалгүй авч явсан. Хоригдсоноос нь хойш өнөөг хүртэл нөхөртэйгөө уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Уг нь төрийн тусгай албанд хариуцлагатай алба хашдаг, оршин суух хаяг нь тодорхой хүнийг заавал хорих шаардлагагүй, гадуур шалгах боломжтой. Д.Цогтбаатарыг өнгөрсөн гуравдугаар сард ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдсоноос хойш элдвээр гүжирдэх болсон. Энэ удаа цагдан хорьсныг ч би үүнтэй холбож ойлгож байгаа. Миний нөхрийг албан тушаалаас нь зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүний зорилготой ажиллагаа гэж би хардаж байна. Төрийн нууц задруулсан гэх асуудал гаргахад нь албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдож, хэрэгсэхгүй болсон. Гэтэл өөр үндэслэлээр, залилангийн хэрэгт сэжиглэн хорьсон нь ямар ч хамаагүй аргаар нөхрийг минь зайлуулах зорилго байгаа юм байна. Д.Цогтбаатарыг найман жилийн өмнө буюу 2005 онд алга болсон гадаадын иргэнтэй холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Яг тэр цаг үед нь манай нөхөр ОХУ-ын Москва хотод Холбооны аюулгүй байдлын албаны академид сурч байсан. Бид гэр бүлээрээ тэнд амьдарч байсан юм. Үүнийг гэрчлэх олон хүн бий. Би ханийнхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовж байна” гэж ярив.

Тэрбээр хууль бус энэ ажиллагаа үргэлжилсээр байвал тодорхой баримт мэдээллийг удахгүй нийтэд зарлана гэж нэмж хэллээ. Хурандаа Д.Цогтбаатарыг саатуулсантай холбогдуулж ТЕГ-ын ОНХХ-ээс мэдэгдэл гаргажээ. Түүнд “2013 оны хоёрдугаар сарын 21-нд www.news.mn цахим хуудаст Д.Цогтбаатарын талаар анх гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан бөгөөд өөрийн хүсэлтээр албан ажлаасаа түдгэлзэж, холбогдох байгууллагаар шалгуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан төрийн нууц задруулах гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж, гэм буруугүйг нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тогтоосон байна” гэжээ. Дээрх хэрэг шийдэгдсэний дараа буюу энэ сарын 3-нд УМБГ-аас Д.Цогтбаатарыг Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

  Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.